Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал эмнэлгийн эрсдэлийн үнэлгээний газрын дарга П.Болдбаатараас малын гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийг хянах цахим системийн талаар тодруулга авлаа.


-Сүүнд тавигдах шаардлага хэр сайжирсан бэ?

-Засгийн газрын 2020 оны 130 дугаар тогтоолоор “Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид мөнгөн урамшуулал олгох журам”-ыг баталсан.

Сүүнд тавигдах шаардлага гэдэг дээр мөн ялгаагүй мал эмнэлгийн гэрчилгээтэй байна гэж заасан. Мөн Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн дагуу тухайн малчны мал эрүүл байвал зах зээлд чөлөөтэй нэвтрэх ёстой. Хуулиар хариуцлагын тогтолцоог бий болгосон гэдгээрээ давуу талтай.  Ний нуугүй хэлэхэд өмнө нь малаа турж үхсэн гэж мэдээлснээс шүлхийтэж үхүүлсэн нь дээр гэдэг үг хүртэл малчдын дунд байлаа. Нууц биш шүү дээ. Одоо бол 24 цагийн дотор малын эмчдээ заавал мэдэгддэг болсон. 


-Малын гаралтай түүхий эдийг найдвартай эсэхийг хэрхэн шалгах вэ?

-“Засгийн газрын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор “Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль” хэрэгжүүлэх зорилготойгоор Мал эмнэлгийн ерөнхий газрыг байгуулсан. Мал эмнэлгийн ерөнхий газраас дээрх хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор мал амьтны шилжих хөдөлгөөнийг нарийвчлан тогтоох, малын гаралтай бүтээгдэхүүний ариун цэвэр гарал үүслийн баталгааг хангах зорилгоор ШХА-ийнНАМЭМ төсөл хөтөлбөртэй хамтран ажиллаж, орон нутгаас ирэх мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээг цахимжуулж, эцсийн бүтээгдэхүүнийг ариун цэврийн баталгаажуулалтай бар кодтойгоор худалдаалах системтэй боллоо.

Иргэн та гар утсаараа тухайн махны бар кодыг л уншуулахад болно.

Ногоон алт-малын эрүүл мэнд төслийнхөн мал эмнэлгийн нэгдсэн гэрчилгээний системийг хийж өгсөн. Энэхүү систем Малын эрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд асар их дэм болсон гэдгийг онцлон хэлэх ёстой. Манай систем дээр Монгол Улсын малтай бүх айлын мэдээлэл бий. 


-Ямар шалгуураар сүүг эрүүл аюулгүй гэдгийг батлах вэ?

Сүү өгсөн бол гэрчилгээ нь өдөр, цаг минуттай нь гарч ирдэг. Малчин нүүж нутаг сэлгэхэд эсвэл мах сүүгээ тушаахад тухайн регистрээр нь шүүхэд боомын вакцин, туулга хэзээ хийгдсэн нь шууд харагдана. Өөрөөр хэлбэл малын эмч тухайн айлын малд авсан арга хэмжээ дээр үндэслээд тэрхүү айлаас гарсан сүү эрүүл аюулгүй гэдгийг баталж гэрчилгээ олгож байгаа юм. Тухайн жилд малчин айлын хэдэн малд яг ямар арга авах вэ гэдгийг системд оруулдаг.  Сумын мал эмнэлгийн тархвар судлаач нь тухайн нутаг дэвсгэр дээр ямар өвчний эсрэг арга хэмжээ авч, хэнийх гэж айлын малыг вакцинжуулахаа маш нарийн төлөвлөдөг. 

-Малчид үүнийг хэрхэн хүлээж авч байна вэ?

-Малчид малаа эрүүлжүүлэх үүрэгтэй тул цааргалах зүйлгүй. Хэрвээ малчнаас шалтгаалан алдаа гарвал гарсан зардлыг нь малчин хүлээх хуультай. Төлөвлөснөөр хийгдсэн эсэхийг малын эмч хянаж хөтөлж, байцаагч батална. Гар утас дээрх систем дээр мал эмнэлгийн бүх гүйцэтгэл хийгдсэн малтай айлын нэрс нь ногоон өнгөөр харагддаг, google дээр координатыг заадаг болчихсон. 

 Малын эмч малд вакцин тарихдаа системээ асаахад хаана хийсэн нь автоматаар бүртгэгддэг офлайн системтэй. 

Малд хэрэглэсэн эм бэлдмэлийн түүх ч бас энд бичээстэй бий. Эмийн бүртгэлийн системээс нь аль улсад үйлдвэрлэгдсэн, ямар ААН оруулж ирсэн нь хүртэл харагдана. Хуурамч эм бэлдмэл ашиглах боломжгүй болж байгаа юм. Энэ бол дэлхий нийтийн жишгээр хийгдэж буй ажил. 


-Малын мах, сүүнд эмийн үлдэгдэл байдаг эсэх дээр нэлээн яриа гардаг. Мөшгөлтийн системээр үүнийг хянах боломжтой юу?

-Манайхан малын мах, сүү, эмийн үлдэгдэлтэй гэж янз бүрээр л ярьдаг шүү дээ. Ийм яриа, эргэлзээг мөшгөлтийн систем хязгаарлах аргаар цэгцэлж байна. 

Жишээ нь, малчин Доржийн малд малын эмч ивомек тарьсан бол сүүний эмийн үлдэгдэл гарах хүртэл 28 хоногийн хугацаанд сүлжээнд сануулаад хадгалчихна. Мэдээж энэ хугацаанд ямар ч гэрчилгээ гарахгүй. Гэрчилгээгүй учраас малын мах, сүү, бүтээгдэхүүнээ борлуулах ямар ч боломжгүй. Ийм хязгаарлалтын ажил эхлүүлсэн.

Яг үнэндээ таны регистрийн дугаарыг хийхэд эрүүл мэндийн түүхтэй холбоотой бүх мэдээлэл гарч ирэх болов уу? Гэтэл энэ системийн ачаар бид тухайн малын эрүүл мэндийн бүхий л мэдээллийг ороод харж болж байна.

Ард нь мөшгөлтийн систем, нарийн үе шаттай ажлууд явагдаж байгаа учраас гэрчилгээтэй бол бүрэн баталгаатай гэсэн үг.

Сүү цуглуулалтын системд сүүний компаниудын мэдээлэл бүртгэсэн цаг минутаар орж ирнэ, бүхий л мэдээлэл дата болж үлдэнэ. Үүн дээр гэрчилгээ авах эрх цахимаар үүснэ. Тэгэхээр хэрэглэгчдийг гэрчилгээг нь нэхэж заавал QR кодыг нь ухаалаг утсаараа уншуулахыг зөвлөж байна.