Аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авсаар байгаа хэдий ч НҮБ-ын ажилтнууд халдлагад өртөх нь нэмэгдсээр байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мэдэгдсэнийг “Синьхуа” агентлаг уламжлав.
 
Ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан НҮБ-ын ажилтнуудын дурсгалыг  хүндэтгэх арга хэмжээний үеэр А.Гутерриш үг хэлэхдээ “2017 оны хоёрдугаар хагаст л гэхэд НҮБ-ын 140 ажилтан амиа алдсан. Тэдний 123 нь цэргийн алба хаагч, гурав нь цагдаа байсан бол 14 нь жирийн ажилтан байсан” гэжээ.
 
“НҮБ-ын цэнхэр туган дор ажиллаж буй хүмүүс бол энэ дэлхийн хамгийн эмзэг давхаргынхны төлөө, энх тайван ба аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө, илүү сайхан ирээдүйн төлөө зүтгэгчид юм. Ийм чухал ажил хийж буй хүмүүсийг халдлагын бай болгож байгаад би маш их харамсаж байна. Халдлага үйлдэгчид хариуцлагаас мултарч байгаад би үнэхээр бачимдаж байна. НҮБ-ын энхийг сахиулагчид, хүмүүнлэгийн ажилтнууд болоод сайн дурынхан байхгүй бол зарим улс орны иргэдийн нөхцөл байдал улам бүр хүндрэх болно” гэж НҮБ-ын тэргүүн хэлсэн байна.




Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг