СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ-д нүүрлээд буй ган гачигаас үүдэлтэй хоол хүнсний хомсдолыг даван гарахад туслах зорилгоор ОХУ-аас 4000 тонн орчим улаан буудай илгээсэн талаар Пёньян дахь Оросын Элчин сайдын яамнаас /ЭСЯ/ лхагва гарагт мэдээлжээ.

ЭСЯ-ны цахим хуудсанд мэдээлснээр, БНАСАУ-д лхагва гарагт 2895 тонн, үүнээс хэд хоногийн өмнө 1100 тонн улаан буудай тус тус ирсэн байна. Энэхүү тусламжийг Дэлхийн хүнсний байгууллагаар /WFP/ дамжуулан хүргэжээ. ЭСЯ мөн өнгөрсөн хоёр, гурав, дөрөвдүгээр сард хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн бөгөөд уг тусламжийг бага насны хүүхдүүд болон жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэсэн байна. 

"Өнгөрсөн онд БНАСАУ 2008 оноос хойшхи хамгийн бага хэмжээний ургац хураасан бөгөөд үүнтэй холбоотойгоор тус улсын 10 сая орчим иргэн буюу нийт хүн амын 40 орчим хувьд хүнсний тусламж нэн шаардлагатай байна" гэж Дэлхийн хүнсний байгууллага, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хамтарсан тайланд мэдээлсэн билээ.  

Эх сурвалж: Монцамэ агентлаг