Хэдхэн хоногийн өмнө Улсын Их дэлгүүрийн өмнөх талбайд болсон загварын тэмцээн их хотыг өнгө будгаар чимж, олны нүдийг хужирлаад амжсан. Энэхүү "TRASH + FASHION=TRASHION-21" тэмцээнийг Friends of the earth ( FOTE) буюу байгальд ээлтэй найзууд холбооныхон хамтран зохион байгуулсан юм. 

Онцлог нь тэмцээнд оролцсон бүх хувцас, загваруудыг хэн нэгний ашиглахаа больсон, хаясан хуучин хувцсыг дахин загварчилжээ.  

Тэд цаашдаа хуучин эд зүйлс, хувцсаа дахин ашиглахыг таниулах, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг сурталчлах зорилготой гэнэ.  

Хуучин хувцсаа дахин загварчлах, байгальд ээлтэй амьдралын хэв маяг гэж чухам юу болох талаар тодруулахаар “Redesigned Mongolia”-ийн хамтран үүсгэн байгуулагч, дизайнер С.Оюунтай ярилцлаа. 

Тэрбээр анх байгаль дэлхийгээ хайрлая гэсэн чин хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөн урлангаа нээж, хуучин хувцсаа ахин загварчлах сургалт зохион байгуулж эхэлжээ. Хүмүүс хувцсаа хаялгүйгээр өөрчлөөд өмсөнө гэхээр төсөөлдөггүй. Гэхдээ жаахан чиглүүлэхэд л хэн ч байсан гайхалтай загвар гаргаж чаддаг гэнэ. 

Энэ талаар С.Оюун:

“Хуучин хувцсаа загварчилна гэхээр хэцүү, хийж чадахгүй байхаа гэж эмээдэг хүмүүс олон. Үнэндээ ганц нэгхэн зүйл зааж эхлэхэд л тэр хүн өөрөө ч гайхмаар бүтээл урлачихдаг юм. Сургалтад маань суусан хүмүүс сүүлдээ хогийг хог гэж харахаа больчихсон.

Үүнийг яаж ашиглаж болохоор байна, яавал хүнд хэрэгтэй болох нь уу гэж байнга л бодож явна. Зөвхөн хувцас ч биш. Гэрээ тохижуулж ч болно” гэж ярилаа. 


Түүнийг С.Оюун гэдэг. Санхүүч мэргэжилтэй хэдий ч багаас дуртай, хайртай ажлаа сонгож дизайнер болохоор шийдэж, 2019 онд найз И.Урангоогийн хамтаар “Redesign mongolia” урланг нээжээ.


Монголчуудын дунд хуучин хувцас өмсөнө гэхээр хэвшмэл ойлголтоор хандах нь түгээмэл. Харин дэлхий дахинд байгальд ээлтэй амьдралын хэв маяг трэнд болж байгаа юм. Энэ талаар тодруулахад тэрбээр:

“Хувцаснуудаа бүгдийг нь задлаж нэг даавуу болгоод л хаанаас нь нэмж хасах уу гэдгээ их удаан бодож тунгааж байж шийдлээ олдог. Ингээд бодоход илүү их цаг, ур ухаан зарцуулдаг тул шинэ материалаар хувцас хийхээс харьцангуй их хөдөлмөр шаардана. 

Тиймдээ ч дахин загварчилснаар хувцас  давтагдашгүй цор ганц хувь болж, харин ч илүү үнэ цэнтэй болох юм”  хэмээн хариуллаа. 


Байгальд ээлтэй хэрэглээний тухай тэрбээр 

“Хувцсаа хогийн сав руу хаяхаар хар нүхэнд уначихсан юм шиг ор мөргүй алга болохгүй шүү дээ. Хаа нэг газар хог болоод л хэвтэнэ. 

Хогийн цэг дээр очиход өөрийн эрхгүй нулимс унагадаг юм билээ. Бидний хэдхэн удаа өмсөөд хаясан  хувцас овоорчихсон, хөрсөнд “хадаастай” байсан. Ингэж хордсон газар дээр дахин ургамал ногоо ургадаггүй юм билээ. 

Дахин загварчилж хувцас хийхэд шинэ материалаар дизайн гаргахаас харьцангуй илүү цаг хугацаа, хөдөлмөр шаарддаг.

Тэгэхээр байгаль орчноо хайрлахын тулд бид өөрсдийн хэрэглээгээ эргэж харах хэрэгтэй болж байна. 

Хэрэглэж дуусаад хаяхдаа ч биш бүр худалдаж авахаасаа өмнө л үүнийг би хэр удаан хэрэглэх бол, ашиглаж дуусаад яах билээ гэдгээ бодож, сонголт хийх энгийн зүйлсээс л эхэлнэ” гэж зөвлөлөө. 


Хувцас дахин загварчилж, байгальд ээлтэй бүтээгдэхүүнээр бүтээл урладаг 10 гаруй урлан, брэнд, дизайнерууд хамтран “FOTE” байгуулжээ.

