Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны цуврал тэмцээний нэг “Гран при 2019” тэмцээн тавдугаар сарын 24-26-ны өдрүүдэд Хөххотод болж өндөрлөлөө. 

Уг тэмцээнд манай эрэгтэйчүүдээс 73 кг-д Г.Одбаяр, Ц.Цогтбаатар, -100 кг-д Л.Отгонбаатар, Б.Түвшинтөгс, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр, Н.Түвшинбаяр, эмэгтэйчүүдээс 48 кг-д Б.Ойдовчимэд, Э.Гэрэлмаа, 52 кг-д Л.Сосорбарам, Б.Хорлоодой, 57 кг-д Д.Сумьяа, Л.Энхрийлэн, О.Мөнхцэцэг, Б.Эрдэнэт-Од, +78 кг-д Д.Номинзул нарын жүдочид зорьсон билээ.

Эрэгтэйчүүдийн +100 кг-д барилдсан, Хөдөлмөрийн баатар, олимпын алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Н.Түвшинбаяр эхний тойрогт гоц мөргөсөн. Дараагийн даваанд Киргизстаны Б.Токтогонов, ОХУ-ын Ален Цовребов, Германы Йонас Фрэй нарыг өвдөг шороодуулж шигшээд шалгарсан юм.Ингээд алтан медалийн төлөө тулаанд БНСУ-ын тамирчин Ким Мин Жонд ялагдлаа.

Солонгосын тамирчин нь Н.Түвшинбаяраас 17 дүү юм. Эхлээд манай тамирчин БНСУ-ын залуу жүдоч Ким Ми Жоныг торгуулиар илүүрхэж яваад, 24 сек дутуу байхад иппон үнэлгээ алдсанаар мөнгөн медаль буужээ.

Өнгөрсөн жил тэрбээр Хөх хотын Гран при тэмцээнээс +100 кг-д алтан медал хүртэж байсан билээ.  

Мөн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд барилдсан ОУХМ Ё.Басхүү Францын бөхөд ялагдсан ч БНХАУ, Азербайжан, ОХУ-ын бөхчүүдийг ялан Монголын багийн анхны медалийг хүртсэн юм. Энэ жинд барилдсан ОУХМ Г.Хэрлэн торгуулийн тойрогт Тайванийн Цай Мин Енд ялагдан долдугаар байрт оржээ.

Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, Гавьяат тамирчин Г.Одбаяр нарын хувьд ялагдал хүлээв.

Ийнхүү монгол жүдочид багийн дүнгээр XI байрт шалгарлаа.