ОСАКА. /RIA Novosti/. ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын Японы Осака хотод болж буй “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр хийсэн уулзалт бүтэн хагас цаг үргэлжилж, дууслаа.

Хоёр улсын Ерөнхийлөгч нарын мэдэгдсэнээр, хоёр тал төдийгүй дэлхий дахин хоёр орны харилцааг сайжруулах сонирхолтой байна.

“Путин, Трамп нар мөн Иран, Сири, Венесуэл болон Украины байдлыг хэлэлцсэн” гэж Цагаан ордны твиттер хуудсанд гарсан мэдээлэлд дурджээ.

Оросын талаас уулзалтад ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков, туслах Юрий Ушаков, Гадаад хэргийн сайд Сергей Лавров, тэргүүн дэд шадар сайд бөгөөд Сангийн сайд Антон Силуанов нар оролцсон байна. Харин Трампыг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан туслах Жон Болтон, зөвлөх Фиона Хилл, Сангийн сайд Стив Мнучин, Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргаар саяхан томилогдсон Стефани Гришэм нар дагалджээ. Уулзалтад мөн Америкийн Ерөнхийлөгчийн охин Иванка болон Трампын ахлах зөвлөх, хүргэн Жаред Кушнер оролцсон байна.

Хэлэлцээ эхлэхийн өмнө сэтгүүлчид Америкийн удирдагчид хандан АНУ-ын сонгуулийн үйл явцад хөндлөнгөөс оролцохгүй байхыг Путинд уриалахыг хүсжээ. Трамп хүсэлтийг биелүүлж, хоёр орны Ерөнхийлөгч нар нөхөрсөгөөр инээмсэглэсэн байна.

ОХУ болон АНУ-ын Ерөнхийлөгч нар гурав дахь удаагаа биечлэн уулзаж байгаа нь энэ юм. Тэд ихэвчлэн утсаар ярьжээ.

Үүнээс өмнө хоёр улсын Ерөнхийлөгч нар Буэнос-Айрес хотод болсон “Их 20”-ийн уулзалтын үеэр товчхон ярилцсан байна. Тухайн үед Трамп Керчийн хоолойд болсон үйл явдлын улмаас Путинтэй хийх уулзалтаа цуцалсан юм.

Үүнээс гадна, Путин, Трамп нар өнгөрсөн оны зун Хельсинкид уулзсан билээ.


 


Эх сурвалж: Монцамэ агентлаг