Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал, зөвлөх Г.Тэгшбүрэн дараах зөвлөгөөг хүргэж байна.


#Өөрийгөө таньж мэд 

Ажлын  ярилцлагад орох гэж байгаа залуусыг ерөнхийд нь хоёр ангилж болох юм. Эхнийх нь дөнгөж их сургуулиа төгссөн шинэхэн мэргэжилтэн, нөгөөх нь өмнө хэд хэдэн ажилд орсон,  өөрт тохирох хамт олныг хайж байгаа хүн.

Аль нь ч байлаа гэсэн ажлын ярилцлагад орохоосоо өмнө юун түрүүнд өөрийгөө таньж мэдэх нь чухал. Өөрийгөө танихын тухайд дорнын их гүн ухаантан Лао Цэ “Өөрийгөө танивал ухаантан, бусдыг танивал гэгээнтэн болно” гэж хэлсэн байдаг. Мөн говийн догшин хутагт Данзанравжаа “Өд нь дэвээтэй шувуунд өндөр юуны даваа, өөрийгөө таньсан хүнд амьдрал юуны даваа вэ” хэмээн айлдсан байдаг билээ. 

Өөрийгөө таньж мэдэхийн тулд зан төлөвийн онцлог, оюун ухааны өгөгдөл, бие бялдрын чадамж гэсэн гурван төлөвөө тодорхойлсноор илрэх юм. 

Хүний авьяас билиг төрмөл, сурмал, дуураймал гэж бий. Өөртөө дараах асуултыг тавиад үзээрэй. 

-Та төрөлхөөс заяагдсан ямар авьяастай вэ? 

-Өөрийн хичээл зүтгэлээр сургуульд сурч, олж авсан чадвар тань юу вэ? 

-Хүндэлж дагадаг эрхэм хүмүүн, эцэг эх, эргэн тойрноосоо юуг сурч, үлгэрлэсэн бэ? 


Эдгээр асуултад хариулж чадвал өөрийн амьдралын зорилго, ажил мэргэжлийн хүсэл тэмүүлэл, хөгжиж дэвших амбицаа зөв тодорхойлоход тусална. 

#Танд тохирох байгууллагыг хай

Нэгэнт өөрийгөө таньж, зорилгоо тодорхойлсон бол та цаашид юу сурахыг хүсч байна вэ, ажлын ярилцлгага өгөх байгууллагын зорилго, алсын хараа, таны хүсэл тэмүүлэлтэй уялдаж байна уу гэдгийг судалж мэдээрэй. Тань шиг ур чадвартай, үнэ цэнтэй, хүмүүжилтэй хүнийг хайж буй байгууллага хаана байна вэ гэсэн асуултын эрэлд гар. 

Бизнес эрхлэгчид, байгууллагын удирдлага, хүний нөөцийн ажилтнууд компанийнхаа үзэл баримтлалд нийцэх ур чадвар, зан араншинтай хүнийг сонгохоор хүний нөөцийн бодлогоо тодорхойлсон байдаг. Тэрхүү бодлогод та нийцэж, таны хүсэлд тухайн компани тохирч байж амьдралын аялал эхлэх юм шүү. Ажилд орно гэдэг бол тухайн байгууллагад орж, хамтдаа хөгжиж дэвшье гэсэн үг. 

Ажлын ярилцагын үеэр хүний нөөцийн ажилтнуудын сайхан занг хөдөлгөж, тухайн үеийн сэтгэл хөдлөлөөр хандах хоромхон зуурын асуудал биш. Би залуу хүн гээд байгууллага болгоны хаалга татаж азаа үзэх нь тохиромжгүй. Тийм ч учраас ажилд орохоор сонирхсон  байгууллагуудаа онцгойлон судлаарай.

Бичлэг үзэх: 


#Өөрийнхөөрөө бай

Өөрийгөө таньж мэдээд, өөрт тохирох байгууллага оллоо гэж үзэн тухайн газраа ярилцлага өгөхөөр болвол дараах зүйлийг анхаараарай. “Би энэ байгууллагад, энэ байгууллага ч надад тохирно” гэж итгэсэн бол ярилцлагын үеэр элдэв чамирхал хэрэггүй. Зөвхөн өөрийнхөөрөө бай. Эйнштэйн “Хүнд мэдлэгээс илүү мэдрэмж чухал” гэж хэлсэн байдаг. Би яавал өөрийн мөн чанараа зөв ойлгуулж чадах вэ гэдгээ сайтар ухамсарлаарай. 


Боловсрол гэдэг бол хүмүүжил төлөвшилтэй байна гэсэн үг. Би энэ их сургуулийг төгссөн, хоёр гурван дипломтой гэж ярихаас илүү миний хийж чадах зүйл энэ байна, би одоо ийм зорилго дэвшүүлсэн зэргээр үнэн сэтгэлээсээ бэлдэж, чин сэтгэлээсээ ярилцах хэрэгтэй. Би үнэхээр идэвхи зүтгэлтэй ажиллана гэдгээ удирдлагадаа ойлгуул, харуул. 


Ажлын туршлагын тухайд гэвэл ажилласан газар, жил сараа хэлэхээс илүү тухайн цаг хугацаандаа бодит үр дүнтэйгээр юу хийж бүтээсэн, сурсан бэ гэдгээ л хэлээрэй. 

Албан тушаал ярихаас илүү цаашдаа би яаж мэргэших вэ, сурч дэвших ямар боломж байдаг вэ гэдгийг яриарай. Ингэхгүйгээр би ямар албан тушаалд хэзээ очих вэ, хэдэн сар болоод тушаал дэвших вэ гэдэг бол  ажил олгогчийг үргээх “сонин” яриа болдог. 


Эдгээрийг тоймлон хэлбэл хэлж ярих зүйл тань дандаа өөрийгөө таниулсан, шинж чанарын биш мөн чанарын, хиймэл дуураймал биш үнэн сэтгэлээс гарсан үг байх хэрэгтэй шүү. 


Ажил олгогч талаас ярилцлагад орж буй хүнээс  хардаг гол зүйл: 

Ажил олгогч өөрсдийн хайж байгаа хүн мөн эсэхийг танихын тулд эхлээд зан төлөв нь ямар хүн бэ гэдгийг ажигладаг. Үүнийг таны үг үйлдэл, биеийн хэлэмж, асуултыг хүлээн авч гаргаж буй хариу үйлдэл зэргээс дүгнэх боломжтой. 

Хоёрдугаарт, асуултыг хэрхэн ойлгож, аль өнцөгөөр харж хариулж байна вэ гэдгээр оюун ухааны чадамж, сэтгэх хурдыг анзаарч хардаг. Асуултад хариулахдаа тохирсон үндэслэлээр хариулж, гарц гаргалгаа олж ажил чадаж байна уу гэдгийг тандаж байна гэсэн үг. 

Гуравдугаарт, ажил олгогч дараах асуултад хариулт авч байж шийдвэрээ гаргадаг. 

Энэ хүн өөрийн гэсэн зорилготой юу?

-Тэрхүү зорилгынхоо төлөө ажиллаж байна уу? 

-Зорилго нь энэ ажлын байранд тохирох уу? 

-Манай байгууллага, баг хамт олны зорилготой зохицох уу?

-Зорилгодоо хүрэхийн тулд өөрийгөө хэрхэн бэлдэж байна вэ? 

-Зорилгоо биелүүлэх хүрэх эрмэлзлэл тэмүүлэл бий юу? 

- Залуу хүний хувьд гол цогтой өөдрөг хандлагатай байна уу? 


Эцэст нь хэлэхэд ажил олгогчид төгс хүнийг биш эерэг хандлагатай, үнэнч өсөн дэвших хүсэл тэмүүлэлтэй хүмүүсийг  хайж байдаг юм шүү.