Хуванцар хог хаягдлаас гадна бидний тогтож анзаардаггүй хамгийн хортой хог хаягдлын нэг бол яах аргагүй шил. Хөрсөнд шингэж, задрахдаа дунджаар нэг сая жилийг зарцуулдаг. Хог хаягдлын эсрэг авдаг арга хэмжээ бол дахин боловсруулах. Гэхдээ шилийг дахин боловсруулах шаардлага байхгүй хийгээд уг хаягдлыг бууруулах гарц нь дахин үйлдвэрлэлд оруулж өөр бүтээгдэхүүн болгох. Энэ ажлыг Монголд анх удаа эхлүүлж байгаа талаар “Шинэ шил” ХКК-ийн гүйцэтгэх захирал Б.Булгантай ярилцлаа. 


Шил байгальд шингэдэггүй ч барилгын маш сайн дулаалгын материал болдог 


Шилэн хог хаягдал гэдэг харагдаж байгаа шигээ гэмгүй зүйл биш аж. Гоёл чимэглэлийн нарийн чимхлүүр зүйлс хийх зэргээр дахин ашиглавч энэ нь бидний өдөр тутмын ёроолгүй их хэрэглээний өчүүхэн хэсгийг нь ашиглаж буй юм. Хөрсөнд шингэтлээ сая жилийг туулах шилний хог хаягдал аль ч улсын хувьд толгойн өвчин байсаар иржээ. Учир нь шилийг олон дахин боловсруулахаар шинж чанараа алддаг дутагдалтай. 

Дахин боловсруулж, ариутгаад ашиглалаа ч үр дүн багатай зарлага их шаарддаг аж. Иймээс байгаль орчинд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй шийдэл олсон нь дулаалгын материал юм. 

Энэхүү төслийг санаачлагч Б.Булган “Бид таван жилийн өмнөөс шилэн хог хаягдлыг бууруулах, бүтээгдэхүүн гаргах төсөл, судалгаан дээр ажиллаж байна. Энэ хугацаанд шилийг түүхий эд болгож, барилгын дулаалгын материал үйлдвэрлэхийн тулд олон туршилт хийлээ. Бүтэлгүйтэж, бүдэрсэн олон ажлынхаа үр дүнд цоо шинэ дулаалгын төрлийн бүтээгдэхүүнээ гаргалаа. Одоо нөөц бүрдүүлэлтийн ажилд ханцуй шамлан орж байна. Ирэх жилээс үйлдвэрлэлийн ажил эхэлнэ” гэлээ. 

Манай улс шилний төрлийн бүх бүтээгдэхүүнийг 100 хувь гадаадаас импортлож авдаг. Шил, шилэн бүтээгдэхүүн оруулж ирдэг үйлдвэр, “АПУ”, “Газар шим” зэрэг ААН-үүд эргэн авдаг ч элэгдэл хорогдол зэргээс шалтгаалан дөнгөж 15 хувийг л ашиглах боломжтой. Эдгээр үйлдвэрлэгчид нийгмийн хариуцлагын хүрээнд энэ ажлыг хийдэг ч үнэндээ дахин цуглуулж, угааж ариутгах зардал нь худалдан авснаасаа ч их өртөг шаарддаг төвөгтэй ажил гэнэ. Иймээс сүүлийн үед бүр орхигдоод буй. 

Нийт хог хаягдлын 10 орчим хувийг эзэлдэг шилэн хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байхгүй учраас шууд л хаягддаг гэсэн үг. Ойн цоорхой, голын эрэг дагуу, гуу жалганд хаягддаг шалтгаан нь энэ. Шилний бас нэг хөнөөл нь гал түймэр юм. Архи, ундааны шил наранд халж, шаталт үүсгэж улмаар түймэр дэгдэх шалтгаан болдог гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. 


Тиймээс шилэн хог хаядлаар барилгын дулаалгын материал хийж, эргээд хэрэгцээтэй бүтээгдэхүүн болгохыг зорьсон ажээ. Энэхүү ажлыг дэмжиж үндэсний томоохон үйлдвэрлэгчид болох MCS, АПУ зэрэг компаниуд, “Гялгар уутгүй Монгол” хөдөлгөөн хамтарч байгааг дурдлаа.


Харахад тоосго шиг, барихад хөөсөнцөр шиг хөнгөн...


Манай орны нөхцөлд шилээр барилгын дулаалгын материал үйлдвэрлэх нь шилэн хог хаягдлыг цэгцлэх арга нөгөө талаасаа эрэлттэй зах зээл гэж “Шинэ шил” компанийн гүйцэтгэх захирал Б.Булган хэллээ.

Энэхүү төсөл нь сэтгэл хөдлөлөөр эхлүүлчихсэн ажил биш. Өмнө нь ШУТИС-ийн эрдэмтэн багш нар шилийг хөөлгөх маягаар дулаалгын материал хийж байсан нь амжилттай болсон юм. 

Шилийг барилгын дулаалгын материал үйлдвэрлэхийн тулд шилний хими физик шинж чанарыг өөрчилж, хөөсөн хэлбэртэй болгодог. Үүнийгээ нягтаршуулж, хэвэнд цутгадаг. Гэхдээ бариад үзэхэд хөөсөнцөр шиг л хөнгөхөн. Барилгад ашиглахад барилгын хөөстэй харьцуулахад бат бөх, халууныг тэсвэрлэх чадвартай, гаднаас ус чийг нэвтрүүлдэггүй, дулаан алддаггүй гээд олон давуу талтай ажээ.


  Сая жил хөрсөнд булагдах шилийг нэг удаагийн утасны дуудлагаар хэрэгцээтэй хэрэглээ болгоно


Тэд эцсийн бүтээгдэхүүнээ бий болгож чадсан учраас одоо нөөц бүрдүүлэлтээ хийж байна. Өөрөөр хэлбэл бидний өдөр тутамдаа хэрэглэдэг бүтээгдэхүүний шил, шилэн савалгааны эрэлд гарчээ. Эхний ээлжинд шилэн хог хаягдал ихээр цуглардаг цонх үйлдвэрлэгчдээс татан авалтаа хийж байгаа гэнэ. 

Цаашдаа айл өрх, хувь хүмүүсээс шилэн хаягдлыг татан авах ажлыг системтэйгээр эхлүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр иргэдийн цуглуулсан шилний хог хаягдлыг дуудлагаар авдаг болно гэсэн үг. Нийслэл дотроо шилийг үнэгүй, харин хөдөө орон нутгаас ирэх шилийг тодорхой үнээр худалдан авна гэв.

Шилэн хог хаягдал авч, дулаалгын материал хийнэ гэхэд хүмүүс гайхдаг юм. Зарим нь “Хөөх, шилээр дулаалгын материал хийж болдог гэж үү” гээд олзуурхан хүлээн авдаг. Утсаар бидэнтэй холбогдсон иргэд сайхан ажил эхлүүлжээ, ажлаа заавал үргэлжлүүлээрэй гэж урам өгдөг хэмээн тэрбээр инээмсэглэн ярьлаа.

Аливаа хог хаягдал хөрсөнд задрахгүй байна гэдэг яавч олигтой биш шүү дээ. Шилний хаягдал нь байгальд хаягдсан тохиолдолд сая жилийн хугацаанд шингэн, зөөлөн хөрсийг элэгдэлд оруулах хор нөлөөтэй. Хөрсөнд удаан хугацаагаар задрах шилний метаны хийг ялгаруулдаг байна.

Ярилцлагын бичлэг: