Нийслэлд орон нутгийн өмчит хоёр, хувийн хэвшлийн 17 компани 950 гаруй автобус 89 чиглэлд  700 мянга гаруй зорчигчдод үйлчилгээ үзүүлдэг.

Өнгөрсөн жилийн хувьд түлшний үнэ тогтвортой байсан, тиймээс нийтийн тээврийн салбарт хүндрэл гараагүй. Харин хэдхэн сарын дотор илт нэмэгдсэн нь цаашид нийтийн тээврийн салбар зогсох эрсдэл үүсчихээд байна гэж Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ж.Дамдинсүрэн өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ.

Учир нь шатахууны огцом өсөлтөөс болж нэг автобусанд өдөрт 54 мянган төгрөгийн зардал нэмэгдсэн байна.  Энэ талаараа тус холбооныхон нийтийн тээврийн эргэлтийн зардалд хүрэлцэхгүй байгааг хотын дарга, Нийслэлийн тээврийн газар болон холбогдох газруудад мэдэгдсэн байна.

Энэ оны алдагдлыг зөвхөн шатахууны үнээр ярихад л 5.1 тэрбум төгрөг болсон гэж тэр онцоллоо. Энэ бол зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч хувийн компаниудын алдагдал. Тиймээс бид Хотын даргад энэ асуудлыг шийдэж, алдагдлыг нөхөн олгох, ирэх оны төсөвтөө шатахууны үнийг харгалзан үзэж нэг явалт эргэлтийн зардалд өөрчлөлт оруулахыг хүсч байна гэлээ.

Хэрэв энэ чигээрээ үргэлжилбэл нийтийн тээвэр зогсох ч аюултай, зарим компанийн хувьд одоо байгаа түлшний нөөц ирэх долоо хоногийн даваа гараг хүрэхтэй үгүйтэй байна. Үр дүнд нь нийтийн тээвэрт доголдол гарах юм бол бид хариуцлагыг хүлээхгүй гэдгийг нийтийн тээврийн салбарынхан хэллээ.