УИХ-д Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо байгуулагдаж, зөвхөн нийслэл Улаанбаатар хот гэлтгүй орон нутгаас сонгогдсон гишүүд ч нэгдсэн. 

Улмаар Улаанбаатар хотын асуудлыг том зургаар нь харж, шийдвэрлэх гээд Түр хороо байгуулагдсанаар олон давуу тал бий болж байгаа юм. Тэгвэл тус Түр хороо өнөөдөр хуралдаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  Д.Сумъяабазар, Засаг даргын орлогч нар оролцсон юм. 

Хурлаар хотын дүрэм боловсруулахад нийслэлийн иргэдээс санал авна гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар онцоллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүдийн хэлсэн үг, асуулт болоод хариултыг тоймлон хүргэж байна.

Э.Бат-Амгалан: Нийслэл төсвийн орлогоо бие даан захиран зарцуулах зохицуулалтыг хуульд тусгасан

УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо байгуулагдсанаар Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслийн шинэчилсэн найруулгад гишүүдийн саналыг тусгаж, батлах үйл ажиллагааг дэмжихэд онцгойлон анхаарч ажилласан.

Хуульд нийслэл Улаанбаатар  хотын статус буюу бусад засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,  улсын болон орон нутгийн  зэрэглэлтэй хотоос ялгагдах тусгайлсан чиг үүрэг, удирдлага зохион байгуулалтын талаар заасан. Хот эдийн засаг, нийгмийн асуудлаа бие даан шийдвэрлэх бодит чадвартай байх үндсийг бүрдүүлэхийн тулд хуулиар олгосон чиг үүргээс нь хамааруулан улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлдэг болголоо.

Мөн хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, нийслэл хотын хөгжлийн сан бий болгох, үнэт цаас, концесс, бонд гаргах зэргээр төсвийн орлогоо бүрдүүлэх олон талт эх үүсвэртэй байх, төсвийн орлогыг бие даан захиран зарцуулах зохицуулалтуудыг тусгасан. Түүнчлэн Улаанбаатар хотыг олон төвт хот болгох, хүн амын болон дэд бүтцийн хэт төвлөрлийг сааруулах, амьдрах орчныг сайжруулах зорилгоор нийслэл хот дагуул хоттой байх, эдийн засгийн тусгай бүстэй болохоор зүйлчилсэн байгаа.

Улаанбаатар хотын Захирагчийн чиг үүргийг төрийн чиг үүргээс буюу Нийслэлийн Засаг даргын чиг үүргээс ялгаатай байдлаар тодорхойлсон. 

Нийслэлийн Засаг дарга нь хоттой холбоотой асуудлаар Засгийн газарт санал тавих, Засгийн газрын хуралдаанд оролцох байр сууриа илэрхийлэх, хууль санаачлахаас бусад өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газрын шийдвэрийн төсөл санаачлах, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдтэй шууд харилцах онцлог бүхий зохицуулалтыг хуульд оруулсан.

 Энэ нь манай нийт хүн амын 50 орчим хувь нь оршин амьдарч буй нийслэл хотын асуудлыг шууд шийдвэрлэх чухал ач холбогдолтой.

Г.Занданшатар: 2022 он нийслэлийн хувьд онцлог жил

Хуулийн хэрэгжилтийг хангахдаа үндсэн гурван асуудалд онцлон анхаараарай. Нэгдүгээрт, нийслэлийн дүрмийг иргэдийн оролцоотойгоор зөвлөлдөх, санал асуулгаар боловсруулах хэрэгтэй. 

Хотын иргэдийн харилцаа, замын хөдөлгөөний соёлоос эхлээд  хуулиар зохицуулдаггүй харилцааг иргэдийн оролцоотой баталдаг бусад улсын туршлага бий. 

НИТХ санаачилгыг авч, иргэдийн амгалан тайван, эрүүл саруул орчинд ажиллаж, амьдрахад чиглэсэн хотын дүрэмтэй болох нь зүйтэй юм. Иргэдийн нас, хүйс, нийгмийн байдлыг орхигдуулалгүй төлөөлөл сонгож, санал авах нь зүйтэй.  Үүнийг ирэх аравдугаар сардаа багтаан хийх нь чухал байна.

Хоёрдугаарт, эдийн засгийн хувьд бие даасан дагуул хотуудыг байгуулах нь Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах онцгой ач холбогдолтой. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо эдийн засгийн чөлөөт бүсийг Хөшигийн хөндий орчимд байгуулахыг судлаад, Засгийн газартай хамтран ажиллаж байгаа. Зуунмод, Майдар, Хөшигийн хөндий гэсэн гурван хотын нэгдсэн төлөвлөлтийг хийж байгаа. Хууль эрх зүй, газрын харилцаа зэрэгт зөрчилтэй асуудлууд байгааг анхаарахын дээр дэд бүтцийн төлөвлөлтийг хийх нь зүйтэй. Дагуул хотоо түшиглэн дулааны станц, цэвэрлэх байгууламж байгуулах, аялал жуулчлалын бүстэй болох, оюутны хотхоныг дагалдуулж гаргах эсэх гэхчлэн  нэгдсэн зохион байгуулалтад оруулахад Улаанбаатар хотын хөгжлийн бодлогын Түр хорооны гишүүд анхаарч ажиллах хэрэгтэй.

Гуравдугаарт, цар тахлын үеийн халамжаас шалтгаалаад хөрөнгө оруулалтын боломж, бололцоо нэлээд хумигдсан. Шинэ хуулийн хүрээнд нийслэлийн төсөвт томоохон өөрчлөлт хийх цаг болсон. 2022 он нийслэлийн хувьд онцлог жил. Гишүүд нам үл харгалзан иргэдийнхээ төлөө Улаанбаатар хотод тулгамдаж буй олон асуудлыг хамтран шийдвэрлэж, нэгдэж ажиллах хэрэгтэй. Өнгөрсөн 30 жилд бий болсон хотын замбараагүй төлөвлөлт, газар олголтоос ундарсан төвлөрөл, түгжрэл болоод бусад асуудлыг шийдэхээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар сайн ажиллаж байна.


Ж.Чинбүрэн: Дэд бүтцийн асуудлыг шийдсэний дараа газар олгодог болъё

Есдүгээр сарын нэгэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замд тэг зогсолт болох эрсдэл бий.  Тэгэхээр сурагчдыг зориулалтын тээврийн хэрэгслээр зөөх, нийтийн тээврийн асуудлыг шийдэхэд онцгой анхаарч ажиллаарай. Бас нэг чухал асуудал нь газар олголт. 

Газар олгоогүй байхад хүмүүс очоод суурьшчихдаг. Гэтэл цахилгааны асуудлаа шийдээгүйгээс гадна үерийн аман дээр буух тохиолдол олон. Тэгэхээр нийслэлийн дүрэмд энэ талын стандарт тогтоож,  цахилгаан, дэд бүтэц нь шийдэгдсэний дараа газар олгодог болмоор байна.

 Д.Сумъяабазар дарга энэ асуудалд түлхүү анхаарч ажиллаарай. Нийслэлээс сонгогдсон гишүүд бид ч хамтран ажиллах болно.

Б.Саранчимэг: Хариуцлагын тогтолцоог дүрэм, журамдаа тусгаарай

Хариуцлагын тогтолцоог дүрэм, журамдаа тусгаарай. Хариуцлагын тогтолцоо байдаггүйгээс төлөвлөгөөг мөрддөггүй. Өнөөдрийн хотыг бий болгосон ямар ч дарга хариуцлага хүлээж, шүүхээр орсонгүй. Гэтэл хотын ерөнхий төлөвлөлтөөс гадуур газар олгосоор ирсэн. 

Хариуцлагын тогтолцоог маш сайн тусгаж өгч, тэр дарга гарын үсэг зурахдаа зөв зүйл хийж буй эсэхээ ухамсарладаг байхаар оруулж өгөх ёстой. 

Хороо, дүүргийн Засаг даргын үнэлгээг халамж тарааснаар бус, ажлын байр нэмэгдүүлснээр дүгнэдэг болох хэрэгтэй. Тэгвэл аж ахуйн нэгжүүдээ дэмжээд явчих юм.  Одоогийн байдлаар баяр ёслолоор хандив авах, хүүхдийн бэлэг, шинэ жилийн шагнал төдийгөөр аж ахуйн нэгжтэй харилцаж байгаа. Зөвшөөрөлгүй барьсан гараашнуудыг буулгаж байгаа ажлыг үнэхээр сайшааж байна. 

Гараш буулгах шийдвэрийг зоригтой гаргаж, зам барьж, тоглоомын талбай байгуулж байгааг дэмжиж байгаа.

"Дүрэм, стандарт хоёр зэрэг шинэчлэгдвэл оновчтой”

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа “Улаанбаатар хот олон жарны түүхтэй хэр нь өөрийн гэсэн дүрэмгүй. Энэ хотод ийм дүрмээр амьдарна гэдгийг иргэд ойлгохгүй байгаагаас олон хүндрэл үүсдэг.  Гарцаар зам гарна, энд шүлсээ хаяж болохгүй,  зүлгэн дээр гишгэж болохгүй гэдгийг мэдэж гэмээнэ Улаанбаатар хотын иргэн байх ёстой. Тиймээс ардчиллын үзэл баримтлалаар дүрмээ баталж, иргэдийнхээ саналыг авах нь зүйтэй байх. Хотын дүрэм боловсруулах ажлын явц ямар түвшинд байгааг, иргэдийн оролцоог ямар зарчмаар хангах  вэ гэдгийг хотын удирдлагуудаас асуумаар байна" гэв.