УИХ-ын нэр бүхий гишүүд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан гэх мэдээлэл сүүлийн өдрүүдэд цацагдаад буй.

Тэдгээрийн нэгийг УИХ-ын гишүүн Н.Учрал хэмээж буй бөгөөд түүнийг аавынхаа нэр дээр байдаг "Хүннү" ХХК-д УИХ-ын гишүүний нэр нөлөөллөө ашиглан ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 950 сая төгрөгийн зээл авч өгсөн хэмээсэн.

Үүнтэй холбоотойгоор Англи улсад айлчилж буй Н.Учрал гишүүн фэйсбүүк хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийллээ.

Тэрээр "Хүннү" ХХК 100 хувь миний аав Н.Ням-Осорын нэр дээр байдаг. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авахад УИХ-ын гишүүн миний оролцоо, нөлөөлөл байгаагүй. Намайг нөлөөлсөн гэдэг нь гүтгэлэг. Тиймээс би албан ёсны тайлбар хийж байна. Аавын минь 1992 онд байгуулсан энэ компани надгүйгээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Энэ компани ЖДҮ-ийн хөгжүүлэх сангаас нээлттэй зарласан сонгон шалгаруулалтад төслийн багийнхныхаа бичсэн төслийг албан ёсоор бүртгүүлээд, өөрийн компанийн нэр дээр байдаг үл хөдлөх хөрөнгөө барьцаалж тус зээлийг авсан байна.

...Эх орондоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл 20 хувьтай эхэлж байсан боловч нийгмийн бухимдал, хардалт байгаа учир зогсоход хүрч байна. Миний аав Н.Ням-Осор түүний удирдлагын баг төслийн үйл ажиллагаагаа зогсоож тус зээлийг хугацаанаасаа өмнө буюу маргааш эргүүлэн төлөхөөр шийдлээ.
Би УИХ-ын гишүүн болсноороо эсвэл байснаараа миний гэр бүл, ах дүү, хамаатан садны бизнест саад тотгор учирна гэж ойлгохгүй байгаа. Ер нь цаашдаа аливаа сангуудын үйл ажиллагааг нээлттэй болгох чиглэлээр ажиллах болно" хэмээлээ.