Уралдаанч хүүхдийн аюулгүй байдал болон даатгалын асуудлаар нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээлийн үеэр нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул "Өмнөх жилүүд шиг дуртай хүүхэд нь, дурын хүний морийг унаад уралддаг байсан асуудал байхгүй болсон. Одоо бол даатгалд хамрагдаж, бүх хүүхэд хамгаалалтын хувцас хэрэгсэл өмсдөг болсон. Өмсгөх ёстой гэдгийг уяачид ойлгосон, хандлага нь төлөвшсөн. Үүнийг сүүлийн гурван жилийн хугацаанд хэрэгжүүлсэн. Уяачдын холбоотой нягт хамтарч ажиллаж байна. 

Энэ жилээс эхлэн хурдан морь унаж буй бүх уралдаанч хүүхэд уралдах үедээ 100.000 төгрөгөөр даатгагдаад, даатгалын нөхөн төлбөр нь 20 сая төгрөг хүртэл байна гээд бид Уяачдын холбоо, холбогдох мэргэжлийн байгууллага, даатгалын компаниудтай тохирчихсон байсан. Ингээд үйл ажиллагаа эхлээд явж байтал нэг асуудал үүссэн. Энэ нь юу вэ гэхээр 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлэл гаргасан.

Мэдээлийн агуулга нь "иргэд уяачид хурдан морь унаач хүүхдээ ямар үнэлгээгээр даатгуулахаа даатгагч талтай харилцан тохиролцоно" гэсэн байсан. Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/ ийм мэдээлэл гаргасан нь даатгалын компаниуд болон даатгалын бүтээгдэхүүнийг баталгаажуулах үүрэг нь хуулийн хүрээнд СЗХ-нд байдаг. Энэ хүрээндээ даатгалын бүтээгдэхүүнээ бүртгээд баталгаажуулаад явж байгаа. 

Гэтэл холбогдох бүх талууд унаач хүүхдийн эрсдэлийн нөхөн төлбөр 20 сая төгрөг байна гээд тохирчихсон байхад харилцан тохиролцоно гэдэг зүйл ороод ирэхээр наадмууд дээр маргаан гарч эхэллээ.

"Харилцан тохиролцож байгаа юм чинь бид заавал 100.000 төгрөг төлөх албагүй, хүүхэдтэйгээ тохиролцоод даатгуулчисан байхад болох юм байна" гэдэг зүйл ярьж байна. Өөрөөр хэлбэл хэдэн төгрөгөөр даатгуулах нь миний дурын асуудал гэдэг асуудал гараад байна. 

Монгол Улс өргөн уудам газар нутагтай. Хаана л бол хаана хурдан морины уралдаан болдог. Унаач хүүхдийн даатгалын асуудал зөвхөн Үндэсний их баяр наадмаар хязгаарлагдахгүй. Хол газар хүүхэд осолдсон тохиолдолд тээвэрлэлтийн зардлыг даатгалын зардалд оруулъя, зориулалтын тээврийн хэрэгсэл, шаардлагатай бол агаарын тээврээр зөөж эмнэлэгт хүргэдэг боломжийг бүрдүүлэхээр хичээж ажиллаж байна. Гэтэл ийм хариуцлагагүй мэдээлэл хийсний үр дүнд бидний хийсэн бүх ажил маш эмзэг байдалд орлоо. 

Бидний үндсэн зорилго бол хүүхэд хамгаалах. Уралдаж, цэнгэж, наадаж болно. Энэ бол Монголчуудын эртнээс уламжилж ирсэн соёл. Үүнийг НҮБ ч хүлээн зөвшөөрсөн. Харин уралдуулахдаа хүүхдийн аюулгүй байдал, учирч болох эрсдэлийг байхгүй хэмжээнд болгох хүртэл бэлтгэл ажлыг ханга гэсэн зөвлөмж өгсөн. Хүүхдийг 100.000 төгрөгөөр даатгахыг холбогдох бүх байгууллага, уяачид зөвшөөрсөн энэ үед СЗХ ийм мэдээлэл гаргаж буйд адилхан төрийн байгууллагын хувьд гайхаж байна" хэмээн мэдээллээ.


Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.


Иргэд, уяач нар хурдан морь унаач хүүхдээ ямар үнэлгээгээр даатгуулахаа даатгагчтай харилцан тохиролцоно

СЗХ нь даатгалын компаниас зах зээлд худалдан борлуулж буй бүтээгдэхүүнийг бүртгэж ажилладаг бөгөөд одоогоор Хороонд  585 даатгалын бүтээгдэхүүн  бүртгэлтэй байна.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6.4-т “хүүхдийг ослын даатгалд даатгуулсан байх;” гэж заасан бөгөөд энэ дагуу хурдан морь унаач хүүхдийг аливаа осол гэмтлээс даатгах, унаач хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан нөхцөлд даатгалаас нөхөн төлбөр олгох чиглэлээр 11 даатгалын компани “Хурдан морь унаач хүүхдийн даатгал”-ын бүтээгдэхүүнээ Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлж баяр наадам болон бусад уралдааны үеэр худалдан борлуулж, хэрэглэгч, уяачдад хүргэн ажиллаж байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 438.1-д “Даатгалын үнэлгээний хэмжээг талууд харилцан тохиролцож тодорхойлно” гэж заасан байдаг. Мөн Даатгалын тухай хуулийн 14.2.5-аар сайн дурын даатгалын хураамжийн хэмжээг тогтоох аргачлалыг зааж өгсөн. Унаач хүүхдийг гэнэтийн осол, эрсдэлээс даатгуулахдаа, зөвхөн унаач хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч нь төлөөлж даатгалын гэрээ байгуулах бөгөөд даатгалын үнэлгээг даатгагч даатгуулагч талууд харилцан тохиролцоно. Даатгуулагчаас төлөх даатгалын хураамжийн хэмжээ нь даатгалын үнэлгээ, эрсдэл зэргээс хамааран харилцан адилгүй тооцогддог. Даатгалын хураамжийн хэмжээг үндэслэлгүй тогтоох нь даатгагч, даатгуулагчдад тэгш бус байдал, хохиролтой нөхцөл зэрэг томоохон эрсдэл үүсгэж болзошгүй болохыг нийт наадамчид, уяачид, даатгуулагчдад анхааруулж байна.

Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй “Хурдан морь унаач хүүхдийн даатгал”-ын бүтээгдэхүүний бүртгэл болон бүтээгдэхүүнийг борлуулах эрхтэй даатгалын компаниудын салбар, төлөөлөгч, зуучлагчтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://frc.mn/daatgal  хаягаас авах боломжтой.


Ямартай ч Үндэсний их баяр наадам хаяанд ирсэн энэ үед эрийн гурван наадмын нэг болох хурдан морь унаач хүүхдүүдийн даатгалтай холбоотой асуудалд Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Санхүүгийн зохицуулах хороо өөр өөр байр суурьтай байна.