Гашуун сухайт дээр нүүрс тээвэрлэсэн машинууд зуу гаруй км-ын цуваа үүсгэж хагас сар дугаарлаж байна. Тэнд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар “Эрдэнэс Монгол” компанийн дэд захирал О.Одбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-Гашуун сухайт чиглэлийн авто зам ачаалал ихтэй байна гэсэн мэдээлэл бий. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Гашуун сухайт чиглэлийн авто зам дээр өнөөдрийн байдлаар 100 километрийн урт цуваа үүсээд байна. Гашуун сухайт авт озамаар 1600 гаруй авто машин гардаг байсан. Өнөөдрийн хувьд гуравны хоёр нь байхгүй болж, цөөрсөн. Оны эцсийн борлуулалтанд нөлөөлөх нь ойлгомжтой. Өнгөрсөн жилийн нөхцөл байдалтай харьцуулах юм бол энэ жил олон талын ашигтай борлуулалт хийсэн. Нийт 20 гаруй сая тонн нүүрс тээвэрлэн гаргасан байна. Зургаан сарын сүүлээр 30-аад сая тонн нүүрс тээвэрлэх бололцоотой юм байна гэсэн тооцоолол гарсан. Гэвч  хил гаалийн ийм  асуудлаас  болж нэвтрэх чадвар суларч буурч магадгүй байна. 

-Нүүрс тээвэрлэсэн машинуудын тоо хилээр гарах нь эрс цөөрсөн нь яг ямар шалтгаантай юм бол. Хятадын талтай ярилцсан зүйл байна уу? 

-Нэвтрэх чадвар суларсан нь аль аль талаасаа шалтгаалж байна. Хятадын талд ч бий. Шулуухан хэлэхэд манай жолооч нар зөвшөөрөлгүй мах тээвэрлэж урагш нь хил давуулж байна. Элдэв хориотой бараа ч тээвэрлэж байгаа нь нууц биш. Энэ үйлдэл Хятадын хил гаалийн чангарахад нөлөөлсөн. Өмнө нь Хятадын гааль автомашинуудыг маш шуурхай хил нэвтрүүлж нэг минутанд нэг машин гаргадаг байсан. Гэтэл одоо хүнсний аюулгүй байдлаас эхлээд хэд хэдэн шалтгаанаар шалтгалтаа өргөжүүлчихлээ. Үүнд зөвхөн Хятадын талыг буруутгах аргагүй. Дотооддоо тээвэрлэгч байгууллагууд сахилга баттай байх хэрэгтэй. Нэг машин сардаа дөрвөн удаа хил нэвтэрч нүүрс тээвэрлэдэг байсан бол энэ тоо нэг дахин багасч хоёр удаа болоод ирэхээр өөрсдийнх нь орлого буурна. Тээврийн компанидаа ч ашгийн хувьд нөлөөлнө шүү дээ. Тиймээс хаа хаанаа анхаараад, засаж залруулаад Хятадын талтай уулзаж ярилцаад тэдний талын хууль дүрмийг баримтлана гэдгээ илэрхийлэх нь зөв. 

-Тээврийн цуваа үүссэнтэй холбоотойгоор авто замын байдал ч нэлээдгүй асуудал дагуулж байна. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Энэ зам дээр 65 тонны даацтай машин явдаг. Дээр нь зам нь хуучирсан. Тиймээс энэ жил Гашуун сухайтын замыг 12 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар дөрвөн хэсэг болгож заслаа. Энэ чиглэлийн замыг байнга засч, хогийг нь цэвэрлэж, жолооч нарын аюулгүй байдал тал дээр ч анхаарлаа хандуулж байна. Цагдаагийн газартай хамтраад гэрээт цагдаа гарч хяналт тавьж ажиллаж байна.

-Гашуун сухайт боомт дээр нүүрс буулгахгүй гэж байгаа. Тэгэхээр оочерлож байгаа автомашинуудыг хил давах хүртэл нь ямар байдлаар зохицуулж байгаа вэ?

-Гашуун сухайт дээр 500 автомашины зогсоолтой болгохоор засварын ажил эхэлсэн. Жолооч зогсоолд автомашинаа хонуулаад цааш хил гарч байхаар зохицуулахаар төлөвлөөд ажиллаж байна. Энэ зогсоолыг гурван сарын дараа гэхэд ашиглалтанд оруулна гэж тооцоолж байгаа юм.

-Нүүрсний тээвэрлэлт идэвхжих энэ цаг үед хил давах нь удаашралтай байгаа нь нэг талаараа зах зээлийн боломжоо алдаж байна гэж харагдаж байна?

- Тиймээ. Нүүрсний зах зээлийн хувьд намрын гурван сар хамгийн сайн улирал. Энэ нөхцөл байдлаараа байсан ч борлуулалтаараа өнгөрсөн жилийнхээс хамаагүй давж биелнэ. Гэхдээ бид боломжоо гүйцэд ашиглаж чадахгүй, алдаж байгаа гэсэн үг л дээ. 

-Тээвэрлэгч компаниудтай уулзсан уу?

-Тээвэрлэгч компаниудтай уулзаж, сануулж байгаа. Гашуун сухайтын зам дээр зургаан мянган машин явж байна. Түүний цаана эздүүд нь гэж бий. Тиймээс тээвэрлэгч компанийн захиралууд жолооч нарынхаа эрүүл мэнд, аюулгүй байдал, амрах орчин зэргийг нь бүрдүүлж өгөх ёстой байдаг. Гэтэл сүүлийн үед асуудал гарахаар л бүгдийг нь зам руугаа чихээд байдаг. Энэ зам дээр аюулгүй ажиллагаа, нэвтрэх чадвар гээд маш олон харилцаа явж байгаа. Зам руугаа буруугаа чихэх биш, хүний хүчин зүйл нөлөөлнө гэдгийг анхаарах хэрэгтэй.