Үнэртэн тараадаг өвөө нэрээр сошиал ертөнцөд танигдсан түүнийг Н.Орчлон гэдэг. Үнэртэй усны талаар энгийнээс гүн гүнзгий хүртэлх мэдээллээ хуваалцахдаа багачууд аа, өвөө нь та нартаа гоё юм ярьж өгье хэмээн энгийнээр ярьж бичсээр үнэртний өвөө нэртэй болжээ. Тэрээр Голландын Гааг хотын олон улсын эрүүгийн шүүхийн хохирогчийн өмгөөлөгчөөр ажиллаж буй анхны монгол хуульч юм байна. Үнэртэй ус бол үнэнч түүний хобби нь. Н.Орчлон хэдхэн хоногийн өмнө Монголд анх удаа Францын үнэртний мастер Кристоф Лодамиелыг урьж авчирсан юм.


-Монголд анх удаа Францын үнэртэй усны мастерийн авчирсан гэсэн. Энэ талаараа манай уншигчдад сонирхуулаач?

-Би дэлхийн хамгийн тансаг үнэртнийг бүтээдэг, үнэртэн нь олон сая доллараар зарагддаг мастеруудыг Монголд авчирахыг хүсдэг. Тэр ховор үнэртэн Монголд зарагддаггүй ч байж болно, энэ нь чухал биш, гол нь үнэртний соёлыг түгээх юм. Мөрөөдлөө биелүүлж Францын үнэртэй усны жинхэнэ мастеруудын нэг Кристоф Лодамиелыг эх орондоо урьж авчирлаа. Хавар уулзахдаа Монголд ирээч гэж гуйсан юм. Аз болоход Кристоф Лодамиел манай оронд ирэх хүсэл мөрөөдөлтэй нэгэн байсан учраас урилгыг минь хүлээн авч ирсэн. 

Тэр Нью-Йоркод амьдардаг маш завгүй нэгэн. Түгээмэл бас онцгой ховор, нандин бас өрөөний үнэртэнг бүтээдэг гэдгээрээ алдартай. Залуудаа Procter & Gamble компанид гэр ахуйн бүтээгдэхүүний үнэртэнг хийдэг байсан юм билээ. Монголд ирээд хөдөөгүүр аялж, манай үнэртсэн дурлагсдын клубын шинэ жилд оролцоод буцсан. 

Цаашдаа ч түүн шиг дэлхийн үнэртний мастеруудыг эх орондоо авчирах бодолтой. 


-Кристоф Лодамиел мастерт Монголын ямар үнэр гойд санагдсан бол?

- Мэдээж үнэртний мастер хүн үргэлж шинэ үнэрийг хайж явдаг.  Монголоос цоо шинэ үнэрийг хайж ирсэн. Хөдөө явж цагаан идээ, шимийн архи үнэртсэн. Ганданд ороход арц хүжийн үнэр өвөрмөц санагдсан гэсэн. Арц мод нь үнэртэй усанд ордог хамгийн ноотын нэг шүү дээ. Бас хүдрийн заар гэж дуулж байснаас амьтныг нь огт хараагүй. Монголд ирээд хүдрийн АА-д зочилж, энэ амьтныг бодитоор нь харж эртнээс тээсэн мөрөөдлөө биелүүлсэн. Сонирхуулахад хүн төрөлхтөн хүдрийн заарыг хэдэн мянган жилийн өмнөөс хэрэглэж ирсэн, орчин цагт химийн аргаар гаргаж авдаг болсон. Тийм ч учраас үнэртний мастерийн хувьд улаан номд данслагдсан, үнэртний эртний судар болсон хүдэр сонирхлыг нь татаж байсан. Мастерт маань арц, хүж, хүдрийн заарын үнэр гүн сэтгэгдэл үлдээсэн. Заавал Монголын тухай үнэртэн бүтээнэ гээд буцлаа.

Үнэр өөрөө бие даасан шинжлэх ухаан, урлаг. Сүрчиг тэр үнэртний ертөнцийн бяцхан хэсэг. Түүнийг бүтээгч үнэртний мастерууд бол уран бүтээлчид юм. Тэд шинэ үнэртэнг гаргаж авахын тулд дэлхийгээр хөндлөн гулд аялдаг. Би бол ердөө л үнэртний ертөнцийн монгол фэн л дээ.


-Монголчууд үнэртэнг хэр хэрэглэж сурсан ард түмэн гэж боддог вэ?

-Монголчууд эртнээсээ зандан мод хэрэглэж ирсэн ард түмэн. Зандан мод нойргүйдлийг эмчилнэ, тайвшруулна гээд сэтгэл зүйд эерэг нөлөөтэй. Үүнийг монголчууд мэддэг учраас эртнээс хэрэглэдэг ор хийдэг байж. Ер нь манайхан үнэртний соёлтой ард түмэн гэж боддог.

Шашин шүтлэг, түүх ойролцоо Азиуд хурц үнэртэн бараг хэрэглэдэггүй. Хэрэглэсэн ч үнэрээ үл түгээдэг, бараг хувийн зайд л үнэртэхийг нь сонгодог. Тэдний дунд монголчууд маань үнэртний соёлоороо тэргүүлнэ. Нэг үеэ бодвол манайхан маш хурц, тод үнэртэй дэлхийд ховор, шилдэг үнэртэнг л хэрэглэж эхэлж байна. Өмнө нь цацаж хэрэглэх төдий байсан бол одоо таашаал авч, үнэртэнгүйгээр байж чадахгүй хэмжээнд оччихсон хүмүүс ч олширчээ. Үнэртний соёлд гүн нэвтэрсэн гэсэн үг л дээ. Таван жилийн өмнө ийм байгаагүй шүү. Энэ соёлыг түгээхэд фэйсбүүк дэх “Үнэртэй усанд дурлагсдын групп” маань нөлөөлсөн гэж боддог. 


-Үнэрийг та юу гэж тодорхойлох вэ?

-Энэ бол хүний төрөлхөөс өгөгдсөн хамгийн чухал мэдрэмжүүдийн нэг. Хүн нүдээрээ бүхнийг ойлгож хардаг шиг хамраараа бас бид юмсыг мэдэрдэг. Дөнгөж төрсөн хүүхэд нүдээрээ харахгүй ч гэсэн эхийнхээ хөхийг үнэрээр нь олж хөхдөг шүү дээ. Үнэрээр хүн төрөлхтөн аюулаас, галаас зугатаж өөрийгөө хамгаалж ирсэн. Гэхдээ зөвхөн амьд гарах рефлекс төдий зүйл биш таашаал өгөгч юм.  

Нүдээрээ уран зураг үзэж, чихээрээ хөгжим сонсож мэдэрдэг авдаг шиг үнэрээр хүн таашаал аз жаргалыг хүртэж чаддаг. Сүрчиг хэрэглэнэ гэдэг амьдралаас үнэрээр дамжуулан таашаал авч байна гэсэн үг.

Нөгөө талаасаа миний ажлын стрессийг алжаалыг минь тайлагч л даа. Хоббиндоо хөтлөгдөөд хэдэн арван үнэртний талаар ном уншсан. Хоббиныхоо ачаар дэлхийн шилдэг үнэртний мастеруудтай уулзаж байлаа. 


-Таныг үнэртэй усны өвөө гэдгээр нийгмийн сүлжээнийхэн андахгүй. Таны танилцсан хамгийн анхны үнэртэн юу байв?

-Намайг бага байхад “Axe Deodorant” гээд биеийн хөлс дарагч үнэртэн байсан юм. Хөнгөн цагаан бортогтой, тухайн үед наймаачид Оросоос авчирч Дэнжийн мянгын зах дээр зардаг үнэртний нэг. Түүнийг л анх түрхэж үзэж үнэртний гайхамшгийг мэдэрсэн. Би дэлхийн сонгодог зохиолуудаас их уншдаг, Оросын телевизээр аяллын тухай нэвтрүүлэг шимтэж үздэг хүүхэд байлаа. Харин тэр үнэртэн надад шууд Африкийн ширэнгэн ойд оччихсон юм шиг сэтгэгдэл төрүүлсөн. Очиж үзээгүй хэрнээ уншсан ном, үзсэн нэвтрүүлгийн төсөөлөл үнэртэнтэй хослоод яг л тэнд байгаа юм шиг мэдрэмжийг хүчтэй буулгадаг юм билээ. Тэр мэдрэмжийг ѳдийг хүртэл мартдаггүй. Хожмоо гадагшаа мэргэжлээрээ ажиллан хоббигоо хөгжүүлэх боломж гарсан. Түүнээс хойш мөнгөнийхөө боломжоор үнэртэн цуглуулдаг болсон юм.


-Мэдээж таны үнэртний цуглуулга арвин байх. Тоолж үзсэн үү?

-Голландад ажиллаж эхэлснээс хойш санхүүгийн хувьд боломжтой болсон гэх үү дээ. Үнэртнийг ёстой цуглуулж эхэлсэн. Бараг 200 гаруй сүрчигтэй. Харин сүүлийн 7 жил тооноос илүү чанарт нь анхаарч байна. Аль болох дэлхийн шилдэг, нэн ховор үнэртэнг цуглуулахыг хичээдэг болсон. Монголд үнэртний музей нээх мөрөөдөлтэй минь холбоотой юм. Одоохондоо тусдаа музей гээд барилга байх санхүүгийн боломж алга. Гэхдээ үзвэрүүдийг нь бэлдэж байна. Тийм ч учраас сүүлийн үед өөртөө түрхэх үнэртэн авахаа больсон. Харин ховор нандин, нүд гялбам, үнэ ханш өндөр үнэртэнг цуглуулж байна. Яагаад Монголд дэлхийд байхгүй тансаг, үнэртний музей нээж болохгүй гэж.


-Ажлаа хоббигоор солих талаар бодож байсан уу?

-Энэ бол насан туршдаа авч явах хобби минь. Хуульчийн ажлаа бол хэзээ ч хаяхгүй. Сүрчигэнд дурлагчид тэр болгон олддоггүй үнэртэй усыг олохын тѳлѳѳ явдаг. Гэхдээ энэ нь заавал ѳндѳр үнэтэй ховор сүрчгийг худалдаж авах ёстой гэсэн үг огт биш


-Та үнэртэй усны олон мастертай уулзаж байсан гэсэн. Тэднээс юуны талаар сонирхож асуудаг вэ?

-Үнэртэн бүтээхдээ юунаас санаа сэдэл авч бүтээснийг яриулах дуртай. Монголд ирээд буцсан Кристоф Лодамиел гэхэд үнэртэнг бүтээхдээ газар нутгаас, аяллаас, бүр хайр дурлалын түүх, аль нэгэн учралаасаа, хүний зан чанараас гээд олон зүйлээс сэдэл авч уран сэтгэмжээ хөглөдөг тухайгаа ярьсан. Төгөлдөр хуурч 88 товчлуур дээр дарж хөгжмийн бүтээл тоглодог. Гэтэл үнэртний мастерууд 2000 төрлийн үнэртний ноотыг хэрэглэж дундаас нь үнэртэн бүтээдэг.

Сонирхуулахад нэг сүрчиг бүтээхэд хамгийн бага 20 бүр 100-аас илүү төрлийн үнэр ордог. Тэр нь олон төрлийн цэцэг, жимс, модны үнэр юм. Бас амьтны гаралтай, хүдрийн заар, халимны бөөлжис гээд сонирхолтой ноотууд ордог.  Зарим нь дангаараа маш муухай үнэртэй ч бусад үнэртэй холиод чимээд ирэхээр маш гоё өвөрмөц үнэрийг бүтээдэг. Би хувьдаа сарнайн ноот, агар модны ноотонд дуртай. Агар бол Зүүн өмнөд Азид ургадаг модноос гаргадаг давирхай мэт анхилуун үнэртэй зүйл. 


-Үнэртэн цуглуулахыг олон хүн чинээлэг эрхмүүдийн хобби гэж боддог..?

-Энэ бол үнэртэн гэдэг зүйлийг аль талаас нь харахаас хамаарах зүйл. Хэрвээ та үнэртэн гэгч зүйлийг зүгээр л нэг тансаг хэрэглээ, эд материал гэж харвал үнэхээр л мѳнгѳтэй хүмүүс эд хѳрѳнгѳѳ гайхуулж байгаа мэт харагдана. Гэхдээ та сүрчгийг урлаг гэж харвал та нэгэн тѳрлийн урлагийн шүтэн бишрэгч гэдгээ ойлгох болно.


-Үнэр хүнийг илэрхийлж чадах уу?

-Үнэр хувцастай л ижил зүйл. Үнэндээ хувцасаас ч илүү нөлөөтэй, чухал зүйл гэж боддог. Зарим хүнтэй уулзаад өнгөрөхөд тухайн хүний ямар хувцас өмссөнийг нь биш ямар үнэртэйг нь санадаг биз дээ. Тийм учраас үнэртний соёлд суралцах хэрэгтэй гэж боддог. Гэхдээ үнэртний соёлд суралцана гэдэг баахан үнэртэй ус цуглуулаад түүнийгээ гайхуулахыг хэлэхгүй. Харин ямар ч үнэртэнг үнэрлээд ямар ноот орсныг нь мэддэг байхыг л хэлдэг.


-Та хэзээнээс үнэртэн бэлэглэхээр шийдсэн юм бэ?

-Би “Үнэртэй усанд дурлагсдын групп” фэйсбүүк хуудасны үүсгэн байгуулагч. Үнэртэнд дурласан хайр дурлал, баяр баясгалангаа хуваалцах дуртай. Би өөрөө үнэртэн худалдаж авах ч, найз нөхдөдөө ч  бэлэглэх дуртай. 3 жилийн өмнөөс танихгүй ч гэсэн группынхээ гишүүддээ бэлэглэх юм сан гэж бодож явсан юм. Бусдаас юу ч хүсэхгүйгээр зүгээр л хэн нэгэн танихгүй хүнд үнэртний дээжис бэлэглээд хэдхэн секундын хооронд инээмсэглээд зургаа авахуулж аз жаргалаа хуваалцах л хором шүү дээ. Бэлэглээд эхэлсэн чинь хүмүүс маш гоё хүлээн авсан. Ингэтлээ газар авна гэж би бодоогүй шүү. Одоогоор 1500-аад хүнд үнэртэн бэлэглэчихээд байна. Сонирхуулахад дэлхий дээр үнэртний маш олон фэйсбүүк групп бий. Англи хэл дээр хамгийн олон гишүүнтэй групп гэхэд 10 хэдхэн мянган гишүүнтэй. Гэтэл манай групп 150 мянган гишүүнтэй, дэлхийн хамгийн том үнэртний групп гэгддэг. 


-Таны мөрөөдөл?

-Монголчууд дэлхийн хамгийн анхилуун үнэртэй ард түмэн болоосой гэж мөрөөддөг. Үүнийг бид чадна, тэр замдаа ч яваа. Гадаадад монгол хүн буухад ямар гоё үнэртэн хэрэглэдэг юм бэ, үнэртний ямар мундаг соёлтой ард түмэн вэ гэж бодвол сайхан биз дээ.

Би дэлхийн 40 гаруй орноор аялсан. Ажиглаж байхад үнэртнийг улс орнуудад мэргэжилтнүүдээс бусад нь сайн мэддэггүй юм билээ. Францад гэхэд үнэртэнг тэр бүр ойлгодог хүн ховор. Харин манай улсад үнэртэй усны мэргэжилтнүүд биш жирийн сонирхогчид ноотоор нь, бүтцээр нь, бүтээсэн мастеруудаар нь ярьж байна. Энэ бол монголчуудын үнэртний мэдлэг ямар өндөр вэ гэдгийг харуулж байгаа хэрэг.

Дараагийн зорилго маань Үнэртэй усанд дурлагсдын группээ 500 мянган дагагчтай болгох. Тэгвэл насанд хүрсэн хүмүүсийн тэн хагас нь үнэртнийг соёлтой хэрэглэж чаддаг болно.  


Тэрээр дэлхийн хамгийн удаан үнэрээ барьдаг сүрчиг танилцууллаа.

Энэхүү үнэртэн нь 2009 онд "Nasomatto" брэндийн үнэртний мастер Алэссандро Голтиэри бүтээсэн "Black Afgano" юм. Энэ сүрчгийг зѳвхѳн 30 хан мл -ийн хэмжээгээр "extrait de parfum" буюу хамгийн ѳндѳр нягтралаар хийсэн ба үнэрийн пирамид нь хүж, тамхины навч, агар модны ноотуудаас бүрдэнэ.

Бүтээгч эрхэм Голтиэри бол орчин үед үнэртний ертѳнцѳд домог болсон мастер юм. Тэрээр олон жилийн турш үндэстэн дамнасан компаниудад ажиллаж байгаад 2008 оноос ѳѳрийн брэнд болох "Nasomatto" -г байгуулжээ. Энэхүү нэр нь италиар "Галзуу Хамар" гэсэн үг. Үнэхээр түүний бүтээсэн үнэртнүүд нь сүрчигний зах зээл дээр байгаа хэдэн мянган сүрчигнүүд дунд хэн ч андуурахааргүй, маш ѳвѳрмѳц, маш ѳндѳр чанартай бүтээл болж чадсан юм. 

Үнэртний ертѳнцѳд тогтсон уламжлалт, уйтгартай хандлагыг бут цохисон, хувьсгал ѳѳрчлѳлтийг авчирсан "Black Afgano"-г үнэртэж үзсэн хүн жинхэнэ ѳвѳрмѳц сэтгэлгээгээр бүтсэн сүрчиг ямар байдгийг ойлгож авна. Хэдхэн удаа л дарж цацахад хэдэн цаг, хэдэн ѳдѳр тѳдийгүй хэдэн сар үнэрээ барьдаг. Би "Black Afgano" -г түрхсэн нэг цамцыг угаагаад хэдэн сарын дараа ѳмсѳхѳд хүртэл үнэрээ хэвээр нь хадгалж л байсан шүү.