Үлгэр гэдэг ид шидийн гайхамшигт ертөнц, уран сэтгэмжийн шавхагдашгүй эх булаг билээ. Нүүдэлчин үндэстний үлгэр домгийн арвин баялаг эх сурвалжаас зохиомжлон нэрт зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо гуай "Хөхүүдэй", " Дөчин нэгэн хун", "Нүүдэлчин одны үлгэр" гэсэн цуврал үлгэрийн номууд гаргасныг ихэд олзуурхан уншлаа.

Хүүхдийн нас сэтгэхүйд тохирсон агуулгатай, зураг чимэглэлтэй, чанар сайтай гоёмсогоор хэвлэсэн уг үлгэрийн номууд бусад адил төстэй бүтээлүүдээс ялгарах онцлог, онцгой содон шийдлүүд байгаа нь сонирхол шохоорхолыг минь ихэд татав. Үлгэрийг Монгол, Англи хэлээр зэрэгцүүлэн бичсэнээс гадна төгсгөлд нь Франц орчуулгыг хавсаргасан байгаа нь нэг үлгэрийг гурван хэлээр унших, ойлгох, суралцах давхар боломжийг олгож байгаа давуу талтай юм. 

Номын зураг чимэглэлийг урласан зураач Б.Болормаа гэх бүсгүй Монгол зургийн аргаар гойд донж маяг, ур хийц, урлан бүтээх давтагдашгүй арга барилаа шингээсэн юм байна гэж өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрлөө. Монгол хүний дүр төрх, мал амьтан, нүүдэлчний ахуй соёлыг байгалийн үзэмжтэй хослуулан зурсан зургуудыг харахад уран зургийн галарей үзэж байгаа мэт тийм нэг гоё, сэтгэлд дулаахан мэдрэмжүүд төрж байна. Ер нь хүүхдийн сонирхол шохоорхолыг татах талаасаа үлгэрийн номын тал хувийг зураг чимэглэл орлох онцлогтой байдаг тул үүнд нарийн чимхлүүр хандах учиртай. Энэ үүргээ чамбай сайн гүйцэтгэжээ. "Хөхүүдэй" үлгэрт морин хуур үүссэн домгийг бидний сайн мэдэх Хөхөө Намжилын үлгэрийн зохиомжоос тэс өөрөөр эсрэгцүүлэн увидас шидийг олж сурахаар шийдсэн Хөхүүдэй хүү адууны хоёр хомоолонд тэгнээд наалдсан сүүлний хялгас салхинд чичирхийлсэнээс сайхан дуу аялгуу гарч байгаагаас санаа аван хуур хөгжим хийж, эгшигт сайхан аялгууны шид хүчээр хүлэг мориндоо жигүүр ургуулан хүсэл юугаа биелүүлсэн тухай хүүрнэж байна. 

"Дөчин нэгэн хун" үлгэрт өвгөн эмгэн хоёр гэмтэж бэртэн сүргээсээ хоцорсон шархтай хунг тэжээн тэнхрүүлсэн сайхан сэтгэлийн хариуд хун шувуу тэнгэрээс өдөө илгээж, түүнээс хойш үлгэр түүхийг бичиж тэмдэглэн үлдээх болсон тухай уран яруугаар дүрслэн үзүүлжээ. 

Төрж өссөн говь нутагт нь хур бороо орохгүй, ган гачиг болсны улмаас хаан аав, хатан ээжтэйгээ алсын нүүдэлд гарсан ах дүү хоёр ан гөрөөс намнахаар үлдсэн аавын захиасыг даган нүүдлээ үл зогсоож явсаар есөн зуун ерөн есөн мянган жилд нэг удаа нийлж, нэг удаа салдаг тэнгэрийн гүүрээр дамжин оддын дундуур аяласан тухай уран сэтгэмжээр өгүүлж байна.

Тэнгэрийн орноор морь мал, тэмээн хөсөгтэйгээ их нүүдэл хийж яваа тэдэнд мөнх тэнгэрийн орноо мөнхөд амьдрах хувь тохиосон ч газарт үлдсэн хаан аав, төрж өссөн нутгаас нь эрхэм зүйл үгүй учир есөн зуун ерөн есөн мянган жил аялаад эх нутагтаа эргэн ирж байгаа цаг хугацаагаар аялагчид юм. Үлгэр өөрөө уран сэтгэмж, хийсвэр төсөөллийг асар их баяжуулдаг учир жанцантай гэлээ ч балчир хүүхдүүд үлгэр домгийг үнэн бодит явдал хэмээн бат нот итгэдэг билээ. Тиймээс үлгэрийн агуулага, үг хэллэг, дүр дүрслэл уран нарийн, зураг чимэглэл нь сонирхол татахуйц байж гэмээнэ балчир оюуныг гийгүүлэх шид увидас орших учиртай. Энэ тодорхойлолтонд эдгээр ном бүрнээ нийцэж байгаад баярлахаас өөр яах вэ.