Уламжлалт иогийн багш Л.Баясалмаагаас иогийн талаар мэдвэл зохих зүйл, эрүүл мэндийн ач тус, хичээллэхдээ анхаарах зүйлсийн талаар зөвлөгөөг бэлтгэлээ. 


Хамгийн багадаа зургаан сар хичээллэж байж үр дүнг нь мэдэрнэ


Иог гэдэг хэдхэн хоног эсвэл хэдэн сар оролдоод л үр дүнг нь үзчихдэг зүйл биш. Учир нь тууштай хичээллэснээр хүний биеийг дотроос нь, үндэс сууриар нь засаж, анагаадаг нэгэн төрлийн эмчилгээний арга хэлбэр ажээ. Иймд ганц хоёрхон удаа туршиж үзээд зүгээр л сунгалт юм байна гэж өнгөц дүгнэх нь алдаа гэдгийг Л.Баясалмаа онцлон хэллээ.

Орчин цагийн суугаа амьдралын хэв маягаас шалтгаалан нурууны өвчлөл нэлээд нэмэгдсэн. Үүнийг иогоор засах боломжтой. Гэхдээ эхлээд мэргэжлийн багшаар өөрт тохирсон зөв дасгалыг заалгаж, урт хугацаанд тогтмол хэвшүүлэх чухал ажээ. 

Ингэснээр нурууны төдийгүй дотор эрхтний өвчин эмгэгээ эдгээсэн хүн олон байдаг гэнэ.  

Гэхдээ иог танаас уйгагүй хичээл зүтгэл шаарддаг гэдгийг бүү мартаарай. Зургаан сарын турш тасралтгүй хичээллэж, иогийг амьдралынхаа нэг хэсэг болгон дадуулж байж, үр дүнг нь бие болоод сэтгэлдээ мэдэрч чадна хэмээн тэрбээр зөвлөлөө.


Иога бясалгал хоёр ялгаатай юу?

Иог 5000 гаруй жилийн өмнө Эртний Энэтхэгт үүссэн. Тэр цагт бясалгагч гэгээнтнүүд дотоод амар амгалангаа эрэлхийлэн иогаар хичээллэдэг байжээ. Иог, бясалгал гэж хоёр янзаар хэлэгддэг ч нэг л зүйл ажээ.

Эрт цагт энэ нь гэгээрлийн зам мөр байсан бол өнөө үед дотоод амар амгалангаа олж, сэтгэл зүйгээ тэнцвэртэй байлгахад туслах арга хэрэгсэл болжээ. Үүнийг багахан хэмжээний хөдөлгөөнтэй хослуулбал анхаарлаа төвлөрүүлж сурахад тусалдаг байна.

Анхаарал төвлөрнө гэдэг тусдаа ойлголт юм. Хүн хэдийгээр яг одоо цагт байгаа ч үргэлж өнгөрсөн эсвэл ирээдүй цаг дээр, аль нэгэн бодолд дарагдаж байдаг.

Иогоор хичээллэснээр энэхүү тархинд хуралдсан ядаргаа стресс тайлагдаж, юмсыг илүү бодитоор харж сурна, тухайн цагтаа тайван амгалан сэтгэл хангалуун амьдарч чаддаг, энэ бол иогийн танд өгч буй үнэт зүйл гэдгийг иогийн багш Л.Баясалмаа онцлон хэлэв.


Бичлэг үзэх:


Амьсгал, төвлөрөл, харц

Иогт хамгийн чухал гурван зүйл бий. Энэ бол амьсгал, харц, төвлөрөл юм. Эдгээр нь хоорондоо нарийн уялдаж, харилцан хамааралтай байдаг. Иогчин хүн хамгийн түрүүнд зөв амьсгалж сурдаг. Зөв амьсгална гэдэг хамраараа амьсгал авч, хамраараа гаргахыг хэлнэ. 

Хүмүүсийн ихэнх нь хамраараа авч, амаараа гаргадаг нь буруу аж. Учир нь буруу амьсгалах хэрээрээ илүү их энерги зарцуулж, тэр хэрээрээ шингэнээ алддаг байна. Та өөр дээрээ төвлөрч, өөрийн амьсгалаа чагнаад үзээрэй. Цээж дүүрэн амьсгалж чадаж байна уу, хэр ойрхон амьсгал байна вэ гэдгээ анзаараарай. 


Хүн дунджаар нэг минутад 22 удаа амьсгалдаг. Энэ нь уушгины багтаамж, амьсгалын үйл ажиллагаа тааруу байгаагийн илрэл. Хэрвээ уушги багтаамж сайтай бол уртаар амьсгалж, үүнээс цөөн амьсгалах ёстой ажээ. Иймд иогаар хичээллэхээр амьсгалын тоо багасаж, урт хугацаанд тогтвортой уужуу амьсгалж сурдаг. Иогийг амьсгалтайгаа хослуулснаар бид дотоод эрч хүчээ идэвхжүүлж, өөрийгөө дотроосоо эрүүлжүүлдэг.


Иог уг нь эрэгтэйчүүдийнх…

Хүмүүс “Иогоор эмэгтэйчүүд л хичээллэдэг” гэсэн буруу ойлголттой байдаг.

Үнэндээ анх эрэгтэйчүүд л иог хийдэг байжээ. Сүүлийн 30-аад жилд л эмэгтэйчүүд эрчимтэй хичээллэж эхэлсэн гэв. Иогийн анхан шатны хөдөлгөөнүүдийн дийлэнх нь эрэгтэй хүнд зориулсан байдаг тул хэвшмэл ойлголтоосоо татгалзахыг тэрбээр уриаллаа.


Нийгмийн сүлжээнд иог хийдэг гэхээр нарийн бэлхүүстэй, гоолиг бие галбиртай бүсгүйчүүд л иогоор хичээллэдэг юм шиг харагддаг. Энэ талаар тэрбээр “Хүн биеийн жингээсээ болж иогоос татгалзах нь хамгийн буруу. Хүн өөрийн биеийн онцлогт тохирох хөдөлгөөнийг зөв сонгож сурах нь чухал” гэлээ. 


Эхлээд танхимаар  хичээлж баримжаа аваарай


Сүүлийн үед youtube-ээс хүссэн бүхий л зүйлээ сурах боломжтой болсон. 

Тэгвэл иогийг зайнаас сурах нь хэр зохимжтой вэ гэдэг асуултад тэрбээр хариуллаа. “Сүүлийн үед онлайн иогийн сургалтууд цөөнгүй болжээ. Иогийг биеэ дааж сурах боломжтой хэдий ч  мэргэжлийн багшийн заавар зөвлөгөө, мэдлэг чадвараас суралцах нь хэд дахин илүү үр дүнтэй. Иймээс анхлан суралцаж байгаа бол багшаас ном сурч, цэгцтэй мэдлэгээс эхлэх нь  зөвлөж байна” гэв.


Инстаграм хаяг: