"Би хорвоо дэлхийг биш өөрийгөө буруутгахыг илүүд үздэг. Энэ нь сайхан сэтгэлийнх биш, гагц юм бүхэн дээр өөрөөсөө хамаарч байхыг л эрмэлзсэнийх билээ. Би сул талуудаа дуртайяа хүлээн зөвшөөрдөг, эдгээр нь сайн сайханд хүрэх дөт замыг надад хангаж өгдөг юм" хэмээн Жан-Поль Сартр ҮГ тууждаа дурдсан байдаг.

Ой санамжаа уудлан хүүхэд нас, өсвөр үеэ эргэн дурссан Сартр өөрийгөө олох, оршин байхын утга учрыг ухаарах гэсэн эрэл хайгуулын төгсгөлгүй аянаас буцаж яваа сэтгэгч хүний дүрээр эргэн заларсан юм. Тэр өөрийн сул талаа бүү хэл гэр бүлийнхээ сул талыг ч нуугаагүй юм.  "Авьяастай хүн үгийн урлагт л өөрийн авьяасыг цэвэр байдлаар нь  илэрхийлж чаддагийг"  ойлгосон Сартрын хувьд эцэггүй өнчин өссөн нь өөрөө өөрийгөө бүтээх давуу тал нь болжээ. 

Урлагийн дээд үнэт зүйлсийг л биширдэг өвөө нь үзэл санааны дарангуйлагч нэгэн байсан нь жаалхүүд тэрслүү чанарыг бий болгож, өөрийнхөөрөө ертөнцийг нээх уйгагүй эрэлд хатаасан аж. Өвөөгийнхөө номын ариун сүмийн гэрэл гэгээнд татагдаж өссөн Сартр унших донтой, бичих авьяастай гэдгээ хар багаасаа л мэдэрч балчир хүүхдийн төсөөллөөр уран зохиолын баатруудын оронд өөрийгөө тавьж, үйл явдлыг нь ургуулан бодож, өөрийнхөө  сэтгэмжээр найруулан бичдэг  байсан нь ирээдүйгээ бүтээж байсан хэрэг. Тэр багаасаа л сод, авьяаслаг, ухаантай хүүхэд гэсэн өвөөгийнхөө өргөмж, эхийнхээ харамгүй хайранд умбаж өсөхдөө алдар гавьяанд шунан дурлаж "мундаг" хүүхэд гэж хэлүүлэхийн тулд "ухаалаг жүжиг" тоглодог байсныг  юунд ч үл итгэх, хардамхай сэжигч зантай эмээ нь нэвт шувт хардаг байсан аж.  

"Хүн өөрөө өөрийгөө бүтээх ёстой"  гэсэн үзэл санаа дэвшүүлсэн Сартр хожим алдар хүндийн оргилд гарч ҮГ туужаараа Нобелийн шагнал хүртсэн ч авахаас татгалзсан нь хөрөнгөтний үзэл сурталд оюуны бүтээлээ ашиглуулахгүй гэж үзсэн гэдэг ч нөгөө талаар алдар гавьяаг дагалдан ирдэг золиосоос өөрийгөө чөлөөтэй байлгах гэсэн бодол ч байж магадгүй. Хийж бүтээгээгүй мөртлөө алдар гавьяанд үхэн хатан дурладаг хүмүүс байхад хийсэн бүтээсэнд нь олгож байгаа алдар гавьяаг үл тооно гэдэг агуу хүний л мөн чанар байх даа. 

Үнэн мөнийг хайж шаналсан зүрх нь оюун ухааныхаа савыг уудлахыг хүчилж, уншиж бичих явцдаа өөрөө өөрийгөө нээгээд зогсохгүй, оршихуйн нүцгэн үнэнийг хүмүүний өмнө дэлгэн тавьжээ. "Ном миний хувьд хорвоо дээрх бүхнээс чухал санагдаж, би өөрийн шашныг олж авав" гэж тэрээр бичсэн байдаг. Хорвоог ухамсарлах болсон тэр цагаас номон дунд өссөн, номон дотор амьдарсан, ном бүтээл туурвиж насыг элээсэн хүний хувьд номын сан нь сүм хийд, ном зохиол нь бурханы сургаал байсан аж. "Би өөрийгөө бурханы гараар бичигдсэн гайхамшигт ном хэмээн санадаг" гэж балчир ахуйдаа төсөөлж байсан нь  ирээдүйг зөгнөсөн  өөрийн хувь тавиланг мэдэрсэн зөн билгийн харвалт байжээ. Экзистенциализм хэмээх оршихуйн хүмүүнлэг сургаалийн гол философич тэрээр "Хүн өөрийгөө олж авах ёстой бөгөөд хүнийг өөрөөс нь өөр юу ч, тэр байтугай бурхан оршин байгаагийн магадтай нотолгоо ч аврахгүй" хэмээн бичсэн нь бурхныг үгүйсгэсэн хэрэг биш  харин бурхан хүний хувь тавиланд нөлөөлөхгүй л гэсэн санаа юм. Орчлон хорвоог үүтгэгч бурхан байгаа. Тэр нь анхны гарааны цэг өгсөн тэгээд л болоо.

Хэрвээ бурхан одоо хүртэл оршин байж хүний хувь тавиланд оролцдог юм бол наад зах нь шударга ядуус хохирч,  ямар ч гэмгүй балчир үрс зовлон туулах ёсгүй. Хэрэв тийм гэх ахул бурхан гэгч харгис хэрцгий гаж донтон болж таарна. Түүнээс гарах гарц нь үйлийн үр. Сүнс урд насны үйлээ эдэлж байна гэж тайтгарахаас өөр арга алга.  Хүний амьдрал хичээл зүтгэл, өөрийн сонголтоос шалтгаалах учиртай болж байна. 

Сонголтынхоо зөв бурууг бид урьдчилан мэдэхгүйд хүний зовлон оршино.

Гэхдээ эцсийн хариуцлагыг өөрөө үүрдэг учраас хэндээ ч гомдох билээ. Итгэл найдвараа гээгээгүй цагт эрт орой нэгэн цагт тарьсан үрийнхээ ургацыг хурааж, үр шимийг нь хүртэх болно. Бурхан сонголт хийх эрх чөлөө өгсөн, хэрхэн яаж явахаа хүн өөрөө л шийдэх үлдлээ. Үгийн урлагийн авьяаслаг мастерийн үлдээсэн өвийг хэмлэн зулгааж хэдэн үг хэлхэхээс цаашгүй миний хувьд ҮГ бол оюун санааг минь чилээсэн олон дахин эргүүлж байж учир начры нь олох хатуу самар юм даа. Ном унших нь миний хувьд тайтгарал, юм бичих нь урам зориг өгдөг билээ.