Сүүлийн өдрүүдэд нийслэлд утаа их хэмжээгээр нэмэгдэж, гамшгийн хэмжээнд хүрч буйтай холбоотойгоор иргэд НҮБ-д хандаж, туслалцаа авах хүсэлтийг цахимаар гаргаад буй юм.

Үүний хариуд Монгол дахь Нэгдсэн Үндэсний байгууллагаас албан ёсоор мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд:

"...Агаарын бохирдлын асуудалтай тулгараад байгаа улс орнуудын тоо нэмэгдэж байгаа бөгөөд тэдгээрийн нэг Монгол Улс болоод байна. Харамсалтай нь энэ асуудалд хурдан бөгөөд хялбар шийдэл байхгүй. Агаарын бохирдлын эх үүсвэрүүд болон хүний эрүүл мэндэд үзүүлж буй нөлөөг бууруулахад тогтвортой, урт хугацааны төрийн болоод хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт шаардлагатай...

...НҮБ нь бодлого, аргачлалын зөвлөгөө үзүүлдэг бөгөөд зохих шийдвэрүүдийг гаргаж, санхүүжилт болон бусад асуудлыг шийдвэрлэх ажлыг тухайн улсын Засгийн газар манлайлан, дотоодын бусад талуудтай хамтран хийх ёстой. Монгол хүн бүрийг эрүүл, баталгаатай орчинд амьдрах нөхцлийг хангахад хувийн хэвшил, иргэний нийгэм, олон нийт зэрэг олон талууд бүгдээрээ оролцох нь тун чухал.

Агаарын бохирдлыг бууруулах асуудал нь бидний өмнө тулгамдаж буй нэн даруй шийдвэрлэвэл зохих асуудлуудын нэг. НҮБ нь хүн бүрт цэвэр, эрүүл агаар хүргэхийн төлөө Засгийн газар, хувийн хэвшил болоод иргэдтэй хамтран ажиллахад үргэлж бэлэн байх болно" гэжээ.

НҮБ-ын мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.