Хавхгүй нийслэл 2018” аяныг жилийн турш зохион байгуулж, энэ хүрээнд нийслэлийн ногоон бүсээс 38 хавх хураан авсан талаар Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Ан амьтныг хавхаар барьж гэмтээх, хууль бусаар агнадаг зөрчил дутагдлыг илрүүлэх, амьтныг хориотой аргаар агнаж гэмтээхээс урьдчилан сэргийлж, хамгаалах зорилгоор өрнүүлж буй энэхүү арга хэмжээг өнгөрсөн жил анх удаа зохион байгуулсан бөгөөд  41 хавхыг нийслэлийн ногоон бүсээс хураан авсан байдаг.

Энэ жилийн хувьд Гачуурт хэсгийн байгаль хамгаалагчид 17 , Зуслан хэсэг 13, Партизан хэсэг 8, нийт 38 хавхыг хураан авч, хамгийн олон хавх хураасан хэсэг болон байгаль хамгаалагчдыг урамшууллаа.
Байгаль хамгаалагчдын олсон хавхны ихэнхийг тарваганы нүхнээс олжээ.

Хавх нь амьтны хөлийг хавчин, явж чадахгүй болгох, тусгай төмөр хүрээ буюу уланд бэхэлсэн хоёр хавирга, тэдгээрийг босгож хавчих шахуурга бүхий уян хатан хос гараас бүрдэх ан агнах хэрэгсэл юм. Байгаль хамгаалагчдын үзэж буйгаар ганцхан хавхны цаана жилдээ хамгийн багадаа л 10 амьтны амь байдаг ажээ.