Залуу судлаачдыг дэмжих сангийн тэргүүн, Системчлэх үйлчилгээний ТУС Солюшн ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Жаргалсайханы нийтлэлээс хүргэж байна.

Танд асуудал бий болгосон таны сэтгэлгээ хэвээрээ байгаа бол таны асуудал хэвээрээ байсаар л байх болно. /Альберт Эйнштейн/

Энэ хорвоо, дэлхий дээр  асуудалгүй нэг ч хүн, нэг ч нийгэм, байгууллага, гэр бүл байхгүй. Асуудал бидний цэгцгүй сэтгэлгээний үр дагавар. Бидний бүтээгдэхүүн, хүүхэд гэж ч нэрлэж болох байх. Асуудал тулгарна гэдэг нь бид, би ямар нэгэн хийж байгаа зүйлийнхээ төлөвлөлт, хэрэгжилтэн дээр аль нэг оюуны шийдлийг дутуу гаргачихсан хэрэг. Өөрөөр хэлбэл дутуу судалсан, дутуу төлөвлөсөн, дутуу хэрэгжүүлсэн гэсэн үг. Харин тулгамдсан асуудлаа нуудаг газар их бий. Жишээлбэл манай хуучин нийгэм. Бүх юм сайхан байна гэж худлаа хэлж, ард түмнээ төөрөгдүүлж сурталддаг. Манай өнөөгийн нийгмийн хамгийн том давуу тал нь бид бүгдээрээ асуудалтай гэдгээ мэдэж байна.

Таны ярьж хэлж байгаа үг бүхний цаана ойлголт бий. Судалгаагаар хүн өдөрт дунджаар 4800 үг хэлдэг гэсэн байх юм. Гэтэл бид илэрхийлж буй ойлголтыг нь бүрэн таньж мэдээгүй маш олон үгсийг өдөр тутмын яриандаа ашиглаж байдаг байна. Жишээлбэл, хэрэгцээ, зорилго, асуудал, төлөвлөгөө г.м дурдаад дуусахгүй. 

Хүн бүхэнд хамааралтай, нийтлэг ашигладаг ойлголтын нэг бол яах аргагүй ХЭРЭГЦЭЭ юм. Надад байшин, машин, өндөр цалинтай ажил, хувцас хэрэгцээтэй байна гэх мэтчилэн бид өдөр тутамдаа энэ үгийг ашигладаг.


Тэгвэл та “Хэрэгцээ” гэдэг ойлголтыг мэдэх үү? 

Үүнийг шалгах тун амархан. Та “хэрэгцээ”-г өөрийнхөө мэддэгээр нэг өгүүлбэрт багтаан томьёолж бичээрэй. Хэрвээ 30 секундын дотор томьёолж бичиж чадахгүй бол та энэ ойлголтыг мэддэггүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, таны оюун санаанд хэрэгцээний тухай мэдлэг байхгүй гэсэн үг юм. Харин дээрхи хугацаанд амжаад биччихвэл ямар нэгэн байдлаар урьд нь энэ талаар бодож эргэцүүлээд үзчихсэн гэсэн үг юм. 

Нийтлэг хэрэглэдэг ойлголтуудаа таньж мэдээгүйгээс гэр бүлийн гишүүд, ажлын хамт олон, найз нөхдийн хооронд ойлголтын зөрүү үүсдэг. Үүнээс болж олон сөрөг үр дагаврууд бидэнд учирдаг. 

Бид 1990 онд ардчилалыг тунхаглан бүгд л нэг зэрэг гараанаасаа гарсан. Үүний цаана ямар гэнэн бодол байсан бэ гэхээр капитлизм гэдэг мөнгөний төлөө амьдрал юм гэж ойлгочихсон явдал юм. Мөнгөтэй л бол бид кока кола ууж, марлборо татаж, Мерседес бенз унаад америк маягийн тансаг хауст сууж амьдын жаргалыг эдлэнэ  гэж төсөөлөөд бүгдээрээ л мөнгө, хөрөнгөний араас зүг чиггүй давхичихсан хэрэг. Өөрөөр хэлбэл,амьдралынхаа утга учрыг мөнгөөр хэмжсэн. Харин одоо бид давхиж давхиж байгаад бахардаад зогсч байна. Тэгэх ч ёстой юм. 

Эргээд харахад зарим нь хөрөнгөжиж, нэг хэсэг нь тааруухан л амьдарч байгаа. Тэгсэн хэрнээ бүгд аз жаргалгүй. Бүр бие биедээ туслах сайхан үйлдлийг хүртэл мөнгөтэй холбож тайлбарладаг.

Хуучин нийгмээс уламжлагдан бидний тархинд амь бөхтэй байгаа тэр суурь ойлголтын хамгийн аюултай нь энэ юм. Гэтэл Макс Нееф дээрхи  9 хэрэгцээ бие биетэйгээ уягдчихсаныг тодорхойлчихсон. 

Өөрөөр хэлбэл, өлссөн хүн талхаа олж идэхийн тулд танин мэдэж, бусадтай хамтарч ажиллахаас аргагүй юм. Түүнээс биш мөнгөтэй болох тухай яриагүй. Сонирхолтой нь Макс Неефийн ангилалд шуналтай байх гэсэн хэрэгцээ байдаггүй.

Гэтэл манай нийгэмд бие биенийхээ хийж буй зүйлийг “Энэ муу шуналаараа ингэж яваа юм. Би үүнээс дутдаг юм уу” гэж хавчдаг, барьцдаг сэтгэлгээний дутагдал яваад байна.

“Али Баба”-гийн үүсгэн байгуулагч Жэк Ма эсвэл Майкрософтын үүсгэн байгуулагч Билл Гейтсийн өнөөдөр хийж байгаа бүх зүйлийг материаллаг хэрэгцээ, шунахайн сэдлээр  тайлбарлаж яагаад ч болохгүй. 

Эдгээр эрхмүүд материаллаг хэрэгцээгээ хангачихсан төдийгүй өнөөгийн  нийгмийн маш олон хүмүүсийн амьдралыг хөнгөвчлөх , сайжруулах чиглэлээр өдий төдий олон санаачилга гарган ажиллаж түүгээрээ дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөөд байгааг харж болно. Өөрөөр хэлбэл, нийгэмд үнэ цэнийг бүтээж түүгээрээ бахархах , бусдаас ялгарах тийм хэрэгцээгээ хангаж байна гэсэн үг.