Нэрт философич, зохиолч, бэлгэдэл судлаач Умберто Экогийн хамгийн сүүлд бичсэн роман Монгол хэлээр анх удаа орчуулагдан гарсныг олзуурхан уншлаа. 

"Хорвоо ертөнц тэр чигтээ нууц хуйвалдааны үүр" гэж үздэг байсан  Браггадочио гэх эрэн сурвалжлах сэтгүүлч учир битүүлгээр амиа алдсанаар ер бусын шинэ сонин гаргах гэж байсан  сэтгүүлчид тарж бутарахад хүрчээ. Италийн фашист дарангуйлагч Муссолинигийн тухай маш их баримт мэдээлэл цуглуулсан Браггадочио МАРГААШ гэх шинээр хэвлэгдэх сонины зургаан сэтгүүлчийн нэг нь юм. Түүний үхлийн учир шалтгааныг хэн ч таамаглаж мэдэхгүй. "Зам зуурт таарсан хэн нэгнийг сэжигтнээр татаж, хэргийг хаадаг" тийм нийгэмд үнэн мөн гэдэг худал хуурмагт хучаастай байдаг учраас үхлийн шалтгаан нь хэзээ ч тодорхой болохгүй яг л ЗОРИГ агсаны хэрэг шиг!  

Браггадочио домогт фашист Муссолинигийн тухай шинэ домог зохиох гэсэн юм биш, факт баримтыг цуглуулан анализ дүгнэлт,  гаргалгаа хийж маш ноцтой сэжүүрт хүрээд байсан аж. Муссолини алагдаагүй, тэр Аргентин рүү дүрвэн гарч хожим 25 жилийн дараа төрийн эргэлт хийхээр, фашизмыг дахин сэргээн мандуулахаар Итали орондоо ирсэн боловч "бүтэлгүйтсэн " тухай цочирдом түүх! Хамгийн гол нь энэ хуйвалдаанд нууц албад,  улс төрчид, бизнесмэнүүд, мафийн бүлэглэлүүд тэр байтугай оройн дээд Ватикан хүртэл оролцсон тухай улс төр, бизнес, шашин, гэмт бүлэглэлүүд бүгд хоорондоо холбоотой ажиллаж байсан гэх цэлмэг тэнгэрээс аянга буух шиг аюултай мэдээлэл, нууц хуйвалдааныг сэтгүүлч Браггадио эрэн сурвалжилж байсанд түүний үхлийн далд нууц оршино. ЖИНХЭНЭ БОДИТ БАЙДАЛ ЯМАР Ч УРАН СЭТГЭМЖЭЭС ИЛҮҮ. 

Эко залуудаа фашист зохиолчдын уралдаанд манлайлж, дарангуйлагч Муссолинийг талархан дэмждэг байсан нэгэн тул далд нууц түүхийг нь чамгүй сайн мэддэг байж таарна. 

Зохиолын үйл явдлыг хүүрнэн өгүүлэгч, сэтгүүлч Колонна гэх хижээл насны эр, өөрийнх нь охин нь байхаар 20 гаруй насны дүү бүсгүйтэй янаг амраг болсон нь анхны дугаар нь ч гарч амжаагүй бүтэлгүйтсэн МАРГААШ сонинд ажилласны ач тус байх. Угтаа бол бүтэлгүйтсэн биш зорилгодоо урьдчилан  хүрээд хаагдсан гэх нь зөв байх. "Сонингоор сайд, ялаа хоёрыг алдаг" гэж хуучны үг юутай үнэн билээ. Хэвлэл мэдээллийн хамелеон технологийг дурайтал үзүүлж "Хэрэг мянган жил болсон ч хуучрахгүй. Хэрээ мянган жил болсон ч цайхгүй" гэж хэлэлцдэг ч мэдээллийн урсгалд живсэн орчин цагийн хүмүүсийн ой санамж нь  салан баавгай шиг аж. Хэрээг хун болгож, хэрэгтнийг баатар болгох ид шид сэтгүүлзүйд л байдаг юм байна. 

Үнэн гэгч худал хуурмагийн тоосонд дарагдсан цаг үед хов живээр хооллож угжны хурга шиг болсон хүмүүсийн тархи толгойг эргүүлж самууруулахад сэтгүүлзүйн бохир технологийг гарамгай ашигладаг аж. Зохиолч Умберто Эко "Ямар ч шүүлтүүр хяналтгүй хүлээж авах асар их мэдээллийн урсгал яваандаа солиоролд хүргэнэ. Интернетийн хамгийн гол аюул нь энэ" ярилцлагандаа дурдсан нь нэгийг өгүүлнэ. 

Эцсийн бүлэгт ядуу даржин сэтгүүлч Колонна бүх нууцыг мэдэж байсан учраас амиа хоохойлон, аутизм өвчтэй нялх амрагтайгаа оргон зугтахад хүрчээ. Үнэн мөн худал хуурмагийн ирт мэсэнд тас хяргагдах цөвүүн цагт амиа авч гарсандаа баярлах Колонна "Хэтийдсэн их зүйл хүсэхгүй бол хорвоогийн амьдрал гэдэг чинь хөнгөхөн эд юм" гэсэн тайвшралд хүрч байна. ХАРХНЫ ҮҮР ШИГ БОХИР НИЙГЭМД ҮНЭН ГЭЖ ҮГҮЙ. 

Мафижсан төртэй улсад гаднаасаа бүх юм хөмөрсөн тогоон дотор байгаа мэт ажин түжин. Айдас хүйдэст автсан ард иргэд нь хоногийн хоолны төлөө чимээгүйхэн үйлээ эдэлсээр. Шоронд зөвхөн халаасны хулгайч, дээрэмчид л сууна. Мэдээлэл чөлөөтэй байх тусмаа тархи угаах технологийн олон хувилбарыг турших боломжтой. Мэдээлэлд хариу реакц өгөх хүмүүсийн сэтгэлзүйн урвал, хямрал гарах үр дүнг нэвт шувт мэдэж байна. Энэ дэлхийд мэдээлэл бол  мөнгө, эрх мэдлээс ч хүчтэй зэвсэг юм...НУУЦ ХУЙВАЛДААНЫ ҮҮР УУРХАЙ БОЛСОН УЛС ОРОН. Танил дүр зураг!!! 

"Уран зохиолыг харах өнцөг хязгааргүй" гэж зохиолч Умберто Эко нэгэнтээ хэлсэн шиг энэ номыг харах, ойлгох миний өнцөг нэг иймэрхүү байна.