Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ энэ сард болох намын сунгаанд оролцолгүй, албан тушаалаа хүлээлгэн өгнө гэж мэдэгдсэн билээ. Тиймээс Японы дараагийн Ерөнхий сайдаар хэн томилогдох нь олон улсын анхаарлыг татаад байна. 

Тэгвэл улс төрч  бүсгүй Санае Такайчи эрх баригч Либерал Ардчилсан Намаас нэр дэвшихээр болсон аж. Хэрэв ялбал тэрбээр Японы анхны эмэгтэй ерөнхий сайд болох юм. 

Өдгөө 60 настай тэрбээр Ерөнхий сайд асан Шинзо Абэгийн удирдлага доор 2005 оноос хойш Японы засгийн газарт ажиллажээ. 

Сонирхуулахад Дэлхийн эдийн засгийн форумын тайланд дурдсанаар Япон улс нь жендэрийн эрх тэгш байдлын үзүүлэлтээрээ дэлхийн 156 улсаас 120-д бичигддэг ажээ. Ялангуяа улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо хамгийн бага байдаг улсуудын нэг юм. 

Санае Такайчи хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Анх намайг улс төрд хөл тавьж байхад эмэгтэй хүнийг ойшоож үздэггүй байлаа. 30 жил өнгөрчээ. Одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн" гэжээ.