Гарааны компаниудын хамгийн их төвлөрдөг газар бол coworking space буюу хямд үнээр ажлын байр түрээслэх үйлчилгээ юм. Ирээдүйд “чулуу” болох гоё санаа өвөртөлсөн, эсвэл дөнгөж бизнесээ эхлүүлж байгаа залууст хамгийн тохиромжтой орчин. Гарааны бизнес эрхлэгчид нэг дор цугладаг учраас санал бодлоо солилцох, бизнесийн ментороос зөвлөгөө авах цаашлаад хөрөнгө босгох гээд олон боломж энд бий. 

Хүссэн үедээ сууж ажиллан тухайн клубын зохион байгуулсан арга хэмжээнд оролцон бизнес загвараа хөгжүүлэх гээд олон давуу талтай. Зөвхөн гарааны бизнес ч гэлтгүй орчин үеийн компаниуд уламжлалт оффисоос татгалзаж энэ чиглэлийн тав тухтай, бүтээмжтэй орчныг бүрдүүлэхэд чиглэжээ. Зүүн өмнөд Азийн орнууд тэр дундаа Шанхай Сингапурт энэ чиглэлийн оффис хүчтэй хөгжиж байна. 2016 оны байдлаар Азид энэ чиглэлийн үйлчилгээ явуулж буй 10 мянган газар ажилладаг гэсэн статистик бий. Энд ажил олгогчийн хүсдэг өндөр үр бүтээмж, ажилтны хүсдэг тав тух хосолсон байдаг учраас л хүмүүсийн анхаарлыг татаж буй. Ганцаараа дөрвөн хананы дунд ажиллаад байхаас илүүтэй бусдаасаа суралцах том давуу талтай. Эхлэл хөрөнгө шаардахгүй энэ газар зөвхөн нөөтбүүкээ аваад очиход л болно. 

Work central буюу зорилтот гарааны бизнес эрхлэгчдийн цуглаан

Сингапур дахь Work central төвийн хоёр дахь салбар байгуулагдаад хориод хонож буй. Цоо шинэхэн бас Сингапурт туршигдсан дундын оффисын салбар юм. Энэ төвд бүртгэлтэй бол Сингапур дахь төв салбарт нь үнэгүй сууж боломжтой. 

Work central-ийн хоёр дахь салбар Сүхбаатарын талбайгаас хойш нэг км буюу Р.Гандигийн нэрэмжит Үйлдвэр урлалын сургуулийн хойно байрлах “Pro-1” цамхагт байрладаг.  Байгуулагдаад удаагүй ч аль хэдийнэ өөрсдийн гишүүдтэй болсон. Work central-ын зорилго бол зүгээр л сандал ширээ түрээслэх биш илүү зүтгэлтэй, тууштай залуусыг ирээдүйд бизнес эрхлэхэд нь дэмждэг гарааны бизнес эрхлэгчдийн амжилтын төв болохоор ажиллаж байна. Үүсгэн байгуулагчид нь “Start up Mongolia” ТББ учраас зургаан жилийн туршлага, боловсон хүчин, чадварлаг менторуудтай. Одоогоор сургалт, тэмцээн, лекц зохион байгуулж буй. Энэ сард TEDex  гэх мэтчилэн долоон арга хэмжээ төлөвлөөд байгаагийн дөрөвт нь гишүүд нь хамрагдах ажээ.

Гарааны компаниудыг нэг газар ийнхүү цуглуулах нь олон талын хожоотой. Тус төвийнхөн залууст зөвлөгөө өгч, шаардлагатай хүмүүстэй нь холбож өгдөг. Мөн ажил хэрэгч, эрч хүчтэй орчин бүрдүүлснээр залуусыг шантралгүй ажиллахад нөлөөлдөг аж. Ирэх таван жилийн дотор ахин гурван салбар нээхээр төлөвлөжээ.

Ажилсагуудын үүр SMS-Startup Marketing Space

Энэхүү дундын оффис Драмын Театрын хажууханд Business Tower-ийн 19 давхарт байрладаг. Давуу тал нь мэргэжлийн ментор зөвлөхүүдтэй. Монголын үндэсний маркетингийн холбооны санаачилгаар байгуулагдсан тус төв өнгөрсөн наймдугаар сард нээгджээ. Орчины хувьд тод өнгийн бүтээлч шийдлүүдтэйгээрээ анхаарал татдаг,  сандал, ширээ, гэрэл бүх зүйл нь тав тухтай мэдрэмж төрүүлдэг.

Гарааны бизнес эрхлэгчдэд зориулсан зөвлөгөө, судалгаа, мэдлэг мэдээллийн бааз  сайтай. Хэрэв та ямар нэгэн бизнес эрхэлдэг бол энд ирээд сонирсон чигдлэлийнхээ судалгаатай танилцах, мэргэжлийн зөвлөгөө авах бүрэн боломжтой. Одоогоор технологи, үл хөдлөх болон эко бордоо хийдэг компаниуд суурьшин ажиллаж байна.

Энэхүү дундын оффисийг ашиглахыг хүсвэл 20 мянгаас 300 мянга хүртэлх төгрөгийн төлбөр төлж бүртгүүлдэг. Тэд өөрсдийн нэрийн SMS эвентүүдээс гадна байгууллагуудтай хамтран эвентүүдийг нь зохион байгуулж өгдөг. Тухайлбал  маргааш тус төвөөс бүх цагийн шилдэг 100 номын нэг “Сэтгэх урлаг” номын зохиогч, Шведийн топ 10 илтгэгчийн нэг Фредрик Харен Монголын гарааны бизнес эрхлэгчдэд зориулж “Би хэрхэн ажилладаг вэ?” лекцээ  унших гэж байна. Энэ оффисийн хэвлэх машин компьютерээс эхлээд хаалга гээд бүгд гишүүнчлэлийн картаар ажилладаг.

Уран бүтээлчдийн орчин  Creative Club

Хурц тод өнгөний шийдэл, амарч тухлах буйдан, цэлгэр цонх гээд яах аргагүй уран бүтээлчдийн орон зайг бүрдүүлж чадсан энэ газар бол Creative Club. Гишүүд нь  ч зураач , дизайнер, зурагчин, сэтгүүлчид. Улаанбаатарт байгаа уран бүтээлчдэд зориулсан ганц дундын оффис. Телевиз, дуу бичлэгийн студи, хэвлэх үйлдвэр зэргээр ашиглах боломжтой. Одоогоор сургалт голдуу явуулж буй тус газар Хан Уул дүүргийн 19 дүгээр хорооны Гэрэл+Медиа Группийн байранд байрладаг. Гишүүдээ шалгуураар авдаг, уран бүтээлчдээр дамжуулан нийгэмд гэрэл гэгээтэй мэдээ мэдээлэл түгээх зорилготой. Одоогоор тус байгууллага сургалт голдуу явуулж байна. Харин ирэх жилээс уран бүтээлчдийн идэвхжүүлэх олон том төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Анхны дундын оффис Clubcoworking

Club Coworking бол Улаанбаатар хотод байгуулагдсан анхны томоохон дундын оффис юм.  ICC Tower-ийн 13 давхарт байрладаг. Хотын төвд байрладаг хамгийн хурдан интернэттэй, байршил сайтайгаараа давуу талтай. Дундын оффис хэрэглэгчдийн аль хэдийнэ танил болсон газар. Мөн багавтар номын сан, фитнес төвтэй. Тус төвийнхөн энэ сарын 11-нд болох “Би хэрхэн бүтээсэн бэ?” уулзалтдаа “Ид Шидийн Орон” төслийн санаачлагч  Б.Ганжавхлан ба түүний нөхдийг урьжээ. Түүний хувьд энэ удаа тус төслөө хэрэгжүүлэхийн тулд хийсэн ажил, туршлагаасаа хуваалцах ажээ. Уулзалтаас олсон орлогыг “Ид Шидийн Орон”-д хандивлаж ажээ. Нэмж хэлэхэд Club Coworking гишүүдийн хөнгөлөлт болон үнийн талаар аль болох уян хатан бодлого барьдаг.