Хятадын Гуандун мужид “EHang 184” нисгэгчгүй зорчигч тээврийн нисэх онгоцны туршилтыг анх удаа амжилттай хийсэн тухай Хятадын төв телевиз мэдээлэв.  
 
Уг нисэх онгоцонд суусан зорчигч нисэх онгоцыг жолоодох шаардлагагүй бөгөөд суудал дээрээ суугаад, бүсээ бүслэх л шаардлагатай гэнэ.

“Өдөр тутмын амьдралд ийм төрлийн нисэх онгоцуудыг мөд ашиглаж эхлэх болоогүй учир одоогоор бүрэн бие даан нислэг үйлдэх боломжгүй байна. Энэхүү нислэг нь урьд өмнө нь зөвхөн зөгнөлт кинон дээрээс л хардаг байсан өндөр барилгуудын хооронд нисэх боломжийг энгийн хүмүүст нэг алхмаар ойртуулж байгаа юм” хэмээн Хятадын “EHang” компанийн мэргэжилтэн Хуа Хуажи мэдэгджээ.

Тус онгоц нь цахилгаан зайгаар ажилладаг бөгөөд нэг удаадаа нэг хүн л тээвэрлэх боломжтой бөгөөд зорчигчийн жин нь 100 кг-аас хэтрэхгүй байх ёстой аж. Мөн дахин цэнэглэхгүйгээр 25 минутын турш 500 хүртэлх метрийн өндөрт 100 км цагийн дээд хурдтайгаар нисэх боломжтой гэнэ. 



МОНЦАМЭ