Ном уншдаг хүн номыг хайрладаг. Ном уншдаггүй хүн түүнийг цаас гэж л хардаг. Түүнийг галд шатаахдаа юман чинээ боддоггүй. Үүнтэй адил байгалийг мэддэг хүн байгалиа хайрладаг. Харин мэддэггүй хүн түүнийг тоодоггүй. Байгаль хамгаалалын тухай ярьсан ч өөр зүйл бодож суудаг. Тиймээс өндөр хөгжилтэй улс орнууд төвөөс зах хүртэл, бүх чиглэлд газар нутаг дээрээ ургаж буй ургамал, амьтан, жигүүртэн бүртгэн судлаж, ач холбогдол, зориулалт хэрэглээгээр нь төрөлжүүлж, хүүхдүүдээ байгаль орчны мэдлэгээр дамжуулан танин мэдүүлж байна. Эрүүл мэндэд ашиг тустай ургамлуудаа эдийн засгийн эргэлтэнд оруулж тариалж хэрэглэж боловсруулж байна.

Багваахай цэцгийн постоос байгалийг сүйдлэхийг уриаллаа гэж шүүмжлэх нэгэнд хэлэхэд үүнийг би баталсан юм биш. Угаас олон зуун жилийн хэрэглээний уламжлалтай. Өнөөдөр бид өөрсдийн байгаль, ан амьтан, жигүүртэн шувуудыг хангалттай мэддэггүйгээс гадныхны хоол болгож байдаг. Жишээ нь малчин Пүрэв энэ цэцгийн хэрэглээний тухай огт мэддэггүй. Харин мэддэг нэг хятад шуудайгаар нь түүгээд аваад явахад хэн ч хэрэглэхгүй энэ хогийн ургамлаар энэ хятад яах нь вэ гээд тэр бодоод өнгөрнө. Харин ач холбогдлыг мэддэг, хэрэглэдэг байсан бол түүнийг хамгаалахыг тарьж ургуулахыг хүснэ.


Бэлэн байгаа мэдлэгийг нуух нь өнөө нэг их ач холбогдолгүй бөгөөд өөр нэгэн үүнийг мэдэж л байдаг. Ер нь аливаа болохгүй бүтэхгүй байгаа асуудал юмыг таньж мэдээгүйгээс, ойлгохгүйгээс үүсдэг. Аливаа ухамсар юмыг таньж мэдэхээс сууж эхэлдэг. Аль хэдэн зуун жилийн өмнө танин мэдэгдсэн хэрэглээ болсон мэдлэгийг нуух, мэддэгээ хэлэхгүй байх, ганцаараа түүнийг хэрэглэх, ганцаараа мэддэг байх гэсэн аминч сэтгэлээ хөгжлийг үргэлж хүлж байдаг.


Бид байгалиа хайрлая гэвэл түүнийг танин мэдэж, хэрэглээндээ оруулж үр шимийг нь хүртэх хэрэгтэй юм. Байгаль хамгаалалд ч бас түүнийг судлах зөв хэрэглэх багтдаг. Модны ач холбогдлыг мэддэггүй, түүний тухай өчүүхэн ч ойлголтгүй хүмүүс тооддoггүй, тайрахдаа ч юм бодоогүй. Харин энэ тухай хичээл дээрээ багшаар заалгаж, түүнийг судалсан сурагчид модтой ойр өсөөгүй ч модыг хугалж болохгүй гэдгээ мэдэж байдаг. Юмыг ойлгож мэдсэний дараа хүнд зөв хэрэглээ үүсдэг болохоос хүн мэддэггүй зүйлдээ санаа тавьдаггүй, түүнийг хайрладаггүй.