УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийн агуулга нь Монголбанкнаас арилжааны банкуудад тавих хяналт шалгалтыг асуудлын өмнө нь биш урьдчилсан байдлаар хийж, эрсдлийг бууруулахад чиглэсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх явдал юм. 

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ зээлийн хүү буурах эсэхийг тодруулсан. Эл асуултад УИХ-ын гишүүн Б.Жавхлан,"Зээлийн хүү буурах асуудлыг нийгмээрээ хүсч байгаа. Энэ хууль бол банкны ерөнхий зохицуулалтын хууль. Өөрөөр хэлбэл, банкны тогтвортой байдлыг хангах, дунд болон урт хугацааны эрсдлийг бууруулах зорилготой хууль. Ингэснээр шууд бусаар зээлийн хүү бууруулахаас энэ хуулиар шууд зээлийн хүү бууруулах тухай заалт ороогүй" гэв. Мөн Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, "Зээлийн хүүг бууруулахад анхаарч ажиллаж байгаа. Стратегийн баримт бичиг боловсруулж дуусахаар УИХ-д танилцуулах болно" гэсэн тайлбарыг хийж байлаа.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, “Гадны банк Монголд орж ирэх нөхцөл бүрдсэн гэж үздэг үү” гэсэн асуултыг тавьсан. Үүнд нь Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Хууль батлагдсанаар банкны систем тогтворжих, хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгөд эрсдэл үүсэхгүй байх, гүйцэтгэл дээр суурилсан биш эрсдэл дээр суурилсан хяналт шалгалт явуулдаг болох зэрэг нөхцөл бүрдэнэ. Ингэснээр банкны системийн найдвартай байдал сайжирна. Ер нь гадны банк орж ирэх бүрэн боломжтой. Хөрөнгө оруулалтын банкны хууль батлагдвал хөрөнгө оруулалтын чиглэлээр гадны банк орж ирж ажиллах бололцоотой" гэсэн хариултыг өгсөн. Чуулганы хуралдаан тус хуулийн төслийн хэлэлцүүлгээр үргэлжилж байна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг