Даваа гарагт Шанхай хотноо эхэлсэн Олон улсын импортын анхны үзэсгэлэнгийн үеэр БНХАУ-ын дарга Си Жиньпин уг үзэсгэлэнд оролцож буй гадаадын бизнес эрхлэгчдийн төлөөлөгчидтэй уулзсан байна.

Энэ жил Хятад улс нээлттэй бодлого баримталж эхэлсний 40 жилийн ой тохиож буйг БНХАУ-ын дарга онцлон тэмдэглээд, манай улс хүн төрөлхтөний хамтын ирээдүйг бүтээхийн төлөө олон улсын нийгэмлэгүүдтэй хамтран ажиллаж байна гэж хэлжээ.

“Хятад улс нээлттэй цуврал бодлогуудыг танилцуулсаар байгаа бөгөөд ийм төрлийн бодлогыг цаашид баримтлах болно. Олон улсын импортын үзэсгэлэн бол тэдгээрийн нэгээхэн хэсэг юм” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Мөн гадаадын компаниудыг Хятад улсад хөрөнгө оруулах хийгээд үйл ажиллагаагаа явуулахад таатай орчныг үргэлжлүүлэн санал болгохоо мэдэгджээ.

Даваа гарагаас эхлэн зургаан хоногийн турш үргэлжлэх уг үзэсгэлэн нь дэлхийн анхны импортын үзэсгэлэн гэдгээрээ онцлог ажээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, https://www.xinhuanet.com