Шинэ коронавирустэй холбоотой асуулаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Сүүлийн өдрүүдэд манай хойд хөрш ОХУ-д өвчлөлийн тоо тогтмол нэмэгдэж, халдвар Москва хотод зонхилж байсан бол бусад хотууд руу тархжээ.

Энэ талаар ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "ОХУ-д сүүлийн 24 цагт коронавирусийн 4000 гаруй тохиолдол шинээр бүртгэгдэж, 44 хүн нас баржээ. Улмаар нийт өвчлөгсдийн тоо 47.000 давлаа. Мөн Буриадад 24 цагийн хугацаанд 28 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт 153 тохиолдол боллоо. 

Үүнийг ОХУ-ын эрдэмтэд дүгнэхдээ өвчлөлийн өсөлт Москвагаас бусад бүс нутагт шилжиж, 2-3 долоо хоногт оргил үедээ хүрнэ гэдгийг анхааруулсан. Иймд Москва хотын болон ОХУ-ын иргэдийг хөл хорионы дэглэмээ чанд сахих нь чухал. Ялангуяа айлаас долоо хоногт нэг хүн нэг удаа гэрээс гарч эмнэлэг, эмийн сан, дэлгүүр орох, ингэхдээ хүмүүс хоорондоо 1.5 метрийн зайтай байх шаардлагатайг мэдэгдсэн.

Өвчний явц хөнгөн хэлбэртэй байснаа гэнэт хүндэрдэг тул өвчнийг хөнгөн гэж үзэж болохгүйг ОХУ-ын Эрүүл мэндийн сайд иргэддээ онцгойлон анхааруулсан байна. Өвчин хоёр, гурав дахь давалгаагаар дахин гарах магадлал өндөр байгаа тул амны хаалт, ариутгалын бодис, шаардлагатай тоног төхөөрөмжийн улсын нөөцийг нэмэгдүүлж буй юм байна. Тухайлбал, өдөрт 3.5 сая маск үйлдвэрлэж байсан бол одоо өдөрт 7.7 сая маск хийж, хүн бүрийг маск зүүхийг шаардаж байна.

Харин ОХУ-д үйлдвэрлэсэн коронавирусийн эсрэг вакциныг зургадугаар сарын 01-ний өдрөөс сайн дурын хүмүүс дээр турших буюу вакцины хоёрдугаар шатыг эхлүүлнэ гэж мэдэгдсэн" хэмээлээ.