Хүүхэд бага наснаасаа гэр бүл, ойр дотныхонтойгоо хэрхэн харилцаж байсан тэр хэвээрээ л том болж төлөвшдөг. Олон улсын хүүхдийн эрхийн конвенцэд зааснаар хөгжих, оролцох, эрүүл аюулгүй орчинд амьдрах, хамгаалуулах гэсэн үндсэн дөрвөн эрхтэй. Хөгжих, оролцох эрхээр хангагдсаар хамгаалуулах эрх нь ч баталгааждаг гэж үздэг. Заримдаа эцэг эхчүүд хүүхдээ тэмцээн уралдаанд оролцсноор л хөгжиж байна гэж ойлгох нь бий. Гэвч энэ нь өрөөсгөл бодол. Энэ ойлголтыг засаж эцэг эхчүүдэд туслахаар манай төвөөс дэмжиж ажиллаж байна. Хүүхдийн хөгжил гэдэг нь сурч боловсрох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, өөртэй нь холбоотой мэдээллийг цаг алдалгүй хүлээж авдаг байх гээд өргөн хүрээний асуудал. 

 

Харин хүүхдийн хамгаалуулах эрх нь хүүхдийн амьдарч буй орчны нөхцөлтэй түлхүү хамааралтай. 

Өнөөгийн байдлаар нийслэлийн хүн амын 526 мянга гаруй нь хүүхэд. Тэдний 15 орчим хувь нь хамгаалуулах нэн шаардлагатай, 85 хувь нь хөгжих хэрэгцээ шаардлага бий гэж үзсэн. Нийслэлийн  ГБХЗХГ энэ чиглэлээр илүү нарийн судалгаа хийхээр  төвлөрч ажиллаж байна. Жишээлбэл хэд орчим хувь нь хүнд нөхцөлд амьдардаг, хүчирхийлэлд өртсөн эсэх зэргээр судалсаар байна. 

Улаанбаатар хотын хүн амын 51 хувь нь гэр хороололд амьдардаг. Гэр хорооллын орчинд хүүхдүүдийн эрх орон сууцны орчноос илүү зөрчигдөж байна. Тухайлбал гэрэлгүй, зам харгуй тааруутай, зам тээврийн аюулгүй байдал алдагдсан, золбин нохой, согтуу хөлчүү хүмүүстэй таарах гээд хүүхдийн аюулгүй байдалд халдсан орчин их байна. 


   ХҮҮХЭД ӨӨРӨӨ ШИЙДВЭР ГАРГАХ НЬ ОРОЛЦОХ ЭРХЭЭ ЭДЭЛЖ БУЙН ИЛРЭЛ

Багаасаа өөрийн санаа бодлоо хуваалцаж сурснаар өөрийгөө илэрхийлэх, өөртөө итгэлтэй болох чадвар суудаг. Иймд гэр бүлийн, хүүхэдтэйгээ харилцах харилцаа маш чухал. хүүхдийн оролцох эрхийг багаас нь хангаж сургах хэрэгтэй. Эцэг эхчүүд л. Өөрөөр бол зөвхөн сургууль, багш нарын сургах асуудал биш. Түүнчлэн өмнө нь ямар нэг арга хэмжээ, хурал зөвлөгөөн боллоо гэхэд хүүхдүүдийгзаавал ор, ингэж ярь гэж тулгадагбайсан. Энэ нь маш буруу арга барил.

Хүүхэд аливаа асуудалд дуу хоолойгоо хүргэхийн тулд эхлээд өөрт хэрэгтэй мэдээллийг авч, оролцох эсэх шийдвэрийг өөрийн үнэлэлт, дүгнэлтээр гаргах нь хүүхдийн оролцооны хамгийн чухал хэлбэр. 


Мөн ямар ч байгууллага, асран хамгаалагчид хүүхдийн зүйл хийх гэж байгаа бол юун түрүүнд хүүхдүүдийн санаа бодол, хүсэл сонирхлыг сонсож байж шийдвэр гаргах хэрэгтэй. Тиймээс хүүхдээ сонсох өдөр гэж жил бүр тавдугаар сарын сүүлийн долоо хоногийг тэмдэглэх болсон. Энэ өдрийг чухалчлан тэмдэглэснээр хүүхдүүд санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж, оролцох эрхээ эдэлж байна. Орчин үеийн хүүхдүүд үзэл бодлоо илэрхийлэхдээ харьцангуй чөлөөтэй болсон. Хэн нэгнээс хамааралгүй, санаа зовохгүйгээр байр сууриа илэрхийлж чадаж байна. 

Дуу хоолойгоо хүргэсэн хүүхдүүд үе тэнгийнхний дарамт шахалтын талаар асуудал хөндөж эхэлсэн. Зарим нь бүр боловсролын системийн асуудлыг ярьж, багш нарын мэдлэг чадварын талаар ч шүүмж хэлж байсан. Үүнээс нь бид ямар арга хэмжээг, хэрхэн хэрэгжүүлэх шаардлагатай байгаагаа олж харж чадсан. Эцэг эхчүүд, багш, боловсролын байгууллагууд ч хүүхэдтэйгээ мөр зэрэгцэн хөгжиж өдөр бүр шинийг сурч байх хэрэгтэй болж байна. 

Гэр бүл бол хүний нийгэмшлийн анхдагч орчин. “Бяцхан улс төр” гэдэг шүү дээ.  Хүүхдэдээ өөрийгөө хамгаалах, илэрхийлэх чадварт суралцуулах нь эцэг эхээс хамаарна. Иймд эцэг эхчүүд хүүхдийнхээ нас насанд тохируулж харилцах хэрэгтэй.


Хүүхэдтэй харилцана гэдэг бол тэднийг сонс гэсэн үг. Тухайлбал өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд өөрийнхөө найз шиг харьц гэж зөвлөнө. Харамсалтай нь ихэнх нь “Миний үед ийм байгаагүй” гэдэг шалтагаар хүүхдэдээ бодлоо тулгаж, харилцаагаа муутгах нь бий. Өөрийнх нь санаа бодлыг сонсоогүйгээс хүүхэд улам л гөжүүдэлж хүлээж авахыг хүсдэггүй байна.


 Нийслэлийн зуслангууд УБ-ын хүүхдүүдийн 20 хувьд л үйлчлэх хүчин чадалтай 

Сүүлийн хоёр жилд хүүхдүүд гэртээ л цагийг өнгөрөөлөө. Энэ зун мөн зуслангууд УОК шийдвэрийг хүлээж байна. Гэхдээ ажиллана гэсэн төлөвтэйгээр бэлтгэл хангаж эхэлсэн. 

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 20 зуслан бий. Зуны хоёр сар л ажилладаг, бүтэн хүчин чадлаар ажиллаад 30 мянга хүүхэд л хүлээн авах чадалтай. Гэтэл зусланд амрах насны 200 гаруй мянган хүүхэд байдаг. Үүнээс үзвэл нийт хүүхдүүдийн ердөө 20 хувь л зусланд амарч чаддаг гэсэн үг.

Улсын хэмжээнд Найрдамдал зуслан шиг хоёр, гурван зуслан байж  хангалттай хүүхэд хамрагдаж болохоор байна. 

Үүний дээр хүүхэд хөгжлийн төв, цогцолбор ордон байгуулах, шинээр үйл ажиллагаа явуулах шаардлага улам бүр нэмэгдэж байна. “Дүүдүү” боловсролын төв шиг хүүхдүүдийг хөгжих орчноор хангаж байж хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх болно. 

Бид хүүхдүүдийг чөлөөт цагаа зөв өнгөрүүл, утаснаас холд гэж хэлдэг ч яг үнэндээ утаснаас холдоод тоглож наадах, зугаацах, хөгжих орчин газар нь байна уу? Тоглох талбай, ном унших газар хомс байна. Ямар ч зүйлийг хийсэн материаллаг зүйлс, хэрэгцээ шаардагдаж байдаг. 

Нөгөөтэйгүүр хүүхдүүд олуулаа хамт байх газартай болсноор бие биеэнээсээ суралцаж хөгждөг.  Тэгэхээр хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, хүүхдийн хөгжлийг дэмжих, оролцоог нэмэгдүүлэх нь дан ганц ГБХЗХГ-ын хийх ажил биш, бүх шатны байгууллагуудын хамтарсан цогц үйл ажиллагаа хамгийн зөв арга зам юм. 


Бичлэг үзэх: