Зарим хүмүүсийн хэрэггүй гээд хог дээр чулууддаг зүйлс өөр нэгний хувьд үнэ цэнтэй байдаг.

Хаягдсан хуучин компьютерийг нүд салгалгүй ширтэж зогсохдоо Фрэди хүү дөнгөж 9 настай байжээ. Амралтын өдөр бүр аавтайгаа хогийн цэг дээр очиж, хэрэгтэй зүйлийн эрэлд гарах нь байдаг л өдрийн нэг. Гэрээрээ дүүрэн эвдэрсэн радио, сэрүүлэгтэй цагийн эд ангиар тоглох түүний туйлын хүсэл нь компьютертэй болох билээ.  Гэвч тарчигхан амьдралд нь боломж дэндүү хомс гэдгийг тэр мэднэ.



24 ам.доллараар авсан эвдэрхий Мак компьютер

Анх 8 настайдаа Фрэди ааваасаа хэрхэн үрчлүүлснээ асууж, хорвоогийн үнэнтэй нүүр тулжээ. Ээж нь түүнийг дөнгөж төрөөд удалгүй  хог дээр хаясан ч сайхан сэтгэлт Натан, түүний эхнэр Бэтти нар өргөж авсан байна. Өөрсдөө олон хүүхэд өргөж авсан ч дөнгөж хоёрхон хоногтой хог дээр хаягдсан хүүг үрчлэн авч, өөрийн хүү шиг өсгөжээ. Амьдралын хатууг амсаж, хөрөнгө мөнгөгүйн улмаас гачигдах өдрүүд байсан ч хайраар дутагдаж үзээгүй гэр бүл түүнийг хүлээн авсан юм. 

Хэдий тийм ч  дунд сургуульд түүнийг “Хаягдмал хүүхэд”, “Гологдмол нэгэн” хэмээн үе тэнгийнхэндээ гадуурхагдаж явсан үе түүнд олон бий. Нэгэнт л үеийнхэндээ дээрэлхүүлж дарамтлуулдаг тэрбээр бусадтай үерхэж нөхөрлөхөөс илүү компьютертэй “найзалж” эхэлжээ.

Нэг өдөр түүний хүсэл биелэх нь тэр. Аав нь өдрийн бодол, шөнийн зүүд болсон компьютерийг нь “Гүүдвилл” гэх хуучин барааны дэлгүүрээс 24 доллараар худалдан авч өгчээ. Баяр хөөр дүүрэн Фрэди нэлээд оролдсоны эцэст хуучин МАК компьютерийн зай нь шатсаныг  сольж зассанаар насан туршийн сайн найзтайгаа танилцжээ.  Үеийн хүүхдүүд нь гадаа тоглож байхад Фрэди сургуулийнхаа компьютерийн лабораторид суучихсан, эвдэрсэн эд зүйлсийг нь засаад суудаг байж. Гурван жилийн дараа Фрэдигийн техниктэй харьцаж буй чадварыг багш нь ажиглаад түүнд анхны ажлын санал тавьсан аж. Ингээд Фрэди цагт 9 долларын цалинтайгаар ажиллаж эхлэв. Мэдээж дуртай зүйлээ хийж буй хүнд мөнгө сонин биш байж. 



600 мянган ам.долларын ажлыг 9 ам.доллароор үнэлүүлсэн нь

Төрөлх Күинси хотод нь усны даралт хэрхэн гарч байгааг хэмжих систем хэрэгтэй болжээ. Фрэдид код бичих сайхан завшаан тохиож, системийг нь бичиж өгөв. Хөлсөнд нь 600 мянган доллар амласан ч Фрэдид шударга бус хандаж цагийн цалинг л өгсөн байна. Дөнгөж 15 настай жаалхүүд тэр үед л хувийн бизнесээ эхлүүлэх итгэл төрж, сургуулиа хаях хүндхэн шийдвэрийг гаргасан байна. 

Гарааны бизнесээ босгох гэж нэлээн хэдэн жил хамаг хүчээрээ зүтгэсэн Фрэдид хүнд сорилт тулгарчээ. Аавынх нь бие муудаж, алцхеймэрийн өвчинтэй гэж оношлогдсон аж. Өглөө сэрэхэд нь аав нь хаашаа ч юм явчихна. Эсвэл шөнө сэрээд ямар нэг киноны дотор орчихсон мэт жүжиглэнэ. Өвчний шинж тэмдэг хүндэрсэн тул асрамжийн газарт өгөхөөс өөр аргагүйд хүрчээ. Харин Фрэди аавыгаа хэцүү үед нь орхиод явахыг хүсээгүй тул ганцаараа гэр бүлийнхээ энэхүү шийдвэрийг эсэргүүцэв.


Чиптэй гутал-Сая ам.долларын санаа

Аавыгаа аврах гэсэн чинхүү хүсэл нь түүний анхны ашигтай ажиллах бизнесийн санаа болно гэж хэн төсөөлөх билээ дээ. Аав нь өглөө хаашаа ч хамаагүй гараад явчихдаг, эрж олоход амаргүй тул гутлын уланд нь 90 мегагерцийн утастай микрофон байрлуулах шийдлийг тэр олжээ. Түүнийгээ зөөврийн компьютертэйгээ холбосон байна. Аав Натаныгаа алга болчихвол шууд микрофоноороо дамжуулан хаана байгааг нь асуух боломжтой болсон хэрэг. Гэвч өөрөө ч хаана яваагаа хэлж мэдэхгүй байсан тул гуталд нь нэмэлтээр байршил заагч байрлуулжээ. Түүний бүтээсэн төхөөрөмж аавыгаа олох гайхалтай шийдэл байв. 

Хожим Фрэди энэ санаагаа 2.2 сая доллараар зарсан нь амжилтынх нь эхлэл болжээ. 2008 онд 21 настайдаа Натан харилцаа холбооны салбарт компаниа байгуулж Америкийн алсмагдмал газруудад утасны 2G, 3G сүлжээг түгээхээр ажиллаж эхэлсэн байна. Одоо түүний хөрөнгө 62 сая доллараар үнэлэгддэг.  2015 онд Натли гэх өмгөөлөгч бүсгүйтэй хуримаа хийж, тэд хөөрхөн охинтой болжээ. Фрэди мөн боломжгүй айлын хүүхдүүдэд боловсрол эзэмших, эрүүл мэндийн үйчилгээ авахад нь туслах зорилгоор өөрийн санг үүсгэн байгуулжээ. 

Түүний ааваасаа өвлөж авсан хамгийн сайхан чанар нь бусдад туслах гэсэн чин хүсэл, нийгэмдээ эерэг өөрчлөлт гаргах гэсэн итгэл найдвар юм. Хүмүүс хэрэггүй гээд хог дээр чулууддаг зүйлс өөр нэгний хувьд үнэ цэнэтэй эд байж мэднэ шүү дээ. 


Эх сурвалж: BBC