ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оросын хууль сахиулахын ажилтнуудыг Беларусьд оруулахаар бэлэн байлгаж байгаа тухай өчигдөр төрийн өмчийн Россия телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.

Тэрээр хэлэхдээ Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн хүсэлтээр тус улсад үүсээд байгаа нөхцөл байдал, олныг хамарсан жагсаал цуглаан хэрэв хяналтаас гарвал "тодорхой цэрэг цагдаагийн хүчнийг" оруулахаар бид тохирсон гэжээ.

Наймдугаар сарын 9-нд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцсэн хэдэн зуун мянган иргэд тогтворгүй байдал үүсгэж магадгүй болоод байна. Өнгөрсөн Ням гаригт Ерөнхийлөгч Лукашенко болон түүний 15 настай хүү Коля нар Минск хотын төв дэх ерөнхийлөгчийн ордон дээр сум нэвтэрдэггүй хантааз өмсөж, автомат буу барьсан нисдэг тэрэгнээс бууж буй дүрс бичлэг нийгмийн сүлжээгээр тархсан юм.