Монгол Улсын нийслэл үүсэн байгуулагдсаны түүхт 379 жилийн ой энэ сарын 29-ний өдөр тохионо. Энэхүү өдрийг угтан хотын удирдлагууд өнгөрсөн амралтын өдөр нийслэлийн анхны шав тавьсан газарт очин, гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

1999-2003 оны хооронд “Хүрээ нүүдэл” төслийн хүрээнд Их хүрээ нүүдэллэн суурьшиж байсан 16 дурсгалт газарт гэрэлт хөшөө босгосон юм. Хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Д.Энхтөр, Ш.Анхмаа, НИТХ-ын төлөөлөгчид, нутгийн удирдлагууд болон иргэд оролцлоо.

Хүндэтгэл үзүүлэх ёслолын үеэр Өндөр гэгээн Занабазарын дүрийг залж, Зүүн хүрээ Дашчойлон хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав тэргүүтэй лам, хуврагууд ном хурж, өсөн дэвжихийн ерөөл айлтгав. Мөн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид ая дууны цэнхэр хадаг өргөсөн юм.

НИТХ-ын дарга С.Амарсайхан “Орчин үеийн хотжилт, суурьшил, дэлхийн хотуудын жишигтэй нийцэн хөгжитлөө явж ирсэн түүхийн эхлэл нь энэ цэг. Түүх, уламжлал, өв соёлоо хадгалан үлдээж, залуу хойчдоо таниулан мэдүүлэх үүднээс жил бүр нийслэлийн удирдлагууд энэхүү гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг. Улаанбаатар хотын хөгжил дэвшил улам цэцэглэн бадарч, Монголчуудын амьдрал үргэлж өөдөө явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” хэмээв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэлийн анхны шав тавьсан газарт жил бүр ирж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Нийслэлийг 16 газар буудаллаж байсан гэж тогтоосон байгаа. Энэ газруудад бүгдэд нь гэрэлт хөшөө босгосон. Хамгийн сүүлийнхийг нь Хэнтийн нуруунд Гүнжийн сүмийн ойролцоо тавьсан. Ирэх жил нийслэлийн 380 жилийн ой тохионо. Энэ тэгш ойг угтаад олон ажил хийж байна. Энэ ажлын хүрээнд нийслэлийн түүхийг тодотгох, ойг угтсан томоохон бүтээн байгуулалт хийх ажлын хэсэг гараад ажиллаж байна” хэмээлээ.

Өдгөөгөөс 379 жилийн тэртээ Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг Халх ноёдын чуулганаар Халх Монголын шарын шашны тэргүүнд өргөмжилж, түүнд зориулан одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын 3-р багийн нутаг Их Монгол, Бага Монгол уулын дунд Ширээт цагаан нуур хэмээх газар “Шар бөсийн орд” өргөөг байгууж байсан нь өнөөгийн Улаанбаатар хотын үүсэл болсон түүхтэй.

Өргөө нийтдээ 28 удаа нүүдэллэж, 16 бууриа засч 1778 онд өнөөгийн Улаанбаатар хотын байгаа газарт буюу Алтан тэвшийн хөндийн Хүн чулууны хонхор хэмээх газарт нүүдэллэн суурьшжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.