"Эдийн засгийн чуулган 2018" "Хүчээ нэгтгэе” уриан дор болж байна. Энэ үеэр “Улаанбаатар хотын эдийн засаг ба хөрөнгө оруулалт” сэдвээр хуралдсан юм. Модератороор Монголын ногоон барилгын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Б.Батжав ажиллав. Панелистаар Улаанбаатар хотын Засаг дарга С.Батболд, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Улаанбаатар хотын Худалдааны танхимын гүйцэтгэх захирал Д.Ончинсүрэн, Улаанбаатар  хотын хөгжлийн корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал С.Сод-Эрдэнэ, Метро дэвелопмент группын ерөнхий захирал Б.Одсүрэн, БХБЯ-ны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гүнболд нар оролцсон юм

С.Батболд: ДНБ-ий 64 хувийг нийслэлд үйлдвэрлэж байна

/Улаанбаатар хот эдийн засгийнхаа хувьд ямар хот вэ, иргэдээ дэмжих төсөл хөтөлбөрийн талаар/

-ДНБ-ий 64 хувийг нийслэлд үйлдвэрлэж байна. Бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 68 хувь, их дээд сургуулийн 96 хувь нь Улаанбаатарт байна. Орон нутгийн хөгжлийн санд жилд 18,2 тэрбум төгрөг төсөвлөгддөг.  Энэ тоо бол Улаанбаатар хотын ерөнхий эдийн засгийг харуулна. Үүнээс гадна АХБ, БНХАУ-ын тусламж нийт 400 орчим сая долларын гадаадын хөрөнгө оруулалттай төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа. Улаанбаатарт гаднаас хөрөнгө оруулж байгаа гол салбар бол барилга. Ер нь Улаанбаатар маань социализмын үед үйлдвэрлэлийн хот байлаа. 90 оноос хойш эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдөж үйлчилгээний салбарын эзлэх байр суурь өндөр үзүүлэлттэй болсон. Тиймээс цаашид нийслэлд нэмж үйлдвэрлэл, ХАА-ын салбарын үйлдвэрүүдийг байгуулахаас зайлсхийх бодлого барина. Харин инновацид суурилсан технологийн парк байгуулахад чиглэнэ.

Дэлхийн хотууд 19 дүгээр зуунд үйлдвэрийн яндангаар, 20 дугаар зуунд өндөр шилэн байшингаараа өрсөлдсөн, харин ирэх зуунд эрүүл аюулгүй байдлын индекс хамгийн чухал асуудал болчихлоо. Иймээс “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрөө хэрэгжүүлнэ. Мөн УБ хотын онцлог нь нүүдэлчдийн хот гэдэг утгаараа аялал жуулчлалын салбар томоохон байр суурь эзэлнэ гэж үзэж байна.

Бас нэг асуудал бол хотоо нэгдсэн нэг төлөвлөлтөнд оруулах. Өнөөдөр гэхэд Улаанбаатар хот Туул голын урагш хойш гэсэн хоёр хэлбэрийн зохион байгуулалтыг хийж байна. Туулаас урд буюу Зайсан орчим гэхэд Байгаль орчны яамны зөвшөөрлөөр өгөгддөг. Гэтэл энэ орчим одоо болтол нэгдсэн хэлбэрээр цэвэр бохирын шугаманд холбогдоогүй хэвээрээ. Энэ асуудлыг шийдэх тал дээр бид удаа дараа хандаж байгаа. Газрын асуудал дээр нийслэл иргэдээ эдийн засгийн хувьд дэмжиж ирсэн. Тухайлбал сургууль цэцэрлэг зэргээр нийтийн хэрэгцээний газрыг иргэдээс худалдан авахад 15 тэрбум төгрөг зарцууллаа. Мөн АХБ төсөл хөтөлбөр гэхэд 30 орчим тэрбум төгрөгийг зарцуулсан. Ингэж бодоход өнгөрсөн жил гэхэд 50 орчим тэрбум төгрөгийг зарцуулчихаад байна.

Д.Ончинсүрэн: Бизнес эрхлэгчдээ дэмжээд явбал боломж их бий

Улаанбаатар хотын Худалдааны танхим үүсэн байгуулагдсан цагаасаа эхлээд эдийн засагт нэмэртэй олон ажил санал санаачилга гаргаж ажилалаа. Үүний нэг нь Улаанбаатарын хөгжлийн корпораци. Хот маань өнөөдөр татвараас шууд хамааралтай байгаа, хэрвээ Улаанбаатарт байгаа бизнес эрхлэгчдээ дэмжээд явбал утаанаас эхлээд олон асуудлаас салах боломж бий.


С.Сод-Эрдэнэ: Нийслэл дангаараа импортыг бууруулж, экспортыг дэмжих төслүүдийг урагшуулахад дангаараа явуулахад бэрх 

Монгол улсын эдийн засгийн 64 хувь эргэлдэж байгаа энэ нийслэл хотод нэмэлт орлого олох өөр ямар боломж байгааг бид судлаж байна. Импортыг бууруулж, экспортыг дэмжих төслүүдийг урагшуулахад УБ хот дангаараа явуулах боломжгүй. Тиймээс үүнийг хийж чаддаг, хөрөнгө оруулах боломжтой хувийн компаниудыг түшиглэж төслийн хөрөнгө оруулалт хийх байдлаар хөгжүүлэх боломж байна.  Ингэснээр бага зардлаар, эргэлт сайтайгаар богино хугацаанд босох боломжтой. Энэ төслүүд нь эдийн засгийн хувьд бүрэн өгөөжтэй гэж үзвэл Улаанбаатар хот дэмжихэд бэлэн байгаа.

/Хувийн секторын оролцоог дэмжих нөхцөл Улаанбаатарт хэр бүрэлдсэн талаар/


Б.Одсүрэн: Кадастрын зургийг хийхдээ байшин хооронд замыг нь нарийн төлөвлөж өгөх хэрэгтэй

Улаанбаатар хотын иргэдийн аз жаргалыг хулгайлж байгаа гол асуудал бол замын түгжрэл. Замын түгжрэлийг шийдэх боломжууд бий. Автозамын урсгал түгжрэлгүй байхын тулд нэг машинд 60 мкв хатуу хучилттай авто зам ноогдох ёстой. Гэтэл өнөөдөр нэг машинд 13мкв байна. Үүнийг шийдэхийн тулд энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ. Кадастрын зургийг хийхдээ байшин хооронд замыг нь нарийн төлөвлөж өгөх хэрэгтэй. Зайсанд гэхэд үнэтэй хороолол байдаг ч ямар ч зай талбай алга. Уг нь үүнийг шийдэл боломжууд бий. Тухайлба Францад газар олгохдоо газар олгох гэрээнд нь энэ асуудлыг тусгаж өгдөг. Дараагийн чухал асуудал бол нягтаршил.  Улаанбаатар хотод нягтаршил ихтэй газруудад газар олголтыг цэгцэлмээр байна. Ингэж чадвал гэр хороолол руу хөрөнгө оруулалтыг чиглүүлэх боломжууд харагдаж байна. 


Ард санхүүгийн нэгдэл Золбоо:  Америкийн хот төлөвлөлтийн компанитай хамтраад судалгаа шинжилгээ тооцооллын ажил эхлүүлсэн

/Хотын чиглэлээр явуулж буй төсөл хөтөлбөрийн талаар/

Одоогийн байдлаар Ард санхүүгийн нэгдэл хөрөнгө оруулалтын чиглэлээр бодитой ажил хийгээгүй байна. Харин Америкийн хот төлөвлөлтийн компанитай хамтраад судалгаа шинжилгээ тооцооллын ажил эхлүүлсэн. Хамгийн эхний төлөвлөж байгаа ажил маань Улаанбаатарт хот дотор хотын гадна “Ухаалаг хот” шинээр байгуулах юм. Энд бид 4 байршлыг авч судлаж байна.