Д.Төрмөнх&Ч.Содбилэг "ALL THINGS MUST PASS" (Бүхий л зүйлс арилан оддог) 

Эсэн тайшийн цадиг Кино зохиолч, түүхч хоёрын хамтран бичсэн гурамсан романы дэд дэвтэр нь Битлз хамтлагийн гишүүн Жорж Харрисоны "All things must pass" гурамсан цомгийн нэрээр нэрлэгдсэн төдийгүй "My sweet lord" дуунд зориулав хэмээсэн нь буй. 

Зохиолын гол санаа нь үйлийн үр, урд хойд насны зам мөр, шүтэн барилдлагын тухай Батболд гэдэг залууг тойрсон адал явдлууд гарна. Түүхэн үйл явдлын шугам нь Ойрадын Эсэн тайш дээр тулгуурлаж байна. Алтан ургийн бус хүн Монголын хаан ширээнд суусан, монголыг хүчирхэг болгосон, Мин улсын тавин түмэн цэргийг хоёр түмэн цэргээр ялж хосгүй гайхамшиг бүтээсэн , Мин улсын хааныг олзлон авч хоньчин болгосон гээд үлгэр домог шиг баялаг намтартай, түүх сурвалжид тодоор үлдсэн хүн билээ. Харин энэ зохиолд Эсэн тайш олзлон авсан Мин улсын Инзун хаанас ихэд айн сүрдэж, өмнө нь бөхөлзөж, баахан дайлж цайлж байгаад буцаасан мэтээр бичжээ.

Тэрбүү хэл Инзун хаан ер бусын хувилгаан рид чадалтай байсан мэтээр дүрсэлсэн нь арай л үнэмшил муутай хэтрүүлэг болжээ. Угтаа Инзун хааныг Мин улс нь огтхон ч тоохгүй, нохойн чинээ үнэлэхгүй байсныг "Ойрадын зурвас" номонд "Мөхөс миний бие нэгэнт их сууринд суусан тул ах Бээжинд буцаж ирээд дахин хаан суухаас нэгэнт өнгөрсөн байна. Тайш та ахыг минь Бээжин зүг хүргэж ирсэн энэ яриангүй их сайн хэрэг болно. Гэтэл олон цэрэг мориор хүргэх хэрэггүй. Зөвхөн арав орчим хүмүүнээр хүргүүлбэл болмуй" гэж олзлогдсон Инзуны оронд хаан ширээнд суусан дүү нь хэл өгүүлэхэд Эсэн тайш энэ байдалд ихэд дургүйцэж "Нохой байтал эзнээ таньдаг юм. Эдүгээ би биеэр хааны чинь хүргэж хотын хаалганы дэргэд ирсэн байтал тосож авах хүмүүн үгүй нь үнэхээр хачирхалтай." гэж хэлээд олзолсон хаанаа аван буцжээ" хэмээн бичсэн байдаг. 

Инзун хаанаар хонь хариулуулж байгаад монгол эхнэр авч өгөөд буцаасан тухай яриа ч бий. "Эрт эдүгээхийн гайхамшигт сайхан үзэгдэл" хэмээх хятадын үлгэр-өгүүллэгийн цоморлиг хорин хоёрдугаар бүлгийн зүүлт тайлбарт "Монголын Эсэн тайш 1449 онд Хятадыг довтлох үед энэ хааныг олзлон авч, хожим 1457 онд гэдрэг тавьж илгээсэн" гэхээс үзвэл олзонд лавтай найман жил орчим суусан болж таарч байна. "Монголын цэрэг Мингийн цэргийн хүрээнд нэвтрэн орж ихэд даран сөнөөж, хэдэн арван түмэн хүнийг алж, шархдуулжээ. Тайган Ван Чжэнь болон бусад 50 гаруй жанжин, түшмэд алагдаж, Мин улсын хаан олзлогдов. Энэхүү явдлыг Хятадын түүхэнд “Туму бянь” буюу “Туму-гийн хувирал” гэж нэрлэдэг. Туму-гийн тулалдаанд Монголын 20 мянган цэрэг, Мин улсын 500 мянган цэрэг оролцжээ. Энэхүү тулалдаан өөрөөсөө хэдэн арав дахин их хүчийг дийлж, сөргөлдөгч улсынхаа эзэн хааныг олзолсон гэдгээрээ дэлхийн түүхэнд ховор үйл явдал билээ" Б.Жамсран "Эсэн тайш" номонд дурдсан байдаг.  "Мин улсын их цэрэг замдаа салхи, борооонд цохигдон тавгүйтэхэд, мод, өвс хүртэл монгол цэрэг шиг харагдах болсныг их түшмэл нь муу ёр хэмээн хаандаа айлтгаж давшилтаа зогсоохыг ятгахад, Ван Чжэнь тайган түүнийг зэмлэж зодсон ажээ" Мингийн цэрэг түшмэд Монголын довтолгооноос үхтлээ айж ирэх замдаа л сүнс нь тонилж байсан аж. 

Тийм байтал Эсэн тайш хөл алдан хүндлэх шалтгаан юу байх билээ. Эсэн тайш алтан ургийн язгууртнуудыг хомроглон алж хядаад хаан суусан ч хожим нь үйлийн үрийн гэсгээлээр өөрөө нохойн үхлээр үхсэн нь тоогүй.  Түүхэн баримтууд нь уран сайхны боловсруулалт үгүй, зүгээр л эх сурвалжийн мэдээ баримтыг хуулан ашигласан юм шиг санагдлаа. 

Орчин цагийн үйл явдал нь ч үнэмшил муутай, хаа нэгтээгээс уншиж байсан хэсэг бусаг үйл явдлууд санаанд бууна. Түүхэн үйл явдал нь одоо үетэй холбогдох сэжим нь Жорж Харрисоны дуунд дуртай Логой гэх залуу "Эсэн тайшийн цадиг" нэртэй зохиол бичиж байгаад оршино. Аль хэдийн үхсэн Батболдын сүнс энд тэндгүй тэнүүчилж  өөрийгөө оршуулуулах гэж ангийн нөхдөө цуглуулж байшинд нь  баахан л хов жив шиг яриа хөөрөө өрнөх юм. 

Ер нь сэтгэл гаргаагүй юм бүхэн нэг л дутуу дулимаг болдогийн жишээ дэд дэвтэрт дахин давтагдав. Эсэн тайшийн тухай гүүглээс хайхад энэ номонд орсоноос ч илүү мэдээлэл авч чадна. Түүхэн уран зохиол гэдэг эх сурвалжийн мэдээ баримтанд тулгуурлан уран сайхнаар бүтээх ёстой болохоос зүгээр л баримтын цуглуулга байж боломгүй. Уран сэтгэмжээр баялаг, уран чадварлаг найруулга бүхий үгийн урлагийн бүтээл байх аваас уран зохиолын амт нь тэр буюу. Бүхэл бүтэн роман шар сонины худал хуурмагаар дүүрэн зохиомол түүх шиг болхи үг хэллэгтэй, ядруухан сэтгэмжтэй байна гэдэг харамсамаар. Дараагийн дэвтэр  Юань улсын Тогоонтөмөр хааны цадиг. Монголын алтан ургийн сүүлчийн хаан Лигдэн хутагт, алтан ургийн бус хүн хаан ширээнд суусан ховор тохиол, домогт хүн Эсэн тайш, Хубилай сэцэний байгуулсан Юань улсаас хөөгдсөн Тогоонтөмөр хаан гээд манай түүхийн нэн сонирхолтой цаг үе, сэдвийг сонгон авсны хувьд дөмөгхөн  бүтээл туурвисан бол. Энэ зохиолд цухас гарч буй "Самар хатан"-ы талаар Б.Сарантуяагийн бичсэн номыг уншмаар  санагдсан  шүү. Алтан ургийн сүүлчийн удмыг амиараа хамгаалсан гайхалтай хатан байж