Өнөөдөр “Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгах” олон улсын өдөр.  Энэ  өдрийг монголчууд 19 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр болоод түүнийг тойрсон эргэлзээтэй асуудлын талаар ярилцлаа. 


-Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр гэж юу вэ? 

-Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр гэдэг нь сургуулиас хөндийрүүлэн, удаан хугацаанд хөлсөөр ажиллуулах, хүнд хүчир биеийн ажил шаардсан, эрүүл мэнд, сэтгэлзүйд нь сөргөөр нөлөөлөх аливаа ажлыг хэлнэ. Манай улсын хувь 2016 оноос хойш хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгах зорилт дэвшүүлж, үйл ажиллагаагаа эрчимжүүлэн ажиллаж байна. 

Монгол Улсын хэмжээнд 5-17 насны хүүхдүүдийн 10 хувь буюу 56 мянган хүүхэд хөдөлмөр эрхэлдэг гэсэн тоо бий. Ажиллаж буй салбараар нь авч үзвэл хөдөө аж ахуй, барилга, уул уурхайн салбарт ажиллах нь түгээмэл байна. Мөн хүүхдүүд олноороо хурдан морь унаж байгаа нь ч тэвчишгүй хөдөлмөрийн хэлбэрт багтаж буй юм. Манай байгууллагын зүгээс хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдтэй холбогдон, зохистой хөдөлмөр эрхлэх чадварт сургахаар ажилладаг. Тухайлбал МСҮТ, сургалтын төвүүдэд зуучлан мэргэшүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хамгаалах аргад суралцуулах гэх мэтээр хамгааллын ажлыг зохион байгуулж байна. 

Нийслэлийн цагдаагийн газар, Улсын бүртгэлийн газар, Хөдөлмөр эрхлэлтийн газартай хамтран албадан хөдөлмөр эрхлэж буй хүүхдүүдийг илрүүлэх, хамгаалах ажлыг жил бүр зохион байгуулдаг. Улаанбаатар хотын хэмжээнд 2020 оны эцсийн байдлаар 726 хүүхэд хүсээгүй ажлаа хийдэг болохыг олж, хамгааллын хариу арга хэмжээг авсан. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 80 хүүхдийг тэвчишгүй хөдөлмөр эрхлэж байгаа тогтоож хамгаалсан.


-Хүүхдийг ямар үед, хэдий насанд нь ажил хөдөлмөр эрхлүүлж болох вэ? 

-Хуулийн дагуу 14 хүртэлх насны хүүхдийг эрх зүйн  чадамжгүй гэж үздэг.  Үүнээс дээш насных бол эрх зүйн хагас чадамжтай гэж үзэн,эцэг эхийн зөвшөөрлөөр ажиллуулж болдог. Ингэхдээ богино цагийн хувиараар, хөнгөн ажил хийнэ. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан, ажлын орчин нөхцөлд л ажиллах ёстой. 12 төрлийн ажлын байранд хүүхэд ажиллахыг хориглосон байдаг. Гэтэл хүүхдүүдийг хүчээр ажиллуулж, хүүхдийн эрхийг нь хязгаарлаж, хаасан тохиолдол гарч байна.  

Насанд хүрээгүй хүүхэд ажиллахыг хориглосон ажлын байрны жагсаалтад хөдөө аж ахуй, ойн аж ахуй, барилга, бөөний болон жижиглэн худалдаа, нийтийн хоолны үйлчилгээний газар, гүний уурхай, саун массаж зэрэг газрууд орно. Эдгээр салбарын байгууллагууд, эцэг эхчүүд мэдээлэл дутмагаас, эсвэл тоомжиргүйгээс хүүхэд ажиллуулсан зөрчил гаргаж байна.

Сурагчдын зуны амралт эхэлж байна. Энэ үед хүүхдийн хөдөлмөр эрхлэлт нэмэгддэг. Учир нь хичээл сургууль байхгүй, багш, сургуулийн хяналт багассанаас тэр шүү дээ. Хүүхдүүдийн зуны цагт гол төлөв хийдэг ажил гэвэл, томоохон зах худалдааны төвүүдийн ойролцоо жиижглэн бараа зарах, зам дагуу машины үнэртүүлэгч, чихэр жимс зарах, орон нутгийн замд жимс ногоозарах гэх мэт ажил хийдэг. Манай байгууллага зүгээс илрүүлэлтийн ажлаа зун эрчимжүүлж, хөдөлмөр эрхэлж буй хүүхдийн эцэг эхэд цагдаатай хамтран хяналт шалгалт хийж, эцэг эхэд сануулж, ноцтой зөрчил гарсан тохиолдолд шаардлагтай арга хэмжээ авч ажилладаг. 


-Хурдан морь унах нь ямар нөхцөлд хүүхдийн эрхийг зөрчдөг вэ?

-Хөдөө орон нутагт иргэд уяачтай гэрээ хийн хүүхдээ явуулдаг. Ингэснээр хүүхдүүд сургуулиас завсардаж суралцахаа больдог. Зарим тохиолдолд сургуульд нэр нь бүртгэлтэй ч сурдаггүй, сурсан нэр зүүлгэх нь ч бий. Хүн харахад наадмын хэдэн өдөр морь унаж байгаа юм шиг харагддаг. Гэвч цаанаа морьтойгоо хамт “сойгддог” гэж хэлж болохоор. Халуун наранд халж, хүйтэн бороонд даарч, морь уяахад шаардлагатай бүх л ажилд их бага хэмжээгээр оролцож хийж байдаг юм шүү дээ. 

Манайхан Монгол ахуй соёлоос үүдэлтэй учраас байх зүйл гэж хүлээн зөвшөөрөөд байдаг. Гэвч манай улсаас өөр хүүхдээр морь унуулж уралдуулдаг улс байхгүй. Ихэнхдээ хамгаалалтын хувцас хэрэглэлтэй, насанд хүрсэн, мэргэжлийн тамирчид морь унаж уралддаг. Олон жил тууштай ярьсаны эцэст хамгаалалтын хувцас өмсөх болсон. Өнгөц харахад бэлгэдэл төдий хувцас мэт боловч хяналт тавьж, хамгаалж байгаа хэрэг юм.


-Хүүхдийг хэт ачаалалтай сургах нь хүүхдийн эрхийн зөрчил болдог гэж сонссон. Яагаад? 

-Хот суурин газрын иргэдийн хувьд хүүхдээ сургуульд явуулж, хичээл тарсны дараа давтлага, үргэлжлүүлээд дугуйлан секцэд хамруулах, тэмцээн уралдаанд ороцлуулах зэргээс байнга ачаалалтай сургах нь сүүлийн үед ихэссэн. Нэг талаас хүүхдээ хөгжүүлж байгаа боловч “Сурах ёстой” гэж хэт тулгах нь хүүхдэд даах ачаалаас нь ихийг өгөхөөр ядарч сульдах, мэдрэлийн ядаргаанд орох гээд асуудал дагуулна. Зарим эцэг эх хүүхдээ тэмцээн алгасахгүй оруулж, амжилт гаргаагүй бол шүүмжилж, дараагийн тэмцээнд бүр шахуу бэлдэх нь бий. Тэр бүр хүүхэд сэтгэлийн дарамтад орж, стресс бухимдалд өртөж байгаа нь хүүхдийн эрхийн зөрчил болно. Нөгөөтэйгүүр хөдөө орон нутагт хүүхдийг хичээлээс нь завсардуулж ахуйн ажил хийлгэх, малд явуулах гэх зэрэг нь ч хүүхдийн эрхийн зөрчил. Эдгээр нь хүүхэд насаа баяр хөөртэйгээр өнгөрөөх, зохистой сурч боловсроход нь саад учруулж байгаа юм. 

Хүүхдийг хэрхэн зөв хөдөлмөрт сургах вэ гэхээр нас насанд нь тохирсон ажлыг л хийлгэх хэрэгтэй. Жишээ нь Японд бага ангийн хүүхдүүдээр анги, танхим, өөрсдийнх нь ширээ сандлыг цэвэрлүүлдэг. Өөрөөр бол өөрийн хүрээлэл дэх өөр хамааралтай ажлыг л хийнэ гэсэн үг. Гэтэл манайхан илүү зүйл шаарддаг. Хүүхдэд хамааралгүй ахуйн ажил, мөнгө олох шаардлагаар хийж байгаа бүхэн нь хүүхдэд ажил хөдөлмөрөөс зугтаах, залхаах нөхцөл бий болгож байгаа юм. Иймд эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн зөв зохистой ажилд сургах ёстойг маш нарийн тогтоож өгөх, анхаарах нэн шаардлагатай байна. 


Подкаст сонсох: