Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын гэр бүл маш олон лицензтэй байна. Үүнтэй тэмцэнэ хэмээн хэлсэн.

Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр сэтгүүлчдэд тайлбар мэдээлэл өглөө.

Тэрээр "Хэлсэн үгийг нь үзсэн. Нэгдүгээрт, Ерөнхий сайд хуулиа ерөөсөө мэдэхгүй байна. 32 лиценз гэж ярьж байна. Тэрийг нь хүмүүст ойлгомжтой байдлаар зүйрлэвэл нэг компани нэг хайгуулын талбай авлаа. Дахиад өргөтгөх шаардлага гарна. Үүнд хуулиар дахиад тусдаа лиценз олгодог юм. Тэгээд олон харагдаж байгаа. 

Мөн хууль зөрчсөн, хулгай хийсэн гэж байна. Хулгай хийгээгүй гэдгээ хариуцлагатайгаа мэдэгдье. Хууль зөрчсөн бол над шиг баримт үзүүлээд, хууль бус үйлдлээр хэдэн сарын хэдний өдөр ийм лиценз авчихсан юмаа гээд ярьчихмаар байна. Түүнээс биш хүнийг шууд гүтгэж болохгүй. Улс төртэй холбоотойгоор хийж, бүтээдэг хүмүүсийн нэр төрийг гутааж ердөө болохгүй. Би өөрийнхөө аавыг хэлж байна. Миний аав Монголын бизнест өдий олон жил хөдөлмөрлөхдөө хууль зөрчиж, хулгай хийж, ямар нэгэн байдлаар төсөв тендертэй огт холбогдож үзээгүй. 

Б.Нямтайшир гэдэг хүн бол Монголын эдийн засаг. Би энийг хаана ч бахархалтай хэлнэ. Энэ бол нийгэмд хүлээн зөвшөөрөгдчихсөн, хийж бүтээдэг хүн. Маш олон хүнийг ажлын байраар хангаж, амьдралын баталгаагаар нь хангаж байгаа" хэмээв.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын сэтгүүлчдэд өгсөн тайлбар мэдээллийг үргэлжлүүлэн дүрс бичлэгээр хүргэж байна.