2019.04.04 – Монгол Улс авлигын эсрэг тэмцэлдээ илүү бодитой үр дүнд хүрэхийн тулд Авлигатай тэмцэх газар болон шүүх, прокурорын байгууллага зэрэг хууль сахиулах байгууллагуудаа хүчирхэгжүүлж, хараат бус бие даасан байдлыг нь хангах ёстой гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-аас гаргасан шинэ тайланд new OECD report дүгнэж байна.

Тайлан нь мөн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, авлигын эрсдэлтэй салбаруудыг зорилгоо болгосон Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлагдсан болон Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаа эрс сайжирсныг сайшаан хүлээн авч байна. 

Монгол Улс хэд хэдэн төрийн өндөр албан тушаалтны авлигын том хэргүүдийг шийдвэрлэж, олон тооны эрүүгийн хэрэг нээн мөрдөн шалгаж буй нь хууль сахиулах их хүчин чармайлтынх нь илрэл мөн.

Харамсалтай нь Авлигатай тэмцэх газрын хараат бус бие даасан байдалд заналхийлэх, үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого, дайралтууд үргэлжилсээр байгаа нь санаа зовоож, Монгол Улсын авлигын эсрэг тэмцэлд том саад болж байна.

Тайлан нь Монгол Улс Авлигатай тэмцэх газар хуулиар хүлээсэн эрх, үүргээ гадны аливаа нөлөөллөөс ангид биелүүлэх боломжоор хангах, Авлигатай тэмцэх газрын даргын албан тушаалаа хаших хугацаа зэрэг хараат бусаар бие дааж ажил үүргээ гүйцэтгэх баталгааг хатуу баримтлахыг сануулж байна.

Монгол Улс нь мөн шүүх, прокуроруудын хараат бус, шударга байдлыг бататгаж, улс төрийн болон аливаа өөр хэлбэрээр хөндлөнгөөс үйл ажиллагаанд нь оролцохгүй байх боломжоор хангах ёстой. 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хууль, Прокурорын тухай хууль, Авлигын эсрэг хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж, Дээд шүүхийн ерөнхий шүүгч,  Улсын ерөнхий прокурор нарыг албан үүргээс чөлөөлсөн нь цочирдом үйлдэл болсон бөгөөд эдгээр байгууллагуудын хараат бус байдлыг хангах шаардлагатайг ахин сануулахад хүргэж байна.

Тайлан нь Монгол Улс цахим худалдан авах ажиллагааг нэвтрүүлсэн, хөрөнгө орлогын мэдүүлгийн системд ахиц дэвшил гарсныг сайшаан хүлээн авч байна. Гэвч Монгол Улс нь Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн хамрах хүрээг хязгаарлаж, өрсөлдөөнгүй худалдан авах ажиллагааны тоо өссөн асуудалд анхаарал хандуулах шаардлагатайг тэмдэглэж байна.  Тайлан нь Монгол Улсын Эрүүгийн хуульд хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлага, үндэслэлгүйгээр хөрөнгөжих зэрэг шинэ ойлголтуудыг оруулсныг эерэг дэвшил гэж үзэж байгаа бөгөөд цаашид олон улсын стандартад нийцүүлэн, илүү сайжруулахыг зөвлөж байна.

Тайлан нь Монгол Улсад дараах нэмэлт зөвлөмжүүдийг өгч байна:

  • Төрийн албаны улс төржсөн байдал, томилгоонд гардаг хууль бус үйлдлүүд болон улс төрийн өөрчлөлт гарах бүрт албан хаагч нар өөрчлөгддөг асуудлуудыг шийдэрлэж, шаардлагатай арга хэмжээ авах,
  • Авлигатай тэмцэх газарт хяналт тавих үүрэгтэй Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг шударга, ил тодоор сонгон шалгаруулах, хариуцлагатай байдлыг нь хангах,
  • Авлигын эсрэг үндэсний хөтөлбөр ба Арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллагуудын хэрэгжилтийг сайжруулах,  авлигын эсрэг шинэтгэлийг ахиулахад Авлигатай тэмцэх газартай хамтран ажиллах,
  • Авлигын том хэргүүд, өргөн тархсан ашиг сонирхлын зөрчлийн асуудлуудыг анхаарч авч үзэх, олон төрлийн эх сурвалж, задлан шинжилгээний арга хэрэгслүүд ашиглан өндөр түвшний,  авлигын том хэргүүдийг илрүүлэх, мөрдөх, яллах хүчин чармайлтаа нэмэгдүүлэх,
  • Төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийн системчилсэн хяналт шалгалт, үүссэн байж болзошгүй зөрчлийг үргэлжлүүлэн шалгах ажлыг эрчимжүүлэх,
  • Авлигын гэмт хэргийн тусгайлсан мөрдөгч, прокуроруудын чадавхийг сайжруулах,
  • Иргэний нийгмийн байгууллагатай идэвхтэй хамтран ажиллах.
  • Тайлан нь мөн улс төрийн түвшний авлигын асуудлыг гүнзгийрүүлэн судалсан бөгөөд энэ төрлийн авлигын өндөр эрсдлүүдийн талаар зөвлөмжүүд өгсөн. Монгол Улсыг нэн яаралтай улс төрийн намын санхүүжилтийг зохицуулах эрх зүйн цогц орчныг бий болгож, үр дүнтэй хэрэгжилтийг нь хангаж ажиллахыг шаардаж байна.
  • Тайлан болон зөвлөмжийг бүтнээр нь ЭНД ДАРЖ үзэж болно.
  • Тайлан Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD) - ын Хээл хахуулийн эсрэг ажлын хэсгийн бүс нутгийн санаачлага болох Зүүн Европ, Төв Азийн Авлигын эсрэг сүлжээний нэг хэсэг болон 2013 онд эхлүүлсэн Истанбулын Үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд хэвлэгдсэн болно. Дэлгэрэнгүй мэдээлэл:  www.oecd.org/corruption/acn/.



Эх сурвалж: www.iaac.mn

www.oecd.org