Дээд эрүүл мэндийн “Оточ Одь” эмнэлгийн ерөнхий эмч, Монгол Улсын хүний гавьяат эмч П.Баатартай ярилцлаа.

-Уламжлалт анагаах ухаанд хүн бүрэлдэн бий болохыг хэрхэн тодорхойлсон байдаг вэ?

-Хэчнээн сая живаа ширхэг эс дундаас эрэгтэй хүний цагаан дусал /цагаан эс/, эмэгтэй хүний улаан дусал /улаан эс/ нийлж эмэгтэй хүний умай өндгөвч гуурсаар дамжиж үр тогтдог. Үүн дээр сэтгэл буюу сүнс гэсэн гурван нөхцөл ханамжтай бүрдэж байж эхийн биед 7 цөв ялгарч шимэгдээд төгөлдөр болж эргэлтийн  үйл ажиллагаанд оролцоно. Энэ тамирын шим нь хэвлий дэх хөвөрлийн анхны дүрс болж хүйсээр нэвтэрч шимэгдээд хөврөл өөрөө төлжин бойждог гэж уламжлалт анагаах ухаан үздэг. 

Эхлээд үр ум судал дээр үүсээд түүнээсээ эхлээд үндсэн 3 судал дээр бие цогцсыг тогтоож тэрхүү судас нь тийн мэдрэл зэрэг бүтцийг бүрэлдүүлдэг. Улмаар үүсч бүрдсэн хөврөл 36 махбодийг бүрэлдэхүүнийг тэжээн төлжиж 38 долоо хоног эхийн хэвлийд бойжоод хүүхэд мэндэлдэг.
Энэ хүртэлх цаг үед эхийн идэж уусан хоолны шим,шимгүй идээ ундаа мөн сэтгэлийн явдал мөрүүд хэвлийд байгаа хүүхдэд нөлөөлж байдаг. Тухайлбал, хөл хүнд үедээ хатуу ширүүн бэрхшээлтэй үйлийг хэтрүүлэх, сэтгэл санаа хэт тогтворгүй байх, гомдох, сэжиглэж цэрвэх, сэтгэл санааны хүнд цохилтонд орох зэрэг ёс бусын учралтай таарах нь төлжиж буй урагт сөргөөр нөлөөлж гажиг үүсгэх ч аюултай. Иймээс л монголчууд гэр бүл болох хүмүүсийн бие махбодийн зохицол, удмыг нь харж гэрлүүлдэг, хөл хүнд болсон хойно тухайн үеийн идээ ундаа явдал мөрийг тохируулж анхаардаг байжээ.

Мөн зарим эцэг эхчүүд хүүхдийнхээ хүйс дээр маргадаг. Нэг нь хүү хүсч байхад нөгөө нь охинтой болно гэх нь бий. Хэрэв хэвлий дэх хүүхдийн бэлгийн бойжилтын ид үед ингэж маргалдаад байвал урагт сөргөөр нөлөөлж, улмаар тэрхүү мэдээллийг эс авч хялар хүүхэд төрөх магадлалтай гэж үздэг. 

-Тэгвэл эхийн хэвлийд байхад идсэн хоол хүнс урагт хэрхэн нөлөөлдөг вэ?

-Ураг хөгжиж байгаа үед маш их чихэрлэг эсвэл хэт давслаг, исгэлэн, гашуун, гошуун, эхүүн зэрэг 6 амтын аль нэгийг хэтрүүлэн хэрэглэвэл хий шар бадганы зохилдоо гажиж эхэлдэг. Жишээ нь чихэрлэг амтыг хэтрүүлж идвэл охин төрөх магадлал их. Гэхдээ охинтой болно гээд хэт их чихэр хэрэглээд байж болохгүй. Ингэвэл дээр ярьсан 7 тамирт хий шар бадгана нөлөөлж урагт сөрөг аюултай. Энэ мэт дээр дурьдсан шалтгаануудаас болоод жам ёсоороо төрөх хүмүүс багасаад байгаа юм.Үүнийг базаад хэлбэл эрүүл хүүхэд төрүүлнэ гэдэг Ум, Рома, Жама гэсэн 3 төв судал, 7 тамир, үүнээс гадна ээжийн бие хэл сэтгэл гурав мөн од эрхэс нар сартай холбоотой.

Нар сарны тухайд гэхэд монголчууд зуны эхэн сарын шинийн 15-аас нар буцах хүртэлх хугацааг буяны сар гэдэг. /V сарын 8-аас VI сарын 22/ Энэ хугацаан дахь дүйчин өдрүүдэд буян хийнэ гэдэг нь биеийнхээ дархлааг сайжруулж цагаан хоол  идэх өдрүүд юм. Мөн гараг эрхсийн нөлөө хүний биед таагүй нөлөөтэй учраас энэ үед эр эм болохгүй байх, буянд шамдах, эрчим хүчээ хураахыг зөвлөдөг.  Эрхтэн системийн дархлаа унадаг, эрсдэлд орж мэдэх учраас эдгээр өдрүүдийг монголчууд буяны сар болгосон байгаа юм. Ер нь аль болох өвөл хүүхэдтэй болвол сайн. Учир нь хүний хүч, энерги их байдаг. Түүнийгээ дагаад дархлаа сайтай хүүхэд төрдөг.

Дорно дахины Хятад, Япон, Солонгост ч бас энэ өдрүүдэд мөн ханш нээгдэхийн өмнөх өдөр, нар буцахын урд өдөр мөн өвлийн дунд сарын шинийн 25-нд хүүхэд олохыг таашаадаггүй. Харин нар буцсанаас хойш хүүхэдтэй болдог уламжлал бий.

-Үүний цаана ямар ухаан нуугддаг вэ. Тухайлбал тэргэл сартай өдөр энгэр зөрүүлдэггүйн нарийн учрыг тайлбарлавал?

-Зарим хүмүүс худал үнэн мэдэгдэхгүй зүйл ярьлаа, шинжлэх ухаан хөгжчихөөд байхад гэх байх. Гэтэл энэ монгол ном сударт бичигдсэн зүйл бол шинжлэх ухаанаар батлагдсан зүйл. Тэдгээр хориглосон өдрүүдэд бэлгийн харилцаанд орвол тэр олон эсүүд гэмтдэг. Жишээ нь шинийн 15-ны тэргэл сартай өдөр Камчатикийн хойг дээр гэхэд далайн ус дээшээ татагдчихдаг үе. Яг энэ өдөр нар сарны гэрлийн нөлөөгөөр эр эм эсийн дотор байгаа мэдээлэл, хромсоммыг гамма туяа гэмтээдэг. Тийм учраас шинийн 15-ны шөнө сарны туяаг гэртээ оруулахгүйн тулд өрхөө татаж, хаяагаа буулгадаг байжээ. Хэрвээ энэ үед энгэр зөрүүлбэл асуудалтай хүүхэд олох магадлалтай. Үүнийг монголчууд шинжлэх ухаан хөгжөөгүй эрт үед мэддэг үр хүүхдэдээ хэлдэг байж. 

Бас нар буцах үед яавч энгэр зөрүүлдэггүй. Сайн хүн, эрүүл хүүхэд төрүүлье гэвэл нар буцсанаас хойш хүүхэд олдог байжээ. Мөн час өдрөө бэлгийн харилцаанд ордоггүй. Тэгвэл бөөр гэмтэнэ гэж үздэг. Энэ мэтээр хүүхдийг эхийн умайд хэзээ олохоос эхлээд л монголчууд онцгой анхаарч, төрсөн хойно нь төрсөн өдөр гарагаар нь төлгийг үзэж шинжиж ирсэн ард түмэн.


-Идээ ундаа тохируулахын ач тусыг тайлбарлавал?

-Монголчууд эртнээсээ улиралдаа тааруулан 6 амт, 7 тамирыг тэнцүү хэмжээгээр хэрэглэж ирсэн. Ингэснээр хүүхдийг эхээс эрүүл саруул хүүхэд төрдөг. Харин эсрэгээрээ

7 тамирын шингэлтээр хорлогч /хий, шар, бадгана/, хорлогдогчийн /шээс баас хөлс/ тэнцвэр алдаад ирсэн үед хоол ундаа зөв тохируулахгүй бол хүүхдийн эсийн мэдээлэл гэмтэж ургийн гажиг үүсэх магадлалтай. Хорлогч, хорлогдогч хоёрыг яаж тэнцүүлж хоолондоо хэрэглэх ёстой. Аль нь дутагдаж байгаагаа хэрэглээд илүүдэж буйгаа больчиход болно.

-Таны анзаарснаар бид хамгийн түгээмэл гаргадаг алдаа юу байна вэ? 

-Дээр дурьдсан зүйлийг мэдэхгүй, тааруулдаггүйгээс хэт туйлшраад байна. Жишээ нь, ус сайн гээд улирал хамаагүй уудаг шүү дээ. Гэтэл бадгана буюу хүйтний цагт хар ус уугаад байвал урагт сайнгүй, эхийн бөөрний тамир буурна, ходоодны гал буурна. Бас хордож ч болно. Ураг ид өсч байгаа үед хэт халуун цай уугаад байвал хүүхдийн үс ургалт багасна, хүйтэн юм уувал даарч хөрдөг, түүндээ хариу урвал үзүүлдэг. Ерөөсөө ураг гэдэг эхийн шим, бие сэтгэл гурвын мэдээллийг авч байгаа учраас халуун хүйтнээ зохицуулахаас аргагүй. Үүнийг зохицуулаагүйгээс болж эхийн хэвлий дэх хүүхэд гэмтдэг.

Гэхдээ битгий ус уу гэж байгаа юм биш. Шарын цагт буюу дулааны улиралд ус уухад гэмгүй.

Уламжлалт анагаах ухаанд идээ ундаа нь биеийн шим тэжээлийг ханган, бие махбодийг төлжүүлэн шимжүүлдэг таван махбодын мөн чанар идээ ундааны 6 амт, гурван илчийг тохируулж хэрэглэх нь чухал гэж үздэг. 

Идээ ундаа улирлын нөлөөгөөр таван махьбодын дутуудаж илүүдэж, буруудсан бол эхний шатанд хоол ундаар төлжүүлж эмнэдэг. Яагаад гэвэл идээ ундаа ч гэсэн таван махбодиос бүрэлдэх тул идээ ундааны тунгалаг шим нь таван махбодид төрөлжсөнөөр эд эрхтнийг шимжүүлж тэжээл болж байдаг. Өвлийн эхэнд болон адагт хүйтний нөлөөгөөр шар үсний сүв хаагдаж галын илч дотор төвлөрдөг. Тиймээс хоол шингээлт төдийгүй хоолны дуршил ч сайн байдаг тул биеийг төлжүүлэх амтлаг, исгэлэн, давслаг амттай голдуу хоол иднэ. Өвлийн шөнө урт тул хүний тамир буурахаас сэргийлж мах, махны шөл, тослог идээ тустай. Хаврын цагт хүч тамир буурдаг. Учир нь, өвлийн цагт хураасан бадган хүйтэн хаврын нарны гэрэлд хайлсанаар бадгана арвидах учраас гашуун, гошуун, эхүүн амттай идээ ундаа хэрэглэдэг. Энэ үед хуучин хуурай газрын амьтны мах, арвай, бал, буцалсан ус, бор гааны тан зэргийг хэрэглэвэл тустай. Дэгжирлийн улирал буюу зун биеийн хүч тамир багасдаг учраас шингээлт сайтай идээ ундааг голдуу хэрэглэдэг. Энэ үед исгэлэн амттай халуун хурц чанартай идээ ундааг хэтрүүлж болдоггүй. Зуны халуунд шар усны сүв нээгдэж хөлс их гаран тамир багасдаг учраас төлжүүлэх идээ, ундааг идэж уувал сайн. Харин намар нь хавар болон зуны дулаан цагт хураасан шар нарны хурц гэрлийн нөлөөгөөр хөдөлдөг. Тиймээс исгэлэн болон халуун чанартай хоол хүнсийг хэрэглэж болохгүй. 

-Уламжлалт сударт бичсэн хөл хүнд эмэгтэй хүний мэдвэл зохих цээрийг дурьдвал?

-Эх хүн хөл хүнд байхдаа элдэв амьтан араатны мах идэхийг цээрлэх талаар ном сударт  дэлгэрэнгүй бичсэн байдаг. Учир нь тухайн амьтныхаа араншин мэдээлэл урагт нөлөөлж, 5 махбод 7 тамирт сөргөөр нөлөөлнө. Ураг эхийн хэвлийд байхаас мэдээлэл авдаг учраас зарим хоолыг идэж уух цээртэй, бүр үзэх харах зүйлсдээ хүртэл болгоомжтой ханддаг.  Тийм учраас хөл хүнд болсон л бол эрэмдэг зэрэмдэгийг харах, уй гашуудалтай газар очихыг цээрлэдэг байжээ. Эрт үеийн судар ном, ёс заншилд маань жирэмсэн үед зарим цээрүүдийг онцгойлон анхаарах ёстойг бичсэн байдаг. Тухайлбал “Эхнэр хүн жирэмслэвэл хавиргадан хэвтэхгүй, хөвөө заагаар суухгүй, удтал зогсохгүй, хачин муухай үнэртэй хоолыг идэхгүй, ор суудал нь төв бусын дээр суухгүй, зөв бус огтолсныг идэхгүй” гэж бичжээ. 

Хөл хүнд үедээ идэхийг цээрлэдэг  хоол хүнс

*Туулайн мах идвээс хүүхэд нь дуугуй бөгөөд сэтэрхий уруултай төрдөг.

*Ямааны мах хүүхэд өвчлөх эрсдэлтэй

*Тахианы өндөг, хатаасан загас идвээс хүүхэд нь яр шарх үлэмж их болно.

*Архи ууваас хүүхдийн сэтгэл санаанд нөлөөлж садар самуун, ичгүүр сонжуургүй төрнө.

*Яст мэлхийний мах идвээс хүүхдийн хүзүү богино болно.

*Луусын мах идвээс хөгжихөд бэрх болно.

*Тарваганы мах, хумсаараа малтагч, жигүүртэн, буг, гөрөөсний махыг мөн цээрлэнэ.

Орчин үед сайн гэхээр юу ч хамаагүй иддэг болж. Энэ маш буруу.


-Ном сударт эхийн идэж ууснаар хүүхдийн хүйс өөрчлөгдөж болно гэж бичсэн байдаг гэж дуулсан. Энэ үнэн үү?

-Хоол ундаа тодорхой 7 хоногт тааруулж чадвал хүйсийг ч өөрчилж болдог. Жишээлбэл тэрхүү өдрүүдэд чихэрлэг амт их хэрэглэвэл охин болох магадлалтай. Бүр хоол унд, явдал мөрөө зөв тохируулах эсэхээс хамааран хүүхдийн хүйс манин болох эсвэл ихэрлэх талаар “Анагаах ухааны дөрвөн үндэс”, “Хүн тогтох ёс” гэсэн ном судруудад бичсэн байдаг.


-Та ураг маш мэдрэг, эс нь мэдээллийг хүлээн авч байдаг гэсэн. Энэ тал дээр сонирхолтой жишээ хэлбэл?

-Ерөөсөө жирэмсэн үедээ эх ямар хоол иднэ, ямар эрдэм сурна бүгд эсийн мэдээлэлд хадгалагдаж үлддэг. Үүнтэй холбоотой гайхамшигтай жишээ бий. Жишээ нь, хөл хүнд байхдаа шинэ хэл судалвал хэл сурах төрөлхийн авьяастай хүн болдог гэсэн судалгаа бий. Тиймээс орчин цагийн шинжлэх ухаан хүүхдийг төрсний дараа хүмүүжүүлж сургахаас илүү эхийн хэвлийд олдсон цагаас төрөх хүртэл нь анхаарах боломжтой талаар мэдээлж байна.  

Уламжлалт анагаах ухааны хувьд хөл хүнд бүсгүй мэргэн цэцний үгийг сонсч, баяр билэгт сайн сайхныг харахыг эрхэмлэдэг ёсон бий. Хэрэв буруу хазгай үзэж, эсгэлүүн хоол идвэл эсэд буруу сөрөг мэдээлэл очиж гэмтдэг гэж үздэг.

Хэрэв энэ мэтээр явдал мөр нь зүй зохисыг олбол хүүхдийн өнгө зүс төв болно, авьяас билигтэй төрнө гэж үздэг. Хубилай хааны оточ Хүсэхүйн бичиж үлдээсэн  “Идээ ундааны жинхэнэ товчоо” номонд хүүхдээ оюун ухаан хурцтай хүн болгохын тулд эх нь мөргө загас, тогос шувуу зэргийг бахдан сонирхвоос сайн гэдгийг онцолсон байдаг.


-Хүүхдийг төрсний дараа анхаарах хамгийн чухал зүйлээс дурьдвал?

-Бид өмнө нь эрүүл хүүхэд төрүүлэхийн тулд эхийн хэвлийд байх үеэс хэрхэн анхаарах талаар ярьлаа. Үүнээс ч дутахгүй чухал зүйл бол хүүхэд төрсний дараах үе.Тухайлбал, эхнэрээ төрөөд удаагүй байхад нь бэлгийн харилцаанд орох, гамаа хийх ёстой хугацаанд бэлгийн харилцааг хэтрүүлж хийж болдоггүй. Үүнээс болж эмэгтэйн сүү багасч хүүхэд тэжээлийн дутагдалд орж турж эцнэ. Мөн төрсний дараа хоол ундаа сайн идээгүй, гам алдсанаас болж бөөр бусад эрхтэн гэмтдэг. Энэ мэтээр төрсөн эмэгтэй гам сайн барихад гэр бүлийн хүн нь ч сэтгэл санаагаар дэмжиж тайван байлгахыг ерөөсөө мартаж болохгүй.


-Гам барихгүйгээс болж хүндээр өвдөж болох уу?

-Эмэгтэй хүн төрөхөд эрүүний яснаас бусад нь салдаг гэдэг, эх хүн ямар хүнд бэрхийг туулдаг нь эндээс харагдана. Ингэж хоёр яс хагацсан эмэгтэй хүний бие бүрэн нялхардаг. Тэр үед гам барих маш чухал. Нялх бие дээрээ даарч хөрөхгүй байх, хүйтэн халууныг харшуулахгүй, гэнэт айж цочихгүй байх гээд олон гам бий. Хэрэв нялх биетэй эмэгтэй хүн айж цочвол зүрхний голын хий өвчтэй болдог. Хэрэв төрсний дараах гам барихгүй бол насандаа салахгүй өвчин хуучтай болох талтай. Орчин үед зарим нь гам барихыг үгүйсгэдэг болж. Гэхдээ бидний төрсөн хүнээ сэргээж, хайр халамжаар ивээж гам барьж ирсэн уламжлалт ёс маань хэзээ ч хуучрахгүй. Харин ч хэдэн мянган жил болох тусам батлагдсаар ирлээ. 


-Ангир уургийн хүүхдэд хүрэх шим тэжээлийн тухайд аминчилж юу хэлэх вэ?

-Хүүхдийн тухайд төрөнгүүт нь эх ангир уургаа амлуулах нь хамгийн чухал. Ангир уургаа амсаагүй хүүхэд биеийн хөгжил сул дорой байдаг. Эхийн сүү гэдэг хүүхдэдээ зориулагдсан юугаар ч орлуулшгүй найрлагатай биеийг тамиржуулагч, хөхний сүүнээс дээд сүү байхгүй. Тиймээс эхчүүд маань хүүхдээ нэмэгдэл сүүнд оруулах гэж яаралгүй хөхөндөө сүү оруулах бүхий л аргуудыг туршиж үзэх хэрэгтэй шүү. Ингэхийн тулд төрөхөөсөө өмнө мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч хөхөө бэлдэх ёстой. Зарим эхчүүд сүү орохгүй байна гэдэг. Энэ нь мөн л идээ ундааны 6 амтыг тохируулаагүйтэй холбоотой. Жишээ нь нярай үед  нь эх хэт чихэрлэг амтыг хэтрүүлбэл хүүхэд диатизтай болох магадлалтай. Жирэмсэн, төрсөн аль нь ч бай аль нэг зүйлийг идэж болно, гол нь хэтрүүлж бус тааруулж хэрэглэвэл урагт, хүүхдэд илч тэжээл болж, органик нэгдлээ хүлээн авч чадна.

Хөхүүлэхдээ өөр зүйлс рүү сатаарахгүйгээр хүүхдийнхээ нүд рүү нь харж, бүүвэй аялахад сүү ивэлж гардаг.  Гар утас харангаа хөхүүлээд байж болохгүй гэсэн үг. Уламжлалт анагаах ухаанд хөхүүл эх идээ ундаанд зохисыг үзэж болгоомжлох нь чухал талаар бичсэн байдаг. Хэрэв юуг ч цээрлэхгүйгээр аль амттай шимттэйг ай тааваар нь идэж уувал хүүхэд өвчлөмтгий болно гэж үздэг. Сүүгээр дамжиж мэдээлэл хүрч байгаа учраас тэр. Хүүхдийг шимжүүлж дархлааг нь нэмэхийн тулд монголчууд эртнээс ингэний сүү өгч, ураг сүүл хөхүүлдэг байсан.Тэр дундаа ураг /годонгийн үзүүрийн/ сүүлэнд маш их нууц бий. Ингэний саам хүүхдийг дархлааг бүрэн дэмждэг. Гэхдээ сайн гээд туйлшраад дандаа хэрэглэхээс илүү бүх төрлийн амтыг тохируулж өгөх нь зөв.

-Хуучны хөгшчүүдээс та эрүүл сайн хүүхэд төрүүлэх сонин сайхан зүйлээсээ сонсч байсан болов уу. Түүнээсээ хуваалцвал?
-Эрт дээр үеэс монголчууд сайн хүн, эрүүл хүүхдийг төрүүлэхдээ байгаль, нар сарны хөдөлгөөн, ёс заншил, гэр орон, хоол ахуйгаар тохируулж олж байсан юм билээ. Хүүхдээ олохоос нь эхлээд үс сэвлэгийг нь авахдаа хүртэл уламжлалт ёс заншлын дагуу олон уламжлал бий.

Тийм ч учраас тэр цагт монголчууд цөөхөн ч маш хүчтэй гентэй хүүхдүүдийг төрүүлж байсан. Энэ талаар өвгөн багшаасаа гэхэд сонин зүйл сонсч байлаа. 

Хуучны бясалгал хийдэг эмэгтэйчүүд хань нөхрөө очирваань бурхан гэж хайрладаг байж. Гэрээ бурханы өргөө, униа 88 ямандаг бурхан гэж үзээд сүү цайныхаа дээжийг өргөхдөө тэр олон бурхан, лус савдаг, газар тэнгэрт өргөж байна гэж төсөөлнө. Төрсөн үрээ тэр олон бурханы шим тэжээлийг хүртэж байна гэж бодож бясалгаж хөхүүлдэг сайхан ёс заншил байсныг багш минь айлдаж байлаа. Эр нөхөр нь ч эхнэрээ хүндэтгэн дарь эхтэй зүйрлэнэ, ингэж бодож байгааг нь мэдэх тул ээжийн сүү ч тэр мэдээллээр ариутгагдан үрдээ ариун тансагаар ивлэн гарч тэжээнэ. 

Гэтэл орчин цагт хүүхдээ хөхүүлж байгаа эхнэрээ элдвээр нь хэлдэг эрчүүд ч цөөнгүй болжээ. Тэр сүүгээр дамжиж хүүхдэд мэдээлэл хүрч байгааг, хожим нь огцом уур уцаартай хүн болж өснө гэдгийг мэдэхгүй байна. Зарим ээжүүд ч гэсэн хүүхдээ хөхүүлэхдээ юун хайр бясалгал манатай, нэг гараараа хүүхдээ тэврээд нөгөө гартаа утсаа барингаа хамаг анхаарлаа төвлөрүүлж байгаа харагддаг. Бясалгал гэдэг тусгай орд өргөөнд бус хүүхдээ хөхүүлэхдээ, хоолоо хийхдээ, нөхөртэйгээ харилцаж байхдаа л хийдэг зүйл юм.

-Та өмнө нь хүүхдийг эхэсээр домнодог ёс заншлын талаар ярьж байсан. Энэ талаараа дэлгэрүүлж ярихгүй юу?

-Орчин үед эхэсийг нь хогийн саванд л хийчихдэг. Гэтэл хуучин цагт эхэсээс нь авч хадгалдаг, хожим хүүхэд өвдвөл дом хийж, эмчилгээнд ашигладаг байжээ. Хятад гэхэд үүнийг шинжлэх ухаанжуулаад төрсөн хүүхдийн эхэсийн банк нээчихсэн, төлбөр өртөг нь ч өндөр юм. Хавдар болон хүнд өвчин тусахад эхэсийг нь ашиглаж байна. Үүнийг монголчууд олон зуун жилийн өмнө мэддэг байсан учраас эмчилгээнд хэрэглэж байсан юм.