SPS HD телевизийн үүсгэн байгуулагч Н.Наранбаттай ярилцлаа.Тэрээр усанд сэлэлтийн улсын 11 удаагийн аварга, триатлоны анхны монгол тамирчин бас амжилттай яваа бизнесмэнүүдийн нэг. “Intel Mongolia”, "Mi­crosoft Mongolia”-д ажиллаж “Юнивишн”, “Skymedia”-г үүсгэн байгуулах төслийн баг ахлан ажилласан гээд түүний түүх үргэлжилдэг.

-Та өглөө хэдээс сэрдэг вэ?

-Өглөө 7 цагт  сэрдэг. Сэрээд л бэлтгэлийнхээ өрөөнд ордог. Өвлийн улиралд гэртээ суурилуулсан дугуйгаа жийнэ ээ. Сүүлийн үед мутай боксоор хичээллэж байна. Клуб нь гэрээс маань 200 метрийн зайд бий. Өглөөний бэлтгэлээ тогтмол 1 цаг гаруй хийдэг. Орой ажлаа тараад бас спортоор хичээллэдэг.


-Дасгал сургуулилтаа таслах, хааяа хойш тавих үе бий юу?

-Ер нь энэ хэмнэлдээ дасчихсан. Яагаад өдөрт 2 удаа бэлтгэлээ хийдэг вэ гэхээр ажил бизнесийн ядаргаагаа тайлах хамгийн сайхан арга спорт шүү дээ. Зарим хүмүүс мэргэжлийн тамирчин шиг бэлтгэл хийдэг солиотой байх аа гэдэг юм. /инээв/ Үнэндээ мэргэжлийнхэнтэйгээ зүйрлэх аргагүй ээ. Тэд хэд дахин хүч хөдөлмөр гаргадаг юм. Бидний бие организм угаасаа гүйж хөдлөхөд зориулагдсан шүү дээ.


-Ажлаа хэр төлөвлөдөг вэ?

-Долоо хоногоор төлөвлөдөг, түүнийгээ ч баримталдаг. Тэгэхгүй бол гэнэт нэг зүйл толгойд орж ирэн өөр ажил руу ухасхийгээд байж болохгүй. Миний хувьд төлөвлөгөө гэдэг зүйл амьдралын хэв маяг болсон.


-Өдөрт дунджаар хэдэн цагийг ажиллаж байна?

-Өдөр бэлтгэлээ хийгээд 11 гээд ажилдаа очдог. Ихэвчлэн 7 гээд ажил тардаг ч цагийн бүсээс шалтгаалаад шөнө 11-12 гэхэд ажил дээрээ суух үе бий. Ер нь 10-12 цаг ажилладаг.


-Байнга сөхөж хардаг ном бий юу, ямар төрлийн ном унших дуртай вэ?

-Аав маань баялаг номын сантай. Багадаа тэр номуудаас нь  уран зохиолын номыг нь шимтэж уншдаг байлаа. Одоо дэлхийн алдартай хүмүүсийн амьдралын дурьдатгал сонирхож унших дуртай. Сүүлд Оросоос Путины тухай 3 боть ном авлаа.


-Та хаана амьдардаг вэ?

-Хувийн орон сууцанд /хаус/ амьдардаг.


-Өдөрт хэдэн удаа хооллодог вэ, хоолондоо хэдэн төгрөг зарцуулж байна вэ?

-Янз бүр л дээ. Дундажлаад үзвэл 20-30 мянган төгрөг л зарцуулдаг. Өглөөдөө гэртээ маш сайн хооллож гардаг. Арвайн гурил зуурч идэхээр өег шүү, үдээс хойш 2-3 цагийн үед хооллодог. Харин орой хүнд хоол иддэггүй. Тараг, жимс идэхэд хангалттай гэж боддог.


-Та ямар машин унадаг вэ?

-Range rover sport-ийг унадаг.


-Голдуу ямар  банкаар үйлчлүүлж байна?

-Худалдаа хөгжил, Голомт, Хас банкаар үйлчлүүлдэг.


-Сошиалд хэр идэвхтэй вэ?

-Тэр тал дээр маруухан хүн. Миний тухай мэдээлэл хүмүүст сонин зүйл биш болов уу. Би ч нэг их тэглээ ингэлээ гэж  нийгмийн сүлжээнд зураг тавиад байх сонирхолтой хүн биш. 


-Мэдээлэл авдаг эх сурвалж?

-Өдөр тутмын мэдээллийн сайтуудаас хэрэгтэй мэдээгээ гүйлгээд харчихдаг. Гадны Форбес, Экономист-ийг хардаг.


-Та SPS телевизийн ажиллуулаад багагүй хугацаа өнгөрлөө. Таны хувьд энэ бизнес анх төсөөлж байснаас өөр зүйл байв?

-Бид анх төлөвлөж байсан хэрэглэгчдийн тоондоо хүрсэн ч гэсэн ханшийн зөрүүнээс болж том алдагдал хүлээсэн. Гэвч нэгэнт ийшээ том хөрөнгө оруулалт хийсэн учраас эргэлт буцалтгүйгээр зүтгэхээс өөр арга байхгүй. 7 дугаар сард бид таван жилийн ойгоо тэмдэглэнэ. Эргээд харахад яах ч аргагүй спорт сонирхогчдын суваг болсон гэж хэлж чадна. Спортын нэг сайхан зүйл нь эмоци. Хүн өөрт байгаагаа сэтгэл хөдлөлөө спортоор дамжуулж гаргадаг. Үүний цаана хийх ажил маш их бий. Бүх зүйл хурдтай өөрчлөгдөж байгаа учраас өөрчлөгдөх шинэчлэгдэх шаардлага байна. Хуучин шиг нэг арга барилаар нэг бизнесийг 20-30 жил хийдэг тогтолцоо ард хоцорсон. Бид Английн Премьер Лиг, Аваргуудын Лиг, NBA зэрэг дэлхийн томоохон лигүүдийг Монголд албан ёсны эрхтэй гаргаж, оюуны өмчийг дээдэлж ёс зүйтэй ажиллахыг эрмэлзэж байна.

-Үзэгчдийн ихэнх нь эрчүүд болов уу?

-Манай үзэгчдийн 90 орчим хувь эрчүүд. 5 жилийн өмнө спорт сонирхдог эмэгтэйчүүд 3-хан хувь байлаа. Одоо энэ тоо 11 хувь болсон гэж судалгаанаас харсан. Миний харж байгаагаар хүмүүс одоо л спортыг илүү сайн ойлгож байна. 


-Та спорт сонирхдог учраас энэ  салбар руу орж ирсэн үү,  яг ямар мэргэжил эзэмшсэн бэ?

-Би хос мэргэжилтэй. 1993 МУИС-ЭЗС-д эдийн засгийн мэдээлэл боловсруулалтын анги нээгдсэн. Тэр ангид эдийн засгийн ч мэдээлэл технологийн боловсрол ч олгож байлаа. Дараа нь Голландын Маастрихтын Менежментийн сургуульд магистрийн зэрэг хамгаалсан. Ирээд л нөгөөдөр нь тухайн үеийн Хүнс хөдөө аж ахуйн яаманд ажилд орж билээ. 

-Ирэнгүүтээ төрийн албан хаагч болсон байх нь ээ?

-Тухайн үед сургуулиа төгсөнгүүт надад НҮБ-ын Олон улсын худалдааны төвд ажиллах санал ирсэн. Гэсэн ч гэрсэг хүн дахиад гэр бүлээ орхиод өөр газар суурьшина гэхээр хэцүү санагдаад эх орондоо эргэж ирсэн. Гоё мэргэжил эзэмшчихлээ, Монголоо өөрчилнө гэсэн оргилуун хүсэл мөрөөдөлтэй байж.


-Тэгвэл Intel-д орсон түүхээ хуваалцаач?

-“Скайтел” компанид ажиллаж мэдээлэл технологийн салбарыг гадарладаг болчихсон үедээ Америкийн корпораци Монголд суурин төлөөлөгч авна гэхээр CV-гээ явуулчихлаа. Тухайн үед Интел-ийн талаар маруухан ойлголттой байж, компьютерийн чип хийдэг компани Монголд яах гэж төлөөлөгчийн газраа нээдэг юм бол гэж бодож байсан гээч. Гэсэн ч хандсан. Ингээд 2004 онд Intel-д ажиллахаар болж гэрээгээ байгуулж билээ. Тэр бол миний амьдралд нөлөө үзүүлсэн хамгийн том эргэлтийн цэг. Тэр дэлхийн технологийн шилдэг компани ажилд орсон хүнээ бүх талаар нь хөгжүүлдэг юм билээ. Би эхний гурван жил мэдээлэл мэдлэгээр ёстой бөмбөгдүүлсэн дээ. Бүх зардлыг нь даагаад хаашаа л хамаагүй явуулчихна. Хүнтэй яаж харьцахаас эхлээд борлуулалт, мэдээлэл технологийн бүх сургалтыг заасан.


-Дэлхийн хэмжээний компанид ажиллахдаа сурч мэдсэн хамгийн чухал зүйл юу байв?

-Би Intel-д 12 жил 8 сар ажилласан.

Тэндээс сахилга бат гэдэг ямар чухал болохыг хатуу ойлгож авсан. Би Монгол дахь ганц төлөөлөгч учраас хажууд хариуцах ямар ч хүнгүй. Тайлангаа л илгээж ажлаа дүгнүүлдэг байсан. Ганцаараа ажиллана гэдэг тэр чигээрээ хариуцлага. Магадгүй тухайн долоо хоногийн борлуулалтаа хангалттай хийгээгүй ч байж болно. Гэхдээ тайлангаа хариуцсан менежертээ мэйлээр маш сайн бичиж тайлагнах үүрэгтэй. 

Бид нар тайлан гэхээр олон хуудсаар төсөөлдөг. Гэтэл тайлан гэдэг зөв тоо баримтанд маш сайн дүн шинжилгээ хийсэн товч тодорхой мэдээлэл гэдгийг ойлгосон. Тайлан бичнэ гэдэг нэг талдаа урлаг болж байгаа юм. Эхэн үедээ би Монголчуудынхаа уянгын халилаар тэр хүнтэй уулзаад тэгээд ингээд л гэж урсгадаг байлаа./инээв/ Ингээд 8 сарын дараа маш сайн анализ хийсэн тайлан бичиж сурсан даа. 


-Дараа Мicrosoft-д ажилласан…?

-2016-2017 онуудад “Microsoft”-д ажилласан. Нийтдээ 20 гаруй жил мэдээлийн технологийн олон төсөл дээр, хэд хэдэн байгууллагын хариуцсан захирлаар ажиллажээ. 


-Та энэ сурсан хатуу зарчимаа компанидаа хэр баримталдаг вэ?

-Би залуустаа “Бид Монгол компани, гэхдээ зөвхөн Монгол маягаар сэтгээд яваад байвал хэзээ ч цойлж гарч ирж чадахгүй”  гэж хэлдэг. Телевизийн салбар онцлог гэж бий. Сайн менежер  сайн контент үйлдвэрлэгч байж чадах уу эсрэгээрээ бүтээлч хандлагатай, чанартай контент хийдэг боловч чадварлаг менежер байна гэдэг өөр л дөө. Энэ хоёрыг л хослуулна гэдэг амаргүй асуудал.


-Та Монголд ч гадаадад ч сурлаа, олон улсын хэд хэдэн компанид ажиллаж үзлээ. Эргээд харахаар боловсролыг юу гэж ойлгодог болсон бэ?

-Боловсрол бол тухайн улс орны язгуур тусгаар тогтнолын хөдөлгүүр. Анхаарч чухалчилж хөгжихгүй бол бид нар өнөө л тамын тогооны үлгэрээс гарч чадахгүй. Үүнийг өөрчилж чадах зүйл бол ерөөсөө боловсрол.


-Та бизнес болон төслийнхөө зорилгоо тодорхойлчихоод давшдаг уу эсвэл эхлүүлчихээд алхам алхмаар сайжруулдаг уу. Алийг нь зөв гэж боддог вэ?

-Мэдээж эхлээд өөрийн сайн хийж чаддаг зүйл дээрээ үндэслэдэг. Бас өөрт байгаа нөөц боломж юу байна гэдгийг харна.  Энэ хоёр дээр дээр тулгуурлаад үүнийг л хийе гэж тодорхойлж эхлүүлдэг. Нэгэнт эхэлчихвэл явцын дунд засаад залруулаад явчихаж болно. Төгс юм гэж байдаггүй. Төгсжүүлэх процесс өөрөө байнгын үйл явц юм.


-Та ганзагын наймаанд явж байсан уу. Тэр үеийн хамгийн мартагдашгүй зүйл?

-Би тэр цагийг тийм ч сайхнаар хүлээж авдаггүй. Нийгмийн тогтолцоо нь хоромхон зуур өөрчлөгдсөн, тэр үеийн хүмүүсийг амьдрахын тулд маш их өөрчлөгдсөн эвдэрсэн. Ээж аав минь бид нарыг хоолтой байлгахын тулд юм юмыг л хийсэн. Үнэндээ аймшигтай үе. Ах маань тэр үед ганзагын наймаа хийж байгаад Оросод хүний гарт амиа алдсан. 

Тэр үе дахин битгий давтагдаасай гэж хүсдэг.

Хүний мөс чанар ч энэ үед их муудсан, одоо  ч Монголчуудыг хорыг нь амссаар  байна. Харин одоо бол ямар ч хүнтэй уулзсан өөрчлөе гэж ярьдаг болжээ. Мэдээж өөрчлөлт дээрээс ирэхгүй, дотроос өөрийгөө өөрчлөхөөс эхлэнэ.


-Урсгал сөрнө гэж ярьдаг даа. Ерөөсөө өөрөө хичээх ёстой гэдгийг хэзээ мэдэрч байв?

-Би багадаа ном уншдаг, том нүдний шилтэй, орос сургуульд явдаг монголоор ч  сайн ярьж чаддаггүй, бүрэг ичимхий хүүхэд байлаа. Тухайн үед төв бассейн анх нээгдэж байхад аав чи усан спортоор хичээллэ гээд дагуулж очоод бүртгүүлчихсэн. Зундаа Хорооллоос Туул гол хүртэл бов бор болтолоо сэлдэг байсан хүүхдүүдийн нэг болохоор надад усан спорт маш их таалагдсан. 

Багш ч их шартай, оросын усан спортын мастер зэрэгтэй хүн л дээ. Бид нарыг тэр орос школоор шахна. Ганц бие махбодь төдийгүй бүх талаар намайг загнуулна, зодуулна. Багш маань намайг төлөвшихөд маш их нөлөө үзүүлсэн хуурай аав минь болсон хүн бий. Спортоос л урдаа зорилго тавиад зөв бодолтой явсан хүн юмны ард гардаг л юм байна гэдийг ойлгосон. 

Би нэг их айхтар зүйл хийсэн хүн биш, өөрийнхөө итгэл үнэмшлийг бариад, өөрөөсөө шалтгаалах зүйлийг хийгээд явсан өөр зүйл байхгүй. 

-Тэгвэл та яагаад спортын замыг сонгоогүй юм бэ?

-Спорт мэдээж сайхан, мастер цолоо ч авлаа. Гэхдээ нийгэм өөрчлөгдөж байх тэр үед ээж аав  минь биднийг тэжээхийн тулд яаж зүтгэж байгааг бэлхэн харж байсан. Тийм учраас ерөөсөө боловсрол л эзэмшие, сайн мэргэжилтэй болох ёстой гэж бодсон хэрэг. Тэр үеийн нийгэм нь толгой руу ортол ойлгуулж байсан л даа.


-Бүх зүйл дардан байдаггүй шүү дээ. Алдсан, бүтэлгүйтсэн түүхээсээ хуваалцаач?

-2008 оны үед ”Юнивижн”-ийг эхлүүлж байхад ажлын хэсгийн төслийн удирдагчаар ажиллаж байсан. Нийгмийн сүлжээ дөнгөж эхэлж байсан үе. Тэр үед улс бүхэн нийгмийн сүлжээтэй байх ёстой гээд Монгол youtube, faсebook, twitter хийх гэж оролдсон. Нэгдсэн нэг платформ гэсэн үг л дээ./инээв/ Тэр үед voodoo.mn-ийг босгох гэж оролдоод бүтэлгүйтсэн. 


-Тэндээс авсан хамгийн том сургамж?

-Цаг нь болоогүй байхад ямар нэгэн зүйлийг хийх ямар ч шаардлагагүй юм билээ. Тэнд алдсан ч гэсэн олон зүйлийг сурсан. 


-Одоо хийж болохгүй гэж үү. Бүх л улс өөрсдийн гэсэн нийгмийн сүлжээтэй. Бид л үндэстэн дамнасан корпарациудыг тэтгэж байна?

-Бидний ихэнх нь gmail эсвэл уahoo-гийн хаягтай. Бүгд шахуу facebook-ийн хэрэглэгчид. Энэ хаягаар ирсэн мэйл мэдээллийг хэн нэгэн хүн уншихгүй юм аа гэхэд цаана нь хиймэл оюун ухаанаар анализ хийж байгаа. Нэг хүн дээр цаашлаад 3 сая хүн дээр анализ хийхээр дундаж Монгол хүний цахим дүр зураг гараад ирж байгаа юм.

Харамсалтай нь бид энэ бүх датагаа зүгээр л дэлгэж тавиад алдаад байна

Хэрэв бид өөрийн гэсэн цахим хаягтай, үндэсний хайлтын системтэй болоод төрийн үйлчилгээг явуулдаг болчихвол дэд бүтэц гэдэг том систем дагаад л хөгжинө. Мэдээллээ солилцдог бол өнөөг гарааны бизнесийнхэн, монголын программист үүндээ хүч тавьдаг болно, нөөц бололцоогоо ашиглана. Үүнийгээ бид гадныханд л алдаад байгаа юм. Энэ их мэдээллийн цаана манай улсын тусгаар тогтнолын асуудал яригдана. Уг нь их зөв харж бодлоготой хандах ёстой.

-Ойрын үед төлөвлөж буй төсөл, ажлуудаасаа танилцуулбал?

-Спортын сургууль байгуулах төсөл дээр ажиллаж байна. Энэ сургуульд 8-12 дугаар ангийн хүүхдүүдийг хотоос зайдуухан байрлуулж суурь боловсролыг нь ч урлагийн болон спортын боловсролыг нь цогц хэлбэрээр өгөхөөр төлөвлөсөн. Яагаад ахлах ангиас дээш гэсэн нь учиртай. Хүүхэд 8 дугаар ангиас эхлээд төлөвших процесс эхэлж байгаа. Энэ үед нь зөв орчинд зөв чиглүүлээд явах чухал. Одоогоор хөрөнгө оруулалт нь орж ирэхэд бэлэн болчихсон. Найзуудтайгаа хамтарч мэдээлэл технологийн хэд хэдэн төслийг хэрэгжүүлэхээр гэж байна. Удахгүй зарлагдах байх.


-Ингэхэд та ер нь нийт хэдэн спортоор хичээллэдэг юм бэ?

-Триатлон, усан спорт, дугуй, гүйлт, тай боксоор  хичээллэдэг. 


-Таныг триатлоны спортын төрлөөр олимпод оролцох гэж байгаа гэж дуулсан?

-Миний нас өнгөрсөн. /инээв/ Би сэлүүрт завины спортоор хичээллэж байгаа. Гэртээ завь аваад тавьчихсан. Хэд хэдэн удаа тест өгчихсөн байгаа. 2020 оны олимпт Монгол улсаа төлөөлөөд оролцох юм сан гэсэн бодол бий. Энэ төрлийн спортоор нас ахисан тамирчид ч оролцож болдог. Би өөрийгөө чадах байх аа л гэж бодоод байгаа.


-Спортоор хичээллэхдээ бүгдэд тусад нь цаг гаргадаг гэсэн үг үү?

-Тэгэлгүй яахав. Нэг өдөр нь усан спорт, нөгөө өдөр нь дугуй гээд тус тусад нь цаг гаргаж хичээллэдэг.Спортын төрөл болгон хүний биеийн өөр өөр булчинг ажиллуулдаг. Сэлж байхад, дугуй унахад ч тус тусдаа булчин хөгждөг. 


-Одоогийн эцэг эхчүүд хүүхдийнхээ биеийн тамирын хичээлд биш хичээлээр л нүдэх болж?

-Математик яахав ямар ч хүнд заагаад байвал сурч л таарна. Харин спортоор дамжиж ирдэг зүйлүүд өөрөө үнэ цэнэтэй. 

Бэлтгэлээ хийгээд авч байгаа тэр өвдөлтийг тэснэ гэдэг тэр чигээрээ сахилга бат, тэсвэр тэвчээр, хүмүүжил юм.

Би 4 хүүтэй. Тийм учраас хөвгүүдээ ч спортоор дамжуулан хүмүүжүүлж байна. Спорт махан бие, тархи, сэтгэлгээг хөгжүүлдэг. Хагас сайн өдөр мутай боксын секцэндээ дагуулж явдаг.


-Триатлоны холбооны хамаарагддаг хичээллэдэг хүүхдүүд хэр найдвар төрүүлж байна?

-Анхнаасаа хичээллээд явж байсан хүүхдүүд маань овоо том болсон. 2020 оны хүүхдийн олимпод оролцуулна гэсэн бодолтой байгаа. Шавь нарын маань нэг Энхжаргал дугуйн спортоор хичээллээд Монголын анхны эмэгтэй Азийн аварга болсон.