Байгаль ээлтэй найзууд холбооны хамтран байгууллагуудтай холбогдохыг хүсвэл : 

Urangoo Ider 

Ойм ногоон урлан

Shambala 2056 engineering campus

Өнгө нэм

Plastic center 

Foody 

Zollo’s ceramic art studio

Moileye 

Green solar energy 

Holio solio

Redesign Mongolia

Тэд байгальд ээлтэй амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлье гэсэн нэгэн зорилго руу өөрсдийн замаар өгсөж буй. Олуулаа нийлж, хамтран илүү том зүйл хийж, хурдан хугацаанд олон хүнд хүргэе гэж шийдснээр ийнхүү хамтрах болжээ. Холбоогоо байгуулаад анхны эвэнтээ зохиосон нь "TRASH + FASHION=TRASHION-21" тэмцээн юм. 

Таны хог гэж хардаг зүйлсийг ийм сайхан урлагийн бүтээл болгож болно шүү дээ” гэж хэлэхийн тулд бүх нийтэд нээлттэй арга хэмжээ зохиовол үр дүнтэй гэж шийдээд энэхүү тэмцээнийг зохиожээ. Уг тэмцээний анхны ялагч П.Чулуунцэцэгийн “Save Ocean”  бүтээлийг танилцуулъя. 


"TRASH + FASHION=TRASHION-21" тэмцээн ялагч П.Чулуунцэцэг

Тэрбээр загваруудаа энэ тэмцээнд зориулж хийсэн бөгөөд ажлынхаа хажуугаар,  тун давчуу хугацаанд хийж дуусгажээ. 

Агуулга: 

Гоо сайхны бүтээгдэхүүнийг амьтан дээр туршихыг эсэргүүцсэн “Save Ralph” хөдөлгөөнөөс хувцас урлах ерөнхий санаагаа авсан гэнэ. Бүтээлээрээ хүн төрөлхтний буруутай үйл ажиллагаанаас болж далай бохирдож, татарч байгаа талаар хөндөхийг хичээсэн байна. Нөгөөтэйгүүр хүний сэтгэл зүйн зан байдлыг холбож илэрхийлэхийг зорьсон гэлээ.  

Тухайлбал эхний бүлгийн загвараа хүн далай хоёр хүйн холбоотой гэдэг санааг өгөхөөр хувцсаа бүхэлдээ далайгаар буюу хөх цэнхэр өнгөөр голлон дүрсэлсэн. 

Эрэгтэй загварын хувцас дээр далайг бохирдуулагч хүчин зүйлийг тод, хурц өнгөөр дүрсэлж хувцасны доод хэсэгт чимэглэсэн. Харин дээд хэсэгтээ далайн зүрх буюу далай дотор амьдрах амьтан ургамлыг шингээсэн байна. 

Тэмцээний анхны ялагч П.Чулуунцэцэгийн “Save Ocean”  бүтээл

Дүр төрх бүрдүүлэлт:

Масктай, амаа үдүүлсэн байдалтай, хөдөлгөөнгүй зогсож байгаа нь мөн л утга учиртай. Хэрвээ далай тэнгисээ энэ мэтээр бохирдуулсаар байвал эцэстээ ямар аюул нүүрлэж болохыг харуулж буй юм. Бидний үр хүүхэд мутацид ороод, энэ мэт ярьж чадахгүй болчихвол яах вэ гэх мэтчилэн асуулт тавьсан өгүүлэмжтэй.


Материал сонголт: Лидрин, жинс зэрэг хурдан урагдаж, задардаг материал сонгосон. 

Загваруудаа урлахдаа хуучин хувцсаар хийснээ мэдэгдүүлэхгүй, аль болох шинэ өнгө төрх гаргахийг хичээсэн. Учир нь хүмүүсийн дунд хүний хуучин хувцас өмсөж болохгүй гэх хэвшмэл ойлголт байдаг шүү дээ. Тиймээс хуучин материалаар ч  шинэ юм шиг хуваалт, загвартай хувцас хийж болдгийг харуулахыг зорьсон юм.

Оюутан байхдаа сэтгэмж ур чадвараа шингээн хийсэн хувцас маань хүн өмсөж болохуйц, амьдралтай ойр байх ёстой гэдгийг маш сайн ойлгосон юм. Хувцсаараа асар олон санаа, илэрхийлэмж өгөхийг зорьсон ч миний загвар хэн нэгэнд хэрэгтэй эд болж чадах уу гэдэг хамгийн том сорилт.

Тиймээс би загваруудаараа утга, санаа өгөхөөс гадна нэг ч болов хүнд хэрэгтэй шинж чанарыг багтаахыг хичээдэг. 

Хувцаслалтын талаар зөвлөвөл?

Загварлаг харагдах нь зөвхөн хувцаслалттай хамаатай ойлголт биш. Хүн эхлээд өөртөө итгэх итгэлийг олж авч байж загварлаг харагдаж чаддаг. Тухайн хүн яг ямар хүн бэ гэдэг илэрхийлэмж хувцаслалтаар тодрон гардаг учир өөрийн онцлогоо мэдэх нь л чухал. Хэвшмэл ойлголтоосоо салах цаг нь хэдийнэ  ирсэн гэж хэлмээр байна. Загварлаг харагдахыг хүсвэл зүгээр л өөртөө дурла. 

Богино хөлтэй, нарийн бэлхүүсгүй байх эсэх нь хамаагүй. Харин ч өөрийнхөө сул тал гэж боддог зүйлээ давуу тал болгож чадвал хүн бүр гайхалтай, загварлаг харагдаж чадна. 

Сошиал хаяг: jukaamukaa