ЖДҮ-тэй холбоотой асуудлаар "Нэхүүл" нам бус залуучуудын хөдөлгөөнөөс дөнгөж сая мэдээлэл хийлээ.

Тус хөдөлгөөнийхөн өнгөрсөн долоо хоногт ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас их хэмжээний мөнгө авсан төрийн өндөр албан тушаалтнуудыг эсэргүүцэж "Бид уучлахгүй" жагсаалыг Сүхбаатарын талбайд зохион байгуулсан.

Тэд өнөөдөр мэдээллийнхээ үеэр "ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас их хэмжээний мөнгийг бүлэглэн авсан УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцохыг тулган шаардсан албан бичгийг энэ сарын 14-ний өдөр МУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарт хүргүүлсэн. Хариуд нь УИХ-ын даргаас "УИХ-ын дарга миний бие уг асуудлыг дангаар шийдвэрлэх эрхгүй. Прокурор оруулж ирсэн асуудлыг л УИХ хэлэлцэнэ" гэсэн утга бүхий хариу ирүүлсэн.

Бүлэглэн их хэмжээний мөнгө авчихаад зүгээр уучлалт гуйгаад өнгөрч буй нь ядарсан иргэдээ доромжилж буй хэрэг.

Хамгийн гол нь улсын дээд байгууллага, төрийн уирдлагууд буруу зүйлд хариуцлага хүлээдэг болох нь улс оронд үүсээд буй бэршээлүүдийг шийдэх зөв гарц нь гэдгийг бид ойлгосон. Бид өөрсдөө хэзээ ч улс төрд оролцохгүй. Олонх нь урлаг соёл, бизнес эрхлэгчид байгаа. Бидэнд улстөрд орох ямар ч шаардлага, сонирхол байхгүй. Зөвхөн шударга бус үйлдэлд хариуцлага шаардсан нийгмийг бий болгох зорилгоор нэгдэж байна. Хариуцлага нэхэж, дуу хоолойгоо хүргэдэг үеийг дүү нартаа уламжлуулж үлдээнэ. Цаашид хариуцлага тооцох тухай ярьсаар байх болно" хэмээн мэдэгдлээ.

Мөн тэд "Залуучууд хаагуур юу хийж байна вэ гэдэгт бид тандалт хийсэн. Олонх нь интернет болон бусад тоглоомын газруудаар явж байна. Бид МУИС-ийн урдаас харсан тоглоомын газарт шулуухан хэлэхэд 500 зомби харсан. Эх орон, улсынхаа төлөө дуу хоолойгоо хүргэж нэгдэж байх ёстой залуус тэнд тоглоомонд донтчихсон байна. Бидний энэ жагсаал, эсэргүүцэлд нэгдээч гэхэд хүний урманд тоож харж байгаа ч хүн алга. Улс орны ирээдүй болсон залуус ийм байхад одоо яах ёстой вэ.

Дундаас дээш насныхан болон өвөө эмээ нар биднийг дэмжиж олноор ирж байна. Тэд юу гэж байна вэ гэхээр бид үр хүүхдэдээ ийм нийгмийг өөрсдөө үлдээж байна. Тиймээс ирээдүйг гэрэл гэгээтэй болгохын тулд одоо тэмцэх хэрэгтэй гэж ярьж байна. Эцэг эхийнхээ энэ үзэл бодлыг үр хүүхэд, залуучууд ойлгоод өмнөөс нь ирээд жагсаалд оролцоосой гэж бид хүсч байна" хэмээн ярилаа.