Мексикийн хууль сахиулах байгууллагын ажилтнууд Веракруз мужийн далайн эргийн дагуух газраас 166 хүний цогцсыг олсон байна.

Мужийн прокурор Жорже Винклерийн хэлснээр, эдгээр араг яс нь хүмүүсийг нэг дор бөөнөөр нь оршуулсан булшин дотор байжээ. Энэ нь Мексикт сүүлийн хоёр жилд олдсон хамгийн том нийтийн булш юм.

Мөрдөгчид уг газрын ойр орчмын 32 булшнаас 144 хүний иргэний үнэмлэхийг олсон байна. Аюулгүй байдлыг хангах үүднээс булшнуудын байршлыг олон нийтэд мэдээлээгүй аж. Мөн тус газраас хувцас болон хүмүүсийн хувийн эд зүйлс олдсон ба хохирогчдын тоог тодорхой гаргахад мөрдөн байцаагчид гол анхаарлаа хандуулж байгаа аж.

Тухайн газарт олон зуун цогцос байна гэсэн мэдээлэл ирсний дараа мөрдөгчид сар орчмын турш дрон, хөрс нэвт харах радар зэрэг төхөөрөмж ашиглан ажиллаж байгаа юм.

Мексик улсад 2006 оноос хойш хар тамхитай холбоотой хүчирхийлэл газар авсан бөгөөд Веракруз муж нь хар тамхи наймаалагч “Зетас” болон “Жалиско” гэсэн хоёр бүлэглэлийн хоорондох цуст тулааны талбар болсоор байгаа юм.

2017 онд тус мужийн нийслэлийн орчим дахь нэргүй нэгэн булшнаас 250 гаруй хүний араг яс олдсон тухай прокурор Ж.Винклер мэдэгдэж байсан юм.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг