Ам цангаад дэлгүүр ортол 20 төрлийн ундаа байя гэж бодъё. Та алийг нь сонгох вэ?

Магадгүй олон сонголт дунд төөрч зогссоноос шуудхан танил харагдсанаа шүүрээд авдаг байж мэднэ. Хэдийгээр сонголт хийгээгүй шахам, шууд нүдэнд туссанаа авсан ч үнэндээ хэдийн далд ухамсарт реклам сурталчилгааны нөлөөгөөр сонголт хийгдсэн байдаг. 

Энэ нь бидний худалдан авалтад маркетингт хэр нөлөөтэйг харуулж буй энгийн жишээ юм. 

Хүний тархи дасаж, хэвшсэн зүйлдээ дурладаг тул өөрт хамгийн ойр мэдрэмж төрүүлэх сонголтыг хийдэг байна. Тухайн барааг хэр олон удаа сонсож, харсан байна төдий чинээ худалдан авах магадлал өндөр гэсэн үг юм. Энэ олон сонголтын дунд бүтээгдэхүүний чанар гэдэг зүйл орхигдсонийг олон жишээн дээр харж болно. 

 

Донтуулах маркетингийн “шид”


Хүн өлссөн үедээ л идэх ёстой атал зарим хүмүүс яагаад гунигласан, уурласан заримдаа цадсан үедээ хүртэл идсээр л байдаг вэ? 


Учир нь сахар, тос, давсны нэгдэл агуулсан хүнс хэрэглэхэд аз жаргалын даавар ялгарч, тааламжтай мэдрэмж төрүүлдэг ажээ. Хэтрүүлэн хэрэглэх үед тархины тааламжтай хэсгийг хариуцсан нейроний үйл ажиллагаа саатаж, удаашралд ордог. Ингэснээр идэх тусам л илүү их иднэ гэсэн үг. Эдгээрийг хамтад нь хэрэглэхэд кокайн, геройноос ч илүү донтуулах үйлчилгээтэйг Ореганы их сургуулийн эрдэмтэд баталсан байна.

Харин томоохон компаниуд үүнийг маш овжин байдлаар ашигладаг.

1.Хүнсийг хэт  их боловсруулдаг

Энэ бол аливаа хүнсний бүтээгдэхүүнээс эслэг, хальс, хивгийг нь цэвэрлэн авч, идэхэд хялбаршуулсан хэлбэр. Гэхдээ боловсруулах явцад оролцсон тос болон бусад амтлагчууд бүтээгдэхүүний шимт чанарыг алдагдуулдаг.



2. Сахар, тос нэмсэн гэдгээ нуудаг

Таны төсөөлөөгүй бүтээгдэхүүнүүдэд үйлдвэрлэгчид сахар тос нэмж илүү амттай болгодог. Айл бүрийн зурагтаар “Эрүүл өглөөний цай” гэж сурталчилдаг “Nestle” брэндийн хивэг, өрмөнцөр үүний тод жишээ юм. Орц жорны мэдээлэлдээ сахар гэж бичээгүй ч зөгийн бал, амт нэмэгч, эрдэнэшишийн сироп гэж бичсэн байдаг. Гэвч үнэндээ бүгд нуугдмал сахар агуулж буй хэрэг.


3. Химийн аргаар гаргаж авсан хуурамч амт нэмдэг.

Таны найруулж уудаг халуун шоколадны цэвэр шоколадны орц тун бага байдаг. Химийн аргаар гаргаж авсан амт, амтлагчууд хүнийг донтуулдаг. Бэлэн гоймонгийн амтлагч нь үүний нэг жишээ юм.


Бид өөрсдөө ч анзааралгүй хоол хүнсний компаниудын маркетингийн хохирогчид болж эрүүл мэнд, санхүүгийн хувьд хохирсоор байна. Тиймээс сонголт хийхдээ хянамгай хандаж, аль болох өөрийн гараар бэлтгэсэн, шинэ хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхийг эрмэлзээрэй.

 Хоолонд донтсон эсэхээ мэдэхийг хүсвэл Quiz бөглөөрэй.