Зүүн Европ, Төв Азийн бүс нутагт Монгол Улс болон ОХУ-ын санхүүгийн зохицуулах байгууллагуудын удирдлагад эмэгтэйчүүд ажиллаж байна гэсэн мэдээллийг Санхүүгийн хүтээмжийн нийгэмлэг (СХН, Alliance for Financial Inclusion, AFI) гишүүн орнууддаа явуулсан Жендерийн зөрүүтэй байдлын судалгаанд онцолжээ. СХН бол эдүгээ дэлхийн хөгжиж буй 92 орны 107 төв банк, санхүүгийн зохицуулагч байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн олон улсын санхүүгийн салбарын бодлогын томоохон бүтэц юм.

Дэлхийн дахины санхүүгийн жендерийн тэгш бус байдлыг шинжлэх, сайн туршлага, санаачилга болон тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох, зөвлөмж гаргах зорилготой уг судалгаагаар санхүүгийн зохицуулах байгууллагууд зах зээлийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн өсөлтийг дэмжих тэргүүн үүрэгтэй байгааг дүгнэж, хөгжиж буй орнуудад жендерийн зөрүүтэй байдалд төдийлөн анхаарал тавихгүй байгааг анхааруулсан байна.

Нийгэмлэгийн гишүүн байгууллагуудын хүрээнд жирийн албан хаагчдын 42 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг бол энэ тоо удирдлагын түвшинд 20 хувь хүртэл буурсан байгааг судалгаанд дурдан, ялангуяа, Ази, Латин Америк болон Карибын тэнгисийн орнууд, мөн Африкийн орнуудад санхүүгийн зохицуулагч байгууллагуудын удирдлагын бүрэлдэхүүнд эмэгтэйчүүд ажиллахгүй байгааг анхааруулсан байна.

Мөн санхүүгийн хүртээмж дэх жендерийн тэгш байдалтай холбоотой зарим сонирхолтой тоо баримтуудыг судалгааны тайланд тусгасан байна. Тухайлбал, Йордан улсад эмэгтэйчүүд эрчүүдээс илүү хадгалах хандлагатай (15.1%, 11.6%) ч, албан бус санхүүжилтын хэлбэрийг илүүтэй ашигладаг бол Ойрхи Дорнодын эмэгтэйчүүдийн 82 хувь нь гар утас эзэмшдэг атлаа ердөө 9.0 хувь нь мобайл банк ашигладаг байна