Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Онцгой байдлын газрын 2015, 2016, 2017 онд авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажил байдалтай танилцсан дүнгээ танилцууллаа. 

Онцгой байдлын салбарын хувьд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулалгүйгээр томилдог, ашиг сонирхлын зөрчил үүссэн тухай мэдэгдэл, тайлбарыг гаргадаггүй, хуульд болон ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй иргэнийг албан тушаалд томилдог, иргэдээс ирүүлж буй өргөдөл, гомдол, мэдээллийн шийдвэрлэлт хангалтгүй, байгууллагын дотоодод хяналт шалгалтын үйл ажиллагаа хангалтгүй зэрэг нийтлэг зөрчил, дутагдал илэрчээ.

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг тус салбарт даган мөрдөж буй хууль тогтоомж, эрх зүйн орчинд дүн шинжилгээ хийжээ. Онцгой байдлын салбарын үйл ажиллагаанд хэрэгжүүлж буй хууль тогтоомж, дүрэм журмуудыг өөрчлөх, шинэчлэх, сайжруулах шаардлагатай болсон гэж Ажлын хэсгээс жишээ татан танилцууллаа. Тухайлбал, 2012 онд Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх чиглэлээр зөвшөөрөл олгох, дүгнэлт гаргах журмыг 2017 оны 2 дугаар сард батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хуульд нийцүүлэн өөрчлөх шаардлагатай байна.

Ажлын хэсэг Онцгой байдлын ерөнхий газрын 2015, 2016, 2017 оны төрийн нууцад хамаарахаас бусад тендерийн материал, үнэлгээний хорооны бичиг баримт, хуралдааны тэмдэглэл, Сангийн яамнаас ирүүлсэн албан бичгийг судлан танилцахад холбогдох албан тушаалтнууд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлдэггүй, хууль, дүрэм журмаар тогтоосон хэм хэмжээг илтэд зөрчдөг, шууд гэрээ байгуулдаг, худалдан авах бараа, ажил, үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан зөв төлөвлөгөөгүй, үр ашигтай зохион байгуулаагүй, хууль болон тендерийн баримт бичигт заасан шаардлага хангахгүй этгээдийг гүйцэтгэгчээр шалгаруулдаг, зах зээлийн үнээс өндөр үнээр бараа, бүтээгдэхүүн худалдан авдаг зэрэг нийтлэг зөрчил гаргасныг тогтоожээ.

АТГ