"Эрдэнэс Тавантолгой" компанийн нүүрс тээврийг хийдэг жолооч машиныхаа кабиндаа шатаж нас барсан харамсалтай явдал гарчээ.

Энэ сарын 12-13-ныг шилжих шөнийн 3 цагт Цагаан хадны нүүрс ачиж буулгах Гаалийн хяналтын бүсэд уг хэрэг гарсан бөгөөд цагдаагийн газраас хэрэг нээн ажиллаж байгаа аж.

Амь насаа алдсан жолооч Эрдэнэс Тавантолгойн нүүрсийг тээвэрлэдэг  "Их аян үйлс" тээврийн компанийн ажилтан юм байна. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад хэргийг шалгаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэв. 

Баттай бус эх сурвалжийн хэлснээр тус жолооч кабин халаагчаас оч үсрэн амь насаа алдсан байх магадлалтай гэнэ. Уг халаагч нь шатахуунаар ажилладаг бага хэмжээний мотортой юм байна.

Өмнө нь үүнтэй ижил осол  гарсан удаатай. Тухайлбал өнгөрсөн оны 11 дүгээр сард Өмнөговь аймгийн Ханбогд суманд нүүрс тээвэрлэж явсан жолооч  “Омог цагаан шонхор” компанийн автомашиныг жолоодож яваад дөрөвдүгээр зэрэглэлийн түлэгдэлттэйгээр ГССҮТ-д ухаангүй байдалтай хүргэгдэн, эмчлүүлж байгаад өвчнөө даалгүй нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Харамсалтай нь тус хохирогчийн гэр бүл одоог хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэврээ тогтоолгож чадаагүй яваа аж. Учир нь “Омог цагаан шонхор” компани хохирогчийн НДШ-ийг төлөөгүй өдийг хүрчээ.