Ирэх жил Японы нийслэл Токио хотноо болох зуны Олимпын наадмын үеэр хүчтэй газар хөдлөлт болж болзошгүй байгаатай холбогдуулан тус улсын Зам тээврийн яам гадны зочдод яаралтай тусламж үзүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүд авахаар төлөвлөжээ.

Ирэх 30 жилийн дотор Токио хотод 7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болох магадлал 70 хувьтай байгаа гэсэн судалгааг Японы албаны хүмүүс гаргасан билээ. Хэрвээ ийм хүчтэй газарт хөдлөлт болбол Токио хотын 610 мянга орчим байшин барилга сүйдэж, 23 мянган хүн амиа алдах магадлалтай гэж тус улсын Засгийн газар таамагласан байна.

Японы Засгийн газар энэхүү арга хэмжээний хүрээнд газар хөдлөлтийн үед нүүлгэн шилжүүлэлтийн бүсийг заасан тэмдэг тэмдэглэгээнүүдийг нэмэгдүүлэх болон жуулчдыг яаралтай буцаах тусламжийн үйл ажиллагааг гал тэрэг болон нисэх онгоцны буудлуудад бий болгох ажээ. Үүний зэрэгцэээ гадаадын зочдод зориулсан газар хөдлөлтийн аюулаас урьдчилсан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэх цахим хуудас ажиллуулахаар төлөвлөжээ.

Мөн гамшгийн үед тээврийн аюулгүй байдлыг хангах зорилгоор усан боомтын оператор, тээврийн компаниудтай нягт хамтран ажиллахаар төлөвлөсний зэрэгцээ ложистик болон дэд бүтцийн яаралтай тусламж, дэмжлэгийг үзүүлэх зорилгоор Техникийн онцгой байдлын хяналтын хүчин байгуулахаар төлөвлөсөн байна.

Ирэх жилийн долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 25-ны хооронд болох зуны Олимпын наадмыг үзэхээр гадаад, дотоодын 10 гаруй сая жуулчин Токио хотод ирэх төлөвтэй байна гэж Засгийн газрын мэдээлэлд дурдав.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

/Kyodo/