МАХН, Ногоон нам, Иргэний зориг зэрэг улс төрийн намууд өнөөдөр Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн  нөхөн сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр "Эрх баригчид зөвхөн төрийн албанд ажиллаж байсан хүнийг Хэнтий аймгийн нөхөн сонгуульд өрсөлдүүлнэ гэсэн даалгаврыг Үндсэн хуулийн цэцэд өгчихлөө. Яг одоо төрийн албанд ажиллаж байгаа, Хэнтийн иргэдийн итгэлийг даагаад УИХ-ын гишүүнээр сонгогдчих хүн байна уу. Ийм хүн байгаа гэдэгт би итгэлгүй байна. Энэ үйлдэл нь МАН 42 дугаар тойргийн сонгуулийг хойшлуулсаар байгаад 2020 он хүртэл гацаах зорилготой. Мөн намайг нэр дэвших вий гэж айж байна.

Өмнөх сонгуулиудад намайг нэр дэвшихэд янз бүрийн шалтаг гаргаж өрсөлдүүлээгүй. Энэ удаа өө хайх шалтгаан олдохгүй болохоор сонгууль явуулахгүй байх ажлыг зохион байгуулж байна. 

Намын бага хурлаар надад итгэл хүлээлгэвэл би нөхөн сонгуульд оролцоно. МАНАН-г ялахын төлөө ажиллана. Өнгөрсөн сонгуулиар Монгол ялаагүй юм байна. МАНАН-г ялж байж л Монгол бүрэн утгаараа ялах ёстой байж. 

Мөн Зам, тээврийн хөгжлийн сайдыг томилохгүйгээр үйл ажиллагаа явуулж буй нь хууль бус үйлдэл. Хэрвээ тус яманд мөнгө төгрөг, төсөв санхүүтэй холбоотой гарын үсэг зурж ажил хийж буй бол бүгд хууль бус. Яагаад гэхээр УИХ-аар сонгогдсон хүн хуулийн дагуу үүнийг хийх эрхтэй. МАН зориуд энэ суудлыг эзэнгүй байлгаж, завших гэж байна.

Хэрэв эрх баригчид сонгууль явуулахгүй, дээрээс нь яаралтай чуулган зарлаж яамны сайдыг томилж, 60 тэрбумын хэргээр нээлттэй сонсгол хийхгүй бол бид УИХ-ыг тараах иргэдийн гарын үсгийг зуруулах ажил зохион байгуулна" хэмээн мэдэгдлээ.