Авлигатай тэмцэх газраас сар бүрийн 25-ны өдрийн уламжлалт хэвлэлийн хурлаа өнөөдөр зохион байгууллаа.  АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс энэ оны эхний зургаан сарын байдлаар гэмт хэргийн шинжтэй 552 гомдол, мэдээлэл хянан үзсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 342-оор их буюу 2.6 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Хүлээн авсан 552 гомдол, мэдээллээс 287 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх санал гаргасан, 209 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гаргасан, 45 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн. Одоо 31 гомдол ажиллагаанд шалгагдаж байна. 

Шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн зарим хэргийн товч мэдээлэл:

  • ННҮГ-ын дарга Д.Одончимэг, ерөнхий нягтлан бодогч Д.Энхжаргал нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглан үндэслэлгүй хөрөнгөжсөн, 2012-2017 онд өөрсдийн хамаарал бүхий 9 компаниар дамжуулан 1,5 тэрбум төгрөг завшсан;
  • “Өсвөр үе хүнс" ОНӨААТҮГ-ын дарга Б.Наранчулуун, ерөнхий ня-бо Н.Ариунболд, менежер Б.Хулан, түгээлтийн нярав Т.Энхтуяа нар нь албан тушаалын байдлаа ашиглан нэр бүхий аж ахуйн нэгжүүдээс төмс хүнсний ногоо, мах махан бүтээгдэхүүн худалдан авахдаа сонгон шалгаруулалт явуулалгүйгээр гэрээ байгуулан авч, бусдаас хээл хахууль авсан;
  • Дорнод аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын албан тушаалтнууд нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус аймгийн Гурванзагал суманд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн “Мах сүү, сүүний чиглэлийн үржлийн хээлтэгч, хээлтүүлэгч олгох” төслийг сонгон шалгаруулалтгүйгээр тус сумын Засаг дарга Ч.Батдэлгэр, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Дамдинсүрэн нарын төрсөн дүү ах дүү нар болох Ч.Дамдиндорж, Ч.Батчадраа нарт давуу байдал бий болгосон;
  • Улсын дээд шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтанд буцаж ирүүлсэн Г.Дэнзэн нь Монгол Улсын тэргүүн шадар сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн хил, гаалийн шалган нэвтрүүлэх боомтод автотээврийн хэрэгслийн жинлэх 150 тонны даацтай хэмжилтийн пүүг худалдан авах сонгон шалгаруулах үнэлгээний хорооны ажлын хэсгийн даргаар томилогдож албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт дахин шилжүүлээд байна.