Амралтад явна гэхээр тогоо шанага, хөнжил дэрээ  чирээд хотоос хол хаа нэг газар давхин очдог байсан цаг саяхан. Харин сүүлийн үед манайхны дунд аялал, зугаалга амралтын талаар үзэл хандлага өөрчлөгдсөөр байна. Майхантай аялал, од харах, морин аялал  зэргээр  аяллын төрөл, чиглэл олон янз болсон нь аялагчид ч таатай байх аж. 

Иймд бид сүүлийн үед найзуудаараа, гэр бүлээрээ явахад хамгийн таатайд нэрлэгдэх болсон “Майхан камп”  амралтыг "Очих газар" буландаа онцоллоо. 

Зуны намуухан үдшийг романтик орчин, гэрлэн бөмбөлгөөр чимсэн энэхүү амралтыг тайван бөгөөд тав тухтай хэмээн дүрсэлж болох юм.  


Юугаараа онцлог вэ?

Их хотын шуугианаас хэсэгхэн ч болов амсхийх боломж хотоос ердөө  60 хүрэхгүй км-ын зайд байрлаж байна. Ялангуяа гэр бүл, найз нөхдийн хамт зорин очиход илүү тохиромжтой. 

Энд ирэхдээ заавал хөнжил дэр, аяны хэрэгслүүд гээд  их ачаа авчрах шаардлагагүй.
Майхан кампынхан амрагчдынхаа ая тухыг бодож,  хэрэгтэй гэсэн бүхнийг бэлтгэжээ. 


Бичлэг үзэх: 


Анх яагаад майхантай камп байгуулах санаа төрсөн бэ?

Майхан кампыг үүсгэн байгуулагч У.Золхүү “Анх майхан кампаа эхлүүлэхдээ та газраа сонго, бид майхныг тань бариад өгье гэж зар тавиад ажиллуулж байлаа. Гэтэл хүмүүс яг хаана майхан баривал тав тухтай хонож болохыг мэдэхгүй будилж байгаад хамаг цагаа дэмий өнгөрөөчихдөг юм билээ. Үүнээс болоод майхныг тав тухгүй гэж боддог. 

Тэгэхээр өөрсдөөс нь шалтгаалахгүйгээр бэлэн барьчихсан майханд шууд л очвол тухтай амарч чадах юм гээд майхан камп-аа суурин болгосон” гэлээ.

Өнгөрсөн зун Санзайд цөөхөн манайхантай ажиллуулж байгаад энэ жилээс Цонжин болдогт байрлах болжээ.
 

Ингээд нэгэнт суурин болсон учраас орчны тохижилт, цэвэрлэгээ, тав тухтай байдлыг бүрдүүлэхэд түлхүү анхаарах болжээ. 

Тэрбээр өөрөө таван жил орчим гаднын жуулчдад хөтөч хийсэн гэнэ. Ийм туршлагатай хүний нүдээр харахад амралт, аяллыг сайхан болгодог зүйл нь тухтай ор хөнжил, цэвэрхэн бие засах газар, амтлаг хоол гэж дүгнэдэг ажээ.

Хоёр жилин өмнөөс ковид дэгдэж, жуулчид хүлээн авахаа больсноор нэг хэсэгтээ л учраа олохгүй байсан ч асуудал дундаас гарц олжээ. 


Монголчууддаа гаднын жуулчид шиг хандаж, тав тухтай, чанартай үйлчилгээ үзүүлье гэсэн бодлоос захиалга авч эхэлсэн байна. 


Үйлчилгээ нь хэр вэ?

Майхан кампынхан хүний сэтгэлд хүртэл үйлчлэхийн тулд даарч зутрахгүй, тайван унтаж амрах ор хөнжил, хоол хүнсээ хийж бэлтгэх бүхий л хэрэгслийг бүрдүүлжээ.

Энэ тухайгаа тэрбээр “Нэг л өдөр өнжөөд явна гэж бодохгүйгээр, ирсэн хүмүүсээ ядрааж, тааламжгүй сэтгэгдэл үлдээхгүй байхыг их хичээдэг. Тиймдээ ч цагаан хэрэглэлүүдээ  тогтмол угааж, ариутгадаг. Мөн сайн чанарын хөнгөн, дулаан хөнжлүүдийг сонгосон” гэсэн юм. 

Майхны гадна талбайд тохижуулсан сандал ширээ, шөнийн цагаар гялалзах гэрлэн чимэглэл зэргээс харахад л тэд хэрхэн сэтгэлээсээ чамбай ажилладаг нь мэдэгдэнэ. 

Тохижилт тав тух, ажилчдынх нь эерэг дулаан хандлагыг нь харахаар нэг өдөр ч биш нэлээд хэд хоног үлдчихмээр тийм л тухтай. 

Ташрамд дурдахад монгол орны ширүүн салхинд тэсвэртэй байхаар бодож, майхныхаа загварыг У.Золхүү өөрөө гаргаж, үндэсний үйлдвэрээр захиалж оёулсан гэнэ. 

Зуны үдшийн тэнгэрт одод түгэж, оддын сайхныг бишрэн суух зуур кампын гэрэлнүүд асна. Тэртээх тэнгэрийн одод хажууд буугаад ирчихсэн мэт гэрэлтэнэ. Гэрлийн хажууд хосууд мөр мөрөө дэрлэн суух нь эргэн тойрноо улам л гэрэлтүүлнэ. 

/Үүргэвчээ үүрээд, өөрсдөө майхнаа босгоод аялах сайхан. Гэсэн ч бага насны хүүхэдтэй эсвэл хоног хугацаа давчуу яваа амрагчдад энэ тийм ч таатай биш. Харин майхан кампынхан  аль хэдийн энэ асуудлын учрыг олжээ. /

 Зорьсон газраа ирсэн байхад эндээс олдохгүй зүйл гэж үгүй


Хоолтой юу? 

Хүмүүсийн амралтын газар захиалахаасаа өмнө асуудаг хамгийн чухал асуулт гэж болохоор. 

Амралтаа, аялалаа дурсахдаа ямагт хоол нь бодогддог гэхэд ч хэлсдэхгүй болов уу. 


Сүүлийн үед амт муутай, чанаргүй хоолноос болж аялалын vibe-аа алдахгүйн тулд хүмүүсийн дунд хоол хүнсээ өөрсдөө бэлтгэж, хийх хандлага нэмэгджээ. Тэгээд ч хамтдаа инээлдэж хийсэн гарын хоол унд хамгийн амттай.  

Тиймээс майхан кампын зүгээс гал тогооны хэрэгслийг гаргаж өгөөд хүссэн хоолоо хийх боломжийг нь олгодог. 

Эдний зүгээс олон хүний захиалга авахаас илүүтэй зорьж ирсэн амрагчдынхаа тав тухад илүү  анхаардаг гэлээ. 

Тиймдээ ч ихэвчлэн гэр бүл, цөөхүүлээ яваа найзууд, хосуудын захиалга авдаг учраас хэтэрхий замбаараагүй, дуу чимээтэй, олны хөлийн газар биш. Шөнийн 12 цагаас хойш аль болох бусдаа хүндэтгэж чанга дуу чимээ гаргахгүй байхыг зөвлөдөг байна. 

“Амралтанд шөнөжин ууж наргидаг гэдэг  хэвшмэл ойлголтыг өөрчилж, амралтын өдрүүдээ тайван, өнгөрүүлдэг соёлыг түгээхийг зорьж байна гэлээ.

Зуны үдшийн тэнгэрт одод түгж, оддын сайхныг бишрэн суух зуур кампын гэрэлнүүд асна. Тэртээх тэнгэрийн одод хажууд буугаад ирчихсэн мэт гэрэлтэнэ. Гэрлийн хажууд хосууд мөр мөрөө дэрлэн суух нь эргэн тойрноо улам л гэрэлтүүлнэ. 


Байршил: 

УБ хотоос 56 км орчимд Цонжин болдогийн баруун хойд талд орших Майхан камп  Хосын 3 майхан (хоногийн 70к), гэр бүлийн 10 майхантай (хоногийн 140к).