НИТХ-ын дарга С.Амарсайхан өчигдөр НИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар хотын даргаар сонгогдоод буй. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажлын 5 өдөрт багтаж шинэ даргыг батламжлах журамтай.

Өчигдөр НИТХ дахь МАН-ын бүлгээс С.Амарсайханыг хотын даргад дэвшүүлсэн ч өнгөрсөн сард МАН-ын Удирдах зөвлөл болон бүлэг мөн л С.Амарсайханыг дэмжсэн. Тиймээс Ерөнхий сайд батламжлах нь баттай гэж хэлж болно.

Үүнтэй холбоотойгоор С.Амарсайханы оронд НИТХ-ын даргын албан тушаалд хэн очих вэ гэдэг асуулт гарч ирж байна.

МАН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн сард хуралдахдаа С.Амарсайханыг хотын даргад, НИТХ-ын даргад Р.Дагвыг томилох саналд нэгдсэн юм. Хэрэв МАН-ын Удирдах зөвлөлийн энэ байр суурь хүчинтэй хэвээр байж, МАН-ын бүлэг дэмжвэл НИТХ-ын даргад Р.Дагва дэвшинэ.

Тэрээр НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга бөгөөд НИТХ-ын даргын өрсөлдөөнд олонхын санал авч чадах уу, өмнөх НИТХ-ын хуралдаанд С.Мөнхчулуун заалнаас нэрээ дэвшүүлээд олонхын санал авсан шиг өөр нэгэн гарч ирж дэвших үү гэдэг л үлдээд байна